
Нэг сарын турш үргэлжилсэн халуун цаг агаар, хур тунадас багатай байсны үр нөлөөгөөр Хятадын хамгийн урт гол болох Хөх мөрний ай сав газруудад ган гачиг ноцтой хэмжээнд хүрчээ.
Ган гачигийн улмаас нуурууд, голын салаанууд ширгэж, Хубэй мужийн Ухань хотод байрлах 600 гаруй жилийн настай Буддын сүмийн доод чулуун суурь нь ил гарч ирсэн байна.
Гол мөрнүүдийн усны түвшин буурснаас болж усан цахилгаан станцуудын хүчин чадал буураад байна. Цахилгаан эрчим хүчийг хэмнэх үүднээс үйлдвэрүүд хаалгаа барьж, дэлгүүр худалдааны төвүүд богиносгосон цагийн хуваариар ажиллаж, оффисууд эйр кондишноо унтрааж байна. Хөх мөрний эрэг дагуух томоохон хотуудын хувьд цахилгаан эрчим хүчний станцуудын ачааллыг бууруулах арга хэмжэн авч байна.
Шанхай хотын голын эргийн Вайтань дүүргийн алдарт гэрэлтүүлгүүд асаахаа больсон бол Лучжоу хот шөнөдөө гудамжны гэрэлтүүлгээ унтрааж байгаа аж. Хятадын Усны нөөцийн яамнаас мэдээлж байгаагаар Хөх мөрний ай саваар хур тунадас маш бага орсон ба энэ нь 1961 оноос хойш бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт аж.
Түүнээс гадна Хятадын Үндэсний Цаг уурын төвөөс мэдээлж байгаагаар хэт халалтын үзэгдэл ч мөн адил рекорд тогтоожээ. Энэ сарын 12-ноос 17 хүртэл 6 өдөр дараалан цаг агаарын хэт халалт бүртгэгдэж, цаг уурын төвөөс анхааруулга гаргажээ. Сычуань мужид тэр дундаа Чунчин нутаг ой хээрийн түймэрт автжээ.
Хөх мөрний дагуух бусад мужуудад ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг эрх баригчид анхааруулж байна. Өнгөрсөн долоо хоногт Чунчин хотын Бэйбэй дүүрэг агаарын хэм цельсийн 45 хэмд хүрч, рекорд тогтоожээ. Хөх мөрнөөс эхтэй нуурууд тэр дундаа Хүнань мужийн Дунтин нуурын усны түвшин маш ихээр буурсан нь тус нуурын уснаас хамааралтай газар тариалангийн салбарт хүндээр тусаж байна.
Хятадын Жянши мужид байрлах тус улсын хамгийн том цэнгэг устай Поян нуурын усны 75 хувь нь ширгэжээ. Поян нуурын ойролцоо амьдрах фермерүүд тус нуурын усаар ундаалж, ургамал ногоогоо усалдаг аж.
Гол мөрнүүдийн усны түвшин буурсаэтай холбоотойгоор ундны усны хомстол үүссэн ба Хятадын эрх баригчид орон нутгийн удирдлагуудад Гурван хавцал далан, Даньжянкоу далангийн нөөцийн уснаас ашиглан ундны усны хомстлын асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгожээ.
Ган гачиг нь энэ намрын ургац хураалтанд асар их хэмжээний хохирол учруулаад байгаа ба зөвхөн Сычуань муж л гэхэд хэдэн мянган га талбайн ургацаа алдаад байна. Хятадын Үндэсний цаг уурын төвөөс мэдээлснээр халуун цаг агаар энэ сарыг дуустал үргэлжлэх аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.