Мод тарихдаа тогоог ухаад ханатал нь услах ёстой

Twitter Print
2021 оны 04-р сар 23-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Хавар болж хүн бүр л доор бүрнээ мод бут тарих талаар бодож эхэлдэг. Бидний хувьд хуурай, эрс тэс уур амьсгалтай манай нутгийн хамгийн гол бэрхшээл бол усалгаа, хөрсний чийгийг хангалттай түвшинд барих явдал байдаг.

Маш олон тооны суулгац, олон хүний хүч хөдөлмөр, мөнгө усалгаа хангаллтай хийгдээгүйгээс болж үрэн таран болдог нь нууц биш.

Бидний хувьд тарьсан мод бутаа усалгаа багатай, эсвэл услах боломж хамгийн бага байхаар бодож суулгаж буй хөрсний найрлага, чийгийг аль болох удаанаар барих боломжуудыг хайх шаардлагатай.

Үүнд хэд хэдэн зүйлд анхаарал хандуулж болно.

- Юуны түрүүнд мод тарих тогоог ухаад ханатал нь услах ёстой. Тэгэхгүй бол хуурай тогоонд мод суулгасны дараа нь тогоог нь дүүртэл усаллаа ч гэсэн хангаллтай чийг өгч чаддаггүй.

- Модны үндэс тэлж эхлэх хөрсний найрлагад чийг сайн барьдаг хольцууд нэмж болно. Жишээ нь нь элс, модны үртэс г.м. Үртэс бол нарийн ширхэгтэй байх нь зүгээр. Их хэмжээгээр хэрэггүй. Үртэс бас чийг сайн барьдаг.

Мөн цахиур чулууг ашиглаж болмоор санагддаг. Учир нь цахиур болон ижил төрлийн чулуулгууд нь нүдэнд үзэгдэхгүй маш жижиг микро нүхнүүдтэй байдаг. Энэ нь өөртөө маш их чийглэг агуулах боломж олгодог ба нунтаг болон 0.5 хэмжээнээс хэтрэхгүй жижиглэсэн цахиур, жонш зэргийг бага хэмжээгээр хөрсөнд нэмэгдэл хольц болгож болмоор санагддаг. Мөн цахиурын нунтаг бэлдмэлийг биеэс хорт хүнд металлын үлдэгдлийг цэвэрлэхэд ашигладаг нь мөн л дээр хэлсэн микро нүхтэй байдгаас болсон хэрэг юм.

- Мод суулгасны дараа тогоондоо болон тэр орчимд нь томхон ширхэгтэй модны үртэс, хар модны хальс гэх мэт салхинд амархан хийсээд явчихааргүй бүдүүн ширхэгтэй хаягдал хийж орхих нь бас хэт хаталтаас сэргийлнэ. Та нар анзаарсан л байх. Ойд ормогц моднуудын ёроолд маш их хуучин навч, мөчир, хатсан өвс зэрэг хуримтлагдсан байдаг ба энэ нь нэг ёсны хамгаалах давхарга үүсгэдэг бөгөөд борооны усыг чөлөөтэй нэвтрүүлдэг, харин буцаад ууршихаас сайн хамгаалдаг клапан мэт үүрэг гүйцэтгэдэг. Ийм давхаргыг ойн унаш хэмээн нэрийднэ. Мөн яг энэ л давхаргад модтой симбиоз амьдардаг мөөгний бүхий л төрөл зүйл өсөж төлжих таатай орчин нь болдог.

Тэгэхээр намар модны навч унахаар тогоонд нь бөөгнүүлж орхиж байх нь байгалийн хамгаалах давхарга үүсгэж байгаа юм.

Бас тогооны хэмжээ чухал. Хөрс муутай, шаварлаг болон чулуурхаг, шар шороон хөрсөнд томхон тогоо ухаж түүнийгээ шим хольц нь тэгш бүрдсэн хөрсөөр дүүргэх нь чухал. Мод тариад тогоог нь дүүргэж тэгширтэл нь хөрсөөр хучиж болохгүй. Тогоо үлдээдэг нь усаа тогтоож барих зорилготой гэдгийг хүн бүхэн мэдэх буй за.

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.