Тамхины ишийг цэвэрлэх мөнгийг тамхины компаниудаас гаргуулна

Twitter Print
2023 оны 01-р сар 04-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Испанид ирэх баасан гарагаас хэрэгжиж эхлэх байгаль орчныг хамгаалах хуулийн төслийн дагуу тамхичдын гудамжинд хаясан сая сая тамхины ишийг цэвэрлэх зардлыг тамхи үйлдвэрлэгч компаниудаас гаргуулахаар болжээ.

Байгаль орчныг хамгаалж, хог хаягдлыг бууруулж, дахин боловсруулалтыг дэмжих тухай хуулийн төслийн дагуу нэг удаагийн хуванцар аяга таваг, халбага сэрээ, чих цэвэрлэгч хөвөн, хөөсөнцрөөр хийсэн аяга таваг, хуванцар соруул, хоолны сав зэргийг хориглох аж.

Испанийн эрх баригчдын гаргасан уг хуулийн төсөл нь Европын холбооноос байгаль орчныг бохирдуулагч тал нь хог хаягдлаа цэвэрлэх хариуцлагыг үүрэх ёстой гэсэн удирдамжтай нийцэж байгаа аж.

Тамхи үйлдвэрлэгчид тамхины ишийг цэвэрлэх зардлыг гаргахаас гадна олон нийтэд тамхины ишээ гудамж талбайд хаяхгүй байх тал дээр боловсрол олгох явдлыг мөн хариуцах аж.

Одоогийн байдлаар тамхины ишийг цэвэрлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлэх, гарах зардал зэрэг нь тодорхойгүй байна.

Зарим ажиглагчдын үзэж байгаагаар тамхи үйлдвэрлэгчид тамхины ишийг цэвэрлэх зардлаа тамхины үнэндээ шингээж болзошгүй ба тамхины үнэ нэмэгдсэнээр тамхинаас татгалзах иргэдийн тоо өсөх магадлалтай аж.

Испанийн засгийн газар тамхины иш тутмыг цэвэрлэх зардал 0.20 евро гэж тооцсон ба ингэснээр нэг хайрцаг тамхины үнэ ойролцоогоор 4 еврогоор нэмэгдэнэ гэж тооцолжээ.

Өнгөрсөн оны статистикаар тамхи татдаг испаничуудын тоо 22 хувь буюу Европын холбооны гишүүн орнуудын дунджаас өндөр гарчээ.

Тамхи татдаг иргэд тэр дундаа тамхи татдаг залуусын тоо өндөр тус улсын иргэдийн дийлэнх нь тамхийг олон нийтийн газруудад хориглохыг дэмжиж байна.

Тамхины иш нь багадаа 10 жилийн дараа бүрэн задардаг хог хаягдал бөгөөд задрах явцдаа хүнцэл, хар тугалга зэрэг хорт бодисууд ялгаруулдаг байна.

Түүнчлэн тамхины иш нь хуванцар сав, боодлоос ч илүү далай тэнгисийг бохирдуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар далайд ойролцоогоор 5 тэрбум тамхины ишийн хаягдал байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Испанийн далайн эргийн наран шарлагын 500 орчим цэгт тамхи татахыг хоригложээ.

Өнгөрсөн жил Барселона хот далайн эргийн бүх наран шарлагын газрууддаа тамхи татахыг хориглосон аж.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.