Олон улсын хэвлэлүүд В.Путины айлчлалыг ингэж үнэлжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 04-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Монгол-Орос-Япон

Олон улсын Ройтерс агентлаг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн айлчлалыг ОХУ болон Япон улс хоорондын харилцаатай холбон тайлбарлаж байгаа юм байна.

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уулзалтын эхэнд “Манай хоёр улсын хамтарсан түүхэн ялалт болох Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж байна. 1939 оны түүхэн үйл явдал, баатарлаг ялалт нь Монгол улс болон ОХУ-ын хооронд нөхөрсөг харилцаа бий болох үндэс суурийг тавьсан юм”  гэжээ.

ОХУ одоогийн байдлаар Япон улстай нэлээдгүй зөрчилтэй байгаа билээ. ОХУ-ын Сахалин мужид багтдаг Курилийн 56 жижиг арлыг тус улс бүхэлдээ хяналтдаа байлгадаг хэдий ч өмнөд үзүүрийн дөрвөн аралтай Япон улс өнөөг хүртэл газар нутгийн маргаан үүсгэсэн хэвээр байгаа юм.

Үүнээс гадна Японы Засгийн газар өнгөрөгч наймдугаар сарын эхээр Украинд өрнөсөн мөргөлдөөнөөс үүдэн ОХУ-ын эсрэг шинэ хориг тавьсан бөгөөд энэхүү хоригдоо 40 хувь хүн болоод хуулийн этгээдийг багтаасан байна. Өөрөөр хэлбэл Украины нөхцөл байдал тогтворгүйжихэд нөлөөлсөн гэх эдгээр хүмүүсийн банкин дахь дансыг битүүмжилсэн аж. Мөн Япон улс руу Крымээс зарим бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ.

Ийнхүү газар нутаг хийгээд улс төр, эдийн засгийн тал дээр хурцадмал байдалтай байгаа энэ цаг үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ЗХУ, Монголын арми тус улсын зүүн хязгаар руу дайрсан Японы цэргийг бут цохисон түүхэн ялалтын ойд хүрэлцэн ирсэн нь тун онцлог юм гэжээ.

Монголын махны экспортыг шинэ түвшинд гаргана

Хоёр улсын Ерөнхийлөгч болон төлөөлөгч талууд нийт 15 гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд уг үйл явдлын дараа Ерөнхийлөгч В.Путин “ОХУ-ын Засгийн газар тун удахгүй Монгол нөхөд рүүгээ чиглэсэн шийдвэр, алхмуудыг хийж эхлэх болно” хэмээн мэдэгдсэнийг Оросын “РИА Новости” сонин иш татжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч В.Путины хүнсний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд ОХУ-ын зах зээлд их хэмжээний мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой хэмээн ярьсныг тус сонин онцолсон байна.

Монгол улсад малаас хүнд халдварладаг шүлхий зэрэг зарим халдварт өвчнөөс үүдэн Орос улс сүүлийн арван жилийн хугацаанд мах импортлох тал дээр хориг тавиад байсан билээ. Мөн Орос улс өнгөрөгч наймдугаар сард Европын холбооны улсуудаас нэг жилийн хугацаатай тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ.

Үүний улмаас жил бүр 750 тонн буюу 1.3 ам.долларын гахайн мах нийлүүлдэг Герман, 500 сая ам.долларын гахайн мах нийлүүлдэг Канад болон 147 сая ам.долларын үхрийн мах нийлүүлдэг Австрали зэрэг улсуудад эдийн засгийн хүнд цохилт болсон байна. Үүнээс гадна ОХУ-ын хувьд ч мөн махны эрэлт хэрэгцээ өндөр байгаа учир дээрх шийдвэрийг гаргахад чамгүй нөлөөлсөн гэжээ.

ОХУ хөрш оронтойгоо худалдаа арилжааг нэмэгдүүлэхийг зорьж байна

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар Катарын Аль-Жазира телевиз дараах дараах мэдээллийг цацжээ. Украины хямрал үргэлжилж, Европын холбооны эсрэг хориг тавиад байгаа эгзэгтэй үед ОХУ-ын төрийн тэргүүн хөрш орон болох Монгол Улсад худалдаа харилцааны гол түлхүүрийг эрэлхийлж байна.

“Зүүн Украин дахь нөхцөл байдал хурцдахын хэрээр Орос улс хөрш зэргэлдээ орнууддаа илүү их анхаарал хандуулж байна. Нөгөөтэйгүүр махны импортыг хангадаг Австрали, Канад зэрэг улсуудад хориг тавиад байгаа учраас ОХУ 60 сая малтай хөрш орноосоо хэрэгцээгээ хангахыг зорих нь зүйн хэрэг юм” гэж Аль-Жазира телевизийн Орос судлаач эрдэмтэн, профессор Д.Алтай ярьжээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хойд хөршийн худалдааны хориг арга хэмжээнд оролцохыг хүсэхгүй байна. Гэвч Орос улстай харилцан ашигтай, хамтран ажиллах арга замыг л эрхэмлэнэ” гэж мэдэгдсэн юм. Гэхдээ Орос улс дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд түүхэн цаг үеэс үлдэж хоцорсон хоёр орны найрсаг харилцаан дээр тулгуурлаж байгаа аж. Хамгийн сүүлд тус улсын Засгийн газраас явуулсан судалгаагаар иргэдийн 60 хувь нь Орос улстай дотно харилцааг үүсгэхийг хүсэж байна гэж хариулсан нь Оросод боломж өндөр байгааг харуулж байна. 2003 онд Оросын Засгийн газар ЗХУ-ын үед Монгол Улсын тавьсан их өрийн 98 хувийг тэглэсэн нь хоёр улсын харилцааг нэлээд гүнзгийрүүлсэн байна. Ямартай ч айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаанын нөхцөлийг хөнгөвчилж 2020 он гэхэд хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тавьж чаджээ.

Эх сурвалж: Eagle.mn Б.Саруул


 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.