Өвлийн олимпийн хатан хаан нь уран гулгалт юм

Twitter Print
2022 оны 02-р сар 11-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

ОЛИМП-2022: УРАН ГУЛГАЛТЫГ Л ҮЗДЭГ ЮМ ШҮҮ

Урлаг үзье гэвэл уран гулгалтыг сонго. Тэндээс бүгдийг мэдэрнэ, бүхнийг мэдэж авна. Уран гулгалт бол спортын хамгийн сайхан төрлийн нэг. Зурагтаар үзэхэд сайхан ч амьдаар нь үзэхээр жинхэнэ гайхамшгийг мэдэрдэг. Ойлгохгүй хүнийг ч өөртөө татаж чаддаг нь түүний гол ид шид юм. Эргэлттэй үсрээд бууж буй тэр агшин, тэшүүрийн мөс зүсэх чимээ, сонгодог хөгжмийн хэмнэл, урлаж бүжиглэж буй өнгө, бие болоод царайгаараа зүүлж буй тамирчны жүжиглэлт, дээр нь спортын хамгийн хүнд элементүүдийг хийж байгаа зүтгэл. Урлаг, спортын ийм олон хэв шинжийг нэг дор агуулсан учраас л уран гулгалт ийм аугаа байдаг ажээ.

Гэхдээ дээрх ид шидийнх нь амин сүнс нь бол вальс хэмээх сонгодог урлаг юм. Тэртээх 1880 онд Австричууд уран гулгалтыг анхлан сэтгэж байхдаа вальсын уран сайханлаг шинж чанар, уран налархай хэв маягийг нь уламжлан авсан түүхтэй. Тиймдээ ч өвлийн олимпийн хатан хаан нь уран гулгалт юм хэмээн өргөмжлөгдөж ирсэн билээ. Хамгийн хүнд спорт учраас ингэж өргөмжлөгдөх нь бас аргагүй юм.

Уран гулгалтын хэцүүг мэдрэх хамгийн энгийн жишээ нь юу гээч? Тамирчид нэг байран дээрээ хэдэн арван удаа эргэдэг дээ (biellmann spin). Эргэлтийн хурдыг нь хэд гэж бодож байна. Минутад 300 эргэлт. Өөрөөр хэлбэл танай угаалгын машины доод хурдаар эргэж байна гэсэн. Энгийн хүнд бол дааж давшгүй их ачаалал юм. Шил эргүүлээд арав тойроход л маниус яадаг билээ дээ. Тэгвэл уран гулгагчид нэг үзүүлбэрт хэдэн удаагийн үсрэлттэй эргэлтийг (jump) хийдэг гэж бодож байна? 3-6 удаа. Дээр нь үсрэлт бүр нь өөр өөр техниктэй, хүндрүүлсэн өөр өөр элементтэй. Техник бүр тус тусдаа нэршилтэй. Сальхов, Тулуп, Аксель, Риттбергер, Лутц, Флип. Гэхдээ тэмцээн дээр хийж болохгүй элемент гэж бий. Хийлээ ч оноо өгөхгүй. Жишээ нь сальт. Үүнийг 1994, 1998 оны олимпийн хүрэл медальт Филиппе Канделоро хэмээх франц залуу хийх дуртай байж билээ.

Уран гулгалтын үндсэн программд энэ зургаа заавал гүйцэтгэгдсэн байх ёстой. Түрүүлье гэсэн хүн эдгээрийг нэг бүрчлэн төгс гүйцэтгэх ёстой. Харин эргэлтийн тоо бол элементийг хүндрүүлсэн хэлбэр утгаараа нийлбэр оноонд том нэмэгдлийг өгч байдаг. Сая, Бээжингийн өвлийн олимпийн багийн төрөлд ОХУ-ын Камила Валиева дөрвөн эргэлттэй үсрэлтийг хийж дэлхийд шагшигдлаа. Шагшигдсаны учир нь олимпийн наадамд анх удаа ийм тооны эргэлт хийсэн анхны эмэгтэй уран гулгагчаар тодорсон явдал юм. Тэгвэл эрэгтэйчүүдээс Чехийн Петр Барна 1992 оны Лиллихаммерын олимпод гүйцэтгэж байлаа. Гэхдээ дөрвөн эргэлттэй үсрэлтийг дэлхийд анх гүйцэтгэсэн хүмүүс бол эмэгтэйчүүдээс Казахстаны Элизабет Турсынбаева (1999 оны ДАШТ), эрэгтэйчүүдээс Канадын Курт Браунинг (1988 оны ДАШТ) нар юм.

Одоо, Бээжингийн өвлийн олимпийн уран гулгалтын спортын оргил мөч ирсэн байна.

-Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл; Эндээс орос охидын дөрвөн эргэлттэй үсрэлтүүдийн өрсөлдөөнийг үзнэ.

-Спортын хос. Уран гулгалт хэмээх спортын жинхэнэ сайхныг нь эндээс мэдэрч авна.

-Бүжгийн хос. Спортын талбарт яаж бүжиглэнгээ жүжиглэж болдгийн нууцыг мэдэж авна. Эдгээрээс үзэж харан, мэдэрч мэдсэн байхад энэ спортод эргэлтгүй буцалдаггүй дурладаг л юм даа. Санаснаас, олимпоос медаль авсан тамирчдын үзүүлэх тоглолт болдог уламжлалтай. Тэрийг үзээрэй. Жинхэнэ урлаг.

Жалсрайн БАЯРЖАРГАЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.