52 оюутан шүүхээс ял сонслоо

Twitter Print
2014 оны 09-р сар 04-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Монголд анх удаа хамгийн олон холбогдогчидтой  буюу 54 хүнд холбогдох хэргийн  шүүх хурал боллоо. Тодруулбал авлига авсан, өгсөн, зуучилсан хэрэгт буруутгагдаад байсан Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 52 оюутан хоёр багшид холбогдох хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын зааланд  болжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2, 269.2-т зааснаар буруутган шүүсэн бөгөөд хэргийг 2012 оноос хойш шалгаж байсан билээ.

Мөрдөн байцаалтын явцад сургалтын менежер Б.Жавхлантөгс туслахтайгаа хамтран оюутнуудаас 30 гаруй сая төгрөг хахуулаар авсан нь тогтоогдсон байна. Ингээд мөнгө авсныхаа төлөө оюутнуудын дүнг засч,  зарим оюутны дипломыг хуурамчаар гаргаж өгсөн тухай шүүгдэгч оюутнууд мэдүүлжээ.

Энэхүү хэрэгт хяналт тавьсан  прокурорын зүгээс  сургалтын менежер Б.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар  5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр, оюутан Б.Бадамдоржийг бусад оюутнуудаа хахуулд өгөхөд зуучилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.2-т зааснаар буруутган 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр төлөвлөжээ.

Харин Б.Бадамдоржийн өмгөөлөгч Г.Батбаяр Эрүүгийн хуулийн задаргааг тайлбарснаар Б.Бадамдоржийн зүйлчлэлийг 269.1 болгон өөрчилсөн аж.  Ингээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгч  Б.Бадамдоржид нэг жилийн хорих ял оногдуулж, ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчилсөн аж. Мөн  бусад оюутнуудад 1-3 жилийн хорих ял сонссон ч мөн л  нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ. Харин сургалтын менежер Б.Жавхлантөгс хоёр настай хүүхдийн хамт хоёулахнаа амьдардаг учир ялыг хоёр жилээр хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү олон холбогдогчидтой, олон саяын авлигын хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн байна.

М.Нандин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.