
Хүн амын тоогоороо БНХАУ-д гуравт бичигддэг Хэнан мужийн нийт хүн амын 90 орчим хувь нь коронавирусын халдвар авсан талаар орон нутгийн эрүүл мэндийн албаны хүмүүс мэдэгджээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Хэнан мужийн албаны төлөөлөгч Кан Цюаньчэн халдвар авсан иргэдийн тоо 88.5 саяд хүрсэн гэжээ. Тэрээр эдгээр халдварын тохиолдлууд нь чухам хэзээ бүртгэгдсэн болохыг хэлээгүй ч цар тахлын эсрэг хязгаарлалтууд цуцлагдсанаас хойш буюу сүүлийн хэдэн долоо хоногт бүртгэгдсэн байх өндөр магадлалтайг ажиглагчид онцолж байна.
Хятадын эрх баригчид коронавирусын цар тахлын эсрэг бодлогоо сулруулснаар коронавирусын халдвар хурдацтай тархаж эхэлсэн билээ.
Кан Цюаньчений мэдээлснээр Хэнан дахь эмнэлгүүдийн ачаалал өнгөрсөн сарын 19-нд оргил үедээ хүрсэн ба түүнээс хойш тасралтгүй буурах хандлагатай байгаа аж.
Хэнан мужийн зүгээс ийнхүү мэдээлсэн нь Хятадын засгийн газрын мэдээнээс илт зөрүүтэй байна.
Хятадын засгийн газраас гаргасан албан ёсны мэдээллээр цар тахлын эсрэг бодлогыг сулруудснаар хойш 1. 4 тэрбум хүн амтай тус улсад коронавирусын халдварын 120 мянга тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 30 хүн нас баржээ.
Коронавирусын шинжилгээнд иргэдийг олноор нь хамруулахаа зогсоосноор Хятадын засгийн газраас гаргаж буй тоо бодит байдалд нийцэхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Хятадын бусад мужуудын зарлаж буй тоо мөн л Хятадын засгийн газраас мэдээлж буй тоотой зөрсөөр байна.
Зул сарын өмнөх өдөр Чиндао боомт хотын эрүүл мэндийн албаны төлөөлөгч өдөрт хагас сая хүн коронавирусын халдвар авч байгаа хэмээн мэдээлж байжээ.
Нөгөөтээгүүр Хятадын засгийн газар Pfizer компанийн вирусын эсрэг Паксловид эмийг эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийн жагсаалтаас хасна гэжээ. Учир нь АНУ-ын талаас тус эмийг цаашид өндөр үнээр борлуулахаа мэдэгдсэн аж.
Өнгөрсөн сараас хойш эрэлт нь огцом нэмэгдсэн Паксловид эмийг ирэх 3-р сарын 31-ийг хүртэл хятадууд эрүүл мэндийн даатгалаар авах боломжтой юм.
Өнгөрсөн ням гарагт Бээжин гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлахаа больж, Хонгконгтой хилээ нээсэн билээ. Албан ёсны тоогоор өнгөрсөн бямба гарагт 34.7 сая хүн дотооддоо аялжээ.
Сая сая иргэд Цагаан сарын баяраа гэр бүл, ойр дотныхонтойгоо тэмдэглэхээр том хотуудаас жижиг хот, тосгодыг зорьж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор халдварын тархалт нэмэгдэх эрсдэл өндөр байгаа юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.