
Францын Экологийн шилжилтийн яам эрчим хүчний үр ашиггүй зарцуулалтыг бууруулах үүднээс эйр кондишн ашиглаж буй бүх дэлгүүр, үйлчилгээний төвүүдийг хаалгаа хааж, неон гэрэлтүүлгээ багасгах шаардлага тавих гэнэ.
Францын зарим газруудад энэ журам хэдийн хэрэгжиж эхэлсэн ба Францын Экологийн шилжилтийн сайд Анье Панье-Рюнашегийн Диманш сонинд өгсөн ярилцлагадаа дээрх журам удахгүй Франц даяар үйлчилж эхэлнэ гэжээ.
ОХУ Украин руу довтолсноос хойш Европ даяар эрчим хүчний үнэ огцом нэмэгдсэн билээ.
Эйр кондишн ажиллуулж байгаа дэлгүүр эрчим хүчний үр ашиггүй зарцуулалтыг бууруулах үүднээс хаалгаа хааж байх журмыг зөрчвөл 750 хүртэлх еврогоор торгуулах аж.
Анье Панье-Рюнашегийн хэлснээр дэлгүүрүүд эйр кондишн ажиллуулж байхдаа хаалгаа нээлттэй орхидог явдал элбэг байдаг байна. Тэрээр ирэх өдрүүдэд эрчим хүчний үр ашиггүй зарцуулалтыг бууруулахад зориулсан хоёр журам гаргах гэнэ.
Эхнийх нь хот, суурин газрын хэмжээнээс үл хамаарч, тухайн хотод шөнийн 1 цагаас үүрийн 6 цагийн хооронд сурталчилгааны самбаруудыг гэрэлтүүлэхийг хориглох, дараагийнх нь эйр кондишн болон халаалт ажиллаж байгаа үед хаалгаа нээлттэй байлгахыг дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад хориглох журам аж.
Неон гэрэлтүүлгийг хориглох журам 800 мянгаас доош хүн амтай хотуудад хэдийн үйлчилж эхэлсэн ба зөвхөн нисэх онгоцны болон галт тэрэгний буудлуудад уг журам үйлчлэхгүй аж.
ОХУ Европын улс орнууд руу экспортлох хийн хэмжээгээ бууруулсантай холбоотойгоор Европт эрчим хүч хязгаарлах арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй хэмээн Shell компани онцолжээ.
Франц улсаар зогсолтгүй Европ даяар цаг агаар хэт халж, эйр кондишны хэрэглээ огцом нэмэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэоэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.