
ЦАРТАХЛЫН УЛМААС ИЛЭРЧ БУЙ "ШИНЖЛЭХ УХААНЫ ЭСРЭГ СЭТГЭЛГЭЭГ" БИЙ БОЛГОДОГ МЭДРЭЛИЙН МЕХАНИЗМ БАЙДАГ
COVID-19 цартахлын улмаас энгийн иргэд, олон нийт урьд өмнө нь харагдаж үзэгдээгүй өвчлөлийн график, өвчлөлийн статистик, эсвэл урд хожид дуулаагүй төрөл бүрийн эмчилгээ гэх мэт шинжлэх ухааны олон мэдээллийг олж харах болсон. Гэхдээ энэ бүхнийг тухай бүрт сайтар ойлгох нь үргэлж хялбар байдаггүй бөгөөд шинжлэх ухааны латераси буюу шинжлэх ухаанд тайлагдах асуудлын ач холбогдол сөхөгдөж яригдах болдог.
Шинжлэх ухаанд тайлагдсан байдал буурай байх нь шинжлэх ухааныг үгүйсгэхэд хүргэдэг. Шинжлэх ухааны эсрэг үзэл бодол ба шинжлэх ухаанд бага тайлагдсан байх хоёрын хамаарал нь хуурамч итгэл үнэмшлийг бий болгон хадгалж байдаг тархины нэг төрлийн механизмын талаархи шинэ мэдлэг байж болох тухай сонирхол татсан зүйл олж уншлаа.
Нөгөө талаар цартахал нь "шинжлэх ухааны үнэнийг үгүйсгэдэг хүмүүс байдаг" гэдгийг илчилсэн гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Жишээ нь COVID-19-ийн гарал үүслийн талаархи хуйвалдааны онолоос эхлээд амны хаалт зүүхийн эсрэг үйлдэл, вакцины эсрэг итгэл үнэмшил, үр дүнтэй болох нь батлагдаагүй халдвараас сэргийлэх арга болон эмчилгээнд итгэх итгэл зэрэг бөгөөд эдгээр нь халдварыг тархаах томоохон хүчин зүйл болсон гэж ойлгож болно (Жич: Энүүнд бас манай тэнгэрлэг хийморьтой Монголчууд болон Монгол малын махны ид шидийн үлгэр багтах болов уу).
АНУ-ын Калифорнийн их сургуулийн Сан Франциско сургуулийн мэдрэлийн эмч Америкийн эмч нарын нийгэмлэгийн сэтгүүл (JAMA)-д мэргэжилтний дүгнэлт буюу өөрийн үзэл бодлоо нийтлүүлсэн байна. Энэ маш ээдрээтэй хэдий ч үнэхээр сонирхолтой санагдсан тул ийнхүү нийтэд таниулахаар пост оруулж байгаа нь энэ.
Нийтлэлийн гол санаа юу гэхээр шинжлэх ухааныг үгүйсгэж, хуурамч итгэл үнэмшлийг бий болгож, хадгалж байдаг "шинжлэх ухааны эсрэг сэтгэлгээтэй" хүмүүс болон хуурамч итгэл үнэмшил бий болж хадгалагддаг мэдрэлийн өвчин болох “Лею биенцэрт тэнэгрэл” болон “Дух чамархайн дэлбэнгийн хэлбэрийн тэнэгрэл” бүхий өвчтөнүүдийн хооронд мэдрэлийн нийтлэг механизм байж болох юм гэсэн санааг дэвшүүлжээ. Маш энгийн үгээр дэлгэрүүлж тайлбарлавал шинжлэх ухааныг үгүйсгэдэг хуурамч итгэл үнэмшилтэй буюу шинжлэх ухааны эсрэг сэтгэлгээтэй хүмүүст дээр дурдсан 2 төрлийн тэнэгрэх хэлбэрийн мэдрэлийн өвчинтэй ижил мехнизм үйлчилдэг байх талтай гэнэ. Магадгүй үүнийг нотлох нь төвөгтэй байж болох ч сонирхолтой санагдлаа.
Нийтлэлийн гол санаануудыг сийрүүлбэл "Эрдэмтэд, эмнэлзүйн эмч нар, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд маск, вакцин, эм тариа гэх мэт асуудлаар олон нийттэй харилцан ярилцаж байх ёстой”, "Анагаах ухааны салбарын хувьд хүмүүсийг хүүхэд байхаас нь эхлээд насан туршид нь шинжлэх ухааны боловсролд төвлөрсөн системтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж, эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй хуурамч санаануудыг эсэргүүцэх хүчин чармайлт гаргах ёстой", "Шинжлэх ухаан ялбал бүгд ялна" хэмээн онцолжээ.
Эх сурвалж: JAMA. Nov 2, 2020 doi.org/10.1001/jama.2020.21332
Тэнэгрэх өвчний тухай товч тайлбар: Мэдрэлийн өвчин судлалын ухаанд Альцгеймер хэлбэрийн тэнэгрэл, тархины судасны гаралтайт тэнэгрэл, Лею биенцэрт тэнэгрэл болон Дух чамархайн дэлбэнгийн хэлбэрийн тэнэгрэлийг дөрвөн гол тэнэгрэх өвчин гэж үздэг. Лею биенцэрт тэнэгрэлийн үед тархины дагзны дэлбэн, харин дух чамархайн дэлбэнгийн хэлбэрийн тэнэгрэлийн үед дух болон чамархайн дэлбэнгүүд тус тус бүтцийн хувьд эд эсийн тоо цөөрч хатингарших ба аль аль нь танин мэдэхүйн эмгэг, тухайлбал хий зүйлийг харах, хардах сэрдэх, зан үйл, сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй болох, улмаар гүн гүнзгий дүгнэлт, санаа бодол хийж чадахгүй болдог эмгэг юм.
Миний бодол:
Бид энэ амьдралдаа ховорхон тохиох буюу 100 жилд нэг удаа тохиолдох хэмээн хэлэгдэж буй дэлхий нийтийн цар тахалтай нүүр тулаад байгаа билээ. 1918 онд дэлхий даяар цар тахал болж дэгдсэн Испанийн ханиаднаас хойш 100 гаруй жил болж байна.
Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад яагаад ч юм шинжлэх ухааны латераси буюу шинжлэх ухаанд тайлагдсан байх асуудал туйлын чухал гэдэг нь харагдаад байгаа юм. Ялангуяа өнөөгийн бидэнд тулгараад байгаа цар тахал хэмээх сорилтыг давж гарахад шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ, шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан улс төрийн шийдвэр гаргах асуудал. Дээрх эмчийн нийтэлсэн санал дүгнэлт загатнасан газар маажив гэгч болсон тул заавал пост болгож хүмүүст жаахан ч болов таниулья гэж бодсон хэрэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19-ийн эргэн тойрон дахь "infodemic" (Information ба Pandemic үгнүүдийг нийлүүлж зохиосон үг буюу хуурамч мэдээллийг ийнхүү нэрлэх болоод байгаа) вирусийн нэгэн адил хурдацтай тархаж байгааг нэгэнтээ онцолсон байдаг. Энэ мэт вирусийн халдвар тархаасан хуйвалдааны онол, цуурхал, соёлын ялгаварлан гадуурхал зэрэг нь хүмүүсийн эрүүл мэнд, амь нас хохироход хүргэдэг.
Хэзээ ч билээ саяхан шинэ коронавирусийн талаар тархсан хуурамч мэдээлэл дэлхий даяар дор хаяж 800 хүний аминд хүрснийг хамгийн сүүлийн үеийн судалгааны дүн хэмээн танилцуулсан байдаг. Үүний нэг болох Америкийн “American Journal of Tropical Medicine and Hygiene” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн нэг судалгаа уншсан тухайгаа санав. Олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл тараасны үр дүнд 5800 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай бөгөөд хохирогчдын ихэнх нь метанол гэх мэт спиртийн төрлийн ариутгалын бодис ууж нас барсан байдаг. Шалтгаан нь эдгээр бүтээгдэхүүн нь шинэ коронавирусийг эмчилж чадна хэмээсэн хуурамч мэдээлэд итгэснээс болсон байдаг.
Хуурамч мэдээлэл нь хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд үнэхээр аюул учруулж байна.
Хуурамч мэдээлэлд итгэж хохирогсодын дийлэнх нь эрүүл мэндийн найдвартай мэдээлэлтэй төстэй зөвлөмжийг дагаж мөрддөг болохыг тогтоосон байдаг. Тухайлбал үүнд халдвараас сэргийлэхийн тулд сармис их хэмжээгээр идэх эсвэл их хэмжээний витамин уух гэх мэт. Тэр байтугай үхрийн шээс уух тухай мэдээлэл хүртэл байгаа аж. Эдгээр зан үйл нь "эрүүл мэндэд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй" болохыг дээрх судалгааны дүгнэлтэд онцолсон байсан.
"Инфодемик"-тэй нүүр тулж тэмцэх нь уг нь бүх нийтийн үүрэг юм. Тавдугаар сард ВВС агентлагаас явуулсан бие даасан судалгаагаар шинэ төрлийн коронавирусийн талаархи хуурамч мэдээллээс үүдсэн халдлага, гал түймэр гарч, хүмүүсийн амь нас хохирсон болохыг тогтоосон байдаг. Интернетэд тархсан цуурхалаас үүдэн Энэтхэгт үймээн дэгдээж, Иранд нийтээрээ хордлого болсон, Их Британи болон бусад орнуудад халдвар тараасан хуйвалдааны онолоос болж харилцаа холбооны компанийн инженерүүдийг заналхийлж, радио цамхагуудыг шатаасан явдлууд гарсан. Цар тахлын үеийн луйвар олон нийтийн сүлжээнд бас газар авсан байдаг. Үнэндээ бол ямарч үр дүнгүй цайруулагч бодисыг хийсэн энгэрт зүүдэг зүүлт байсан хэдий ч шинэ короновирусээс хамгаалж сэргийлэх "гайхамшигтай бүтээгдэхүүн" хэмээн хуурч мэхлэх замаар олон тоогоор зарагдсан байдаг.
Яагаад энэ бүгдийг нэг бүрчлэн дурдаад байна вэ гэвэл энэ бас бидний Монголчуудын дунд байгаа зан үйл болохоор тэр. Бид ч бас шинжлэх ухаанч бус мэдээлэлд итгээд удсан шүү дээ. Өнөөдрийг хүртэл сармис, архи, тэнгэрлэг Монгол хүний хувь заяа, Монгол малын мах гэх мэт Монголчууд биднийг халдварт цар тахлаас өнөөдрийг хүртэл аварч ирсэн мэдээллүүд.
Энэ бүгд бол ерөөсөө л шинжлэх ухааныг үгүйсгэж, хуурамч итгэл үнэмшлийг бий болгож, хадгалж байдаг "шинжлэх ухааны эсрэг сэтгэлгээ" буюу нэг төрлийн хуурамч итгэл үнэмшил бий болж хадгалагддаг мэдрэлийн нэг төрлийн өвчинд автасны жишээ юм.
Эцэст нь маскны тухай товчхон:
Энэ удаагийн шинэ коронавирусийн цар тахлын дуулианаар Монголчууд бидний өдөр тутмын амьдралд дутагдаж болшгүй олон зүйл бий болсоны нэг нь амны хаалт буюу маск. Маскыг зөвхөн эмнэлгийн хүмүүсийн л хэрэглээ гэдэг ойлголт өөрийн эрхгүй өөрчлөгдсөн байх гэж ойлгож байгаа.
Маск нь эмнэлгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн үе бол 19-р зууны төгсгөл үе бөгөөд барууны орнуудаас эхэлсэн байдаг. Bloomberg-ийн нийтлэлд бичсэнээр Нью Йоркийн эмч А.Ж.Жесуп 1878 онд хөвөн маск зүүж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа тухай өгүүлэл анх нийтэлсэн байдаг. Дараа нь 1897 онд мэс заслын үеэр маск зүүхийг уриалсан өгүүлэл мөн хэвлэгдэж, 1905 онд Чикагогийн эмч Алис Хэмилтон мэс заслын үеэр заавал маск зүүх талаар дахин судалгааны өгүүлэл бичсэн байдаг.
Улмаар 1910 онд түүхийг өөрчилсөн хөдөлгөөн өрнөсөн байдаг. Тухайн үед тарваган тахал дэлгэрч байсан Манжуурт (одоогийн Хятадын нэг хэсэг) уригдсан эмч У Лиен-Тэх агаараар халдвар авах эрсдэлтэй байгааг онцолж, эмнэлгийн ажилчид болон олон нийтэд өмсөж болох маскны загвар бүтээж, дэлгэрүүлэхыг оролдсон байна. Энэ маск нь тухайн үеийн масктай харьцуулахад илүү зузаан давхаргатай, гадуур зүүх боломжтой, нүүрэнд тохирсон байдлаар зохицуулсан байж.
Ийнхүү түүх хуримтлагдсаар 1918 онд дэлхий даяар цар тахал болж дэлгэрч эхэлсэн Испани ханиадтай золгосноор маск зүүх нь дэлхий даяар нэгэн зэрэг тархаж өнөөдрийг хүрчээ.
100 жилийн өмнөх цар тахлаас хүн төрөлхтөнд туршлага болж үлдсэн зүйлийн нэг бол халдварт өвчний үед бүх нийтээрээ амны хаалт зүүх явдал. Үүнээс хойш 100 жилийн дараах шинэ короновирусийн цар тахлын үед амны хаалт халдвараас сэргийлэхэд хүн бүхний хийж чадах хамгийн энгийн бөгөөд найдвартай аргуудын нэг гэдгийг шинжлэх ухааны үүднээс нотлоод өглөө. Хүн бүр хичээгээд маскаа зүүх л үлдлээ. Хичээгээрэй хүмүүсээ!!! Шинжлэх ухааны ололтод эргэлзэлгүй итгэж амны хаалтаа тогтмол зүүцгээе!
Ойдовын Батгэрэл Ph.D
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.