
Монголын ард түмнээс 9 тэрбум ам доллар дээрэмдсэн Рио Тинтогоос томилогдсон Оюутолгойн менежментийн багийг шалгуулах хүсэлт АТГ-т гаргаад бүтэн 1 жил болж байна.
Эрүүгийн цагдаагийн газраас Авлигалын хэрэг байна гэж үзээд АТГ-д шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг болтол АТГ шалгасангүй ээ. Авлигатай тэмцэх үүрэг хүлээсэн газар нь ажлаа хийхгүй болохоор гадны дотны дээрэмчид, авлигачид даврахаас ч яах вэ дээ. Жилийн өмнө бичиж байсан өргөдлөө эргэн сануулья!!
ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ
ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ
2009 оны 10-р сарын 6-ны өдөр байгуулагдсан ба 2011 оны 6-р сарын 8-ны өдөр нэмэлт өөрчлөлт, оруулж дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээний 7.2 дугаар заалтын дагуу Оюутолгой ХХК-ийн менежментийг хариуцан ажиллаж байгаа Рио Тинто компаниас томилогдсон Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес, Санхүү хариуцсан захирал Пол Муллинс нарын этгээдүүдийг Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ баялгийн эзэн Монгол улсын иргэдийн эрх ашгийг 9 тэрбум доллараар хохироосон гэж үзэн ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргаж байна. Эдгээр хүмүүс нь Оюутолгой ХХК-ийн санхүүгийн баланс, тайланд гарын үсэг зуран баталгаажуулдаг, хариуцлага хүлээх эрх бүхий албан тушаалтнууд гэж үзэж байна.
Үндэслэлүүд:
1. 2021 оны 3-р сард Оюутолгой ХХК-ийн 66 хувийг эзэмшигч Туркойз Хилл компанийн 49 хувийн буюу жижиг хувьцаа эзэмшигчдээс далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум доллараар хэтэрч, ашиглалтанд орох хугацаа 30 сараар хойшлох болсныг геотехникийн нөхцөлөөс биш Рио Тинто компанийн менежментийн алдаанаас болсон хэмээн үзэж, АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд хандсан. Уг хэргийг Рио Тинто компани, түүний удирдлагуудын эсрэг үүсгэсэн юм.
2. Харин 2021 оны 8-р сарын 9-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хандсаны дүнд дэлхийн нэр хүндтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн багийг ажиллуулж, дүгнэлт гаргуулсан тухай Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахлагчтай ажлын хэсэг олон нийтэд мэдээлж, зардлын хэтрэлтийг 1.45 тэрбум доллар, далд уурхай ажиллаж эхлэх хугацааг 22 сараар хойшилсон гэж мэдэгдсэн нь жижиг хувьцаа эзэмшигчдийн АНУ-д үүсгэсэн хэрэг зөв болохыг баталгаажуулсан юм.
3. Оюутолгой ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд Үнэ цэнийн бууралтаас үүссэн гарз 1.920 тэрбум доллар, үүнээс шалтгаалан тус компани тухайн жил 2 тэрбум долларын алдагдалтай ажиллаж, хуритлагдсан алдагдал 4.5 тэрбум долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгой ХХК ажиллаж эхэлснээс хойш 10 гаруй тэрбум долларын баялгийн борлуулалт хийсэн ч баялгийн эздэд ашиг биш, 2019 оны байдлаар 1.53 тэрбум долларын алдагдал хүлээлгээд байна. Дээрх асар их хэмжээний хөрөнгийг данснаас хассан үндэслэл нь хөрсний бэрхшээл буюу геотехникийн нөхцөл гэж тайландаа тусгажээ. Тус тайланг олон улсын аудитын PWC компани баталгаажуулсан байна.
4. АНУ-д үүсгэсэн хэргийн гэрчүүд Оюутолгой ХХК-ийн удирдлагууд гүний уурхайн бүтээн байгуулалт, ялангуяа Хоёрдугаар босоо амыг барихдаа мэргэжлийн бус хүмүүст хариуцуулсан, асар их хэмжээний чанаргүй ган түүхий эдээр барьсан, нурах нь ойлгомжтой болонгуут дахин барьсан, Монголын Засгийн газар, ард түмэн, мөн Туркойз Хилл-ийн хувьцаа эзэмшигчдэд худлаа тайлан, мэдээ хүргэж, хууран мэхэлсэн зэргээр маш олон зөрчлийг мэдүүлж, хойд Америкийн стандартаар гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гэсэн байна. (Шүүхийн 163 хуудас материалын 74, 77, 92)
5. Одоо Монгол улсын Засгийн газрын ажлын хэсэгт ажиллаж буй гадны зөвлөхүүд Рио Тинто компанийн энэхүү үйлдэл нь гэмт хэрэг гэж үзэж буйгаа олон нийтийн сүлжээнд илэрхийлээд байна. Ричард Боули нь 2020 онд Монгол улсын Санхүүгийн зохицуулах хороонд Оюутолгойн удирдлагуудын хууль бус үйлдлийг мэдээлэн гомдол гаргасан ч ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй, ямар нэгэн шалгалт хийгдээгүй байна.
6. АНУ-ын шүүхэд үүссэн хэргийн материал, Монгол улсын Засгийн газрын санаачлагаар ажилласан Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн тухай албан ёсны хэвлэлийн хурлын мэдээлэл дэх зардал болон хугацааны хэтрэлтийг тооцон, математикч, судлаач Ч.Бат-Эрдэнэ дээрх хууль бус үйлдлээс үүдэн монголчуудад 9 тэрбум долларын баялгийн хохирол учрахыг тооцоолон гаргасан байна.
Иймд дээрх үндэслэлүүдэд дүгнэлт хийсний үндсэн дээр Оюутолгой ХХК-ийн удирдлагууд Монгол улсад асар их хэмжээний хохирол учруулах эдийн засгийн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй тул хуулийн дагуу шалган тогтоохыг хүсч энэхүү өогөдлийг гаргав.
Дээр дурдсан үндэслэлүүдэд холбогдох баримтуудыг хавсаргав. Үүнд:
- АНУ-ын Нью-Йорк хотын өмнөд дүүргийн шүүхэд үүссэн хэргийн нэхэмжлэл (163 хуудас)
- Монгол улсын Засгийн газрын ажлын хэсгээс 2021 оны 8-р сарын 9-ний өдөр мэдээлсэн хэвлэлийн хурлын баримт (фото зураг, сайтын линк, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн албан ёсны вэбсайтын мэдээ)
- Санхүүгийн тайлагналын Олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн Америк доллараар илэрхийлэгдсэн Оюутолгой ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайлангууд болон Хараат бус аудиторын тайлан (хуулбар)
- Ричард Боули, Лареаса зэрэг хүмүүсийн олон нийтийн сүлжээнд бичсэн бичлэг (@RBowley2, @PolitPlato)
- Судлаач Ч.Бат-Эрдэнийн тооцооны нэгтгэл, зураглал
ӨРГӨДӨЛ ГАРГАСАН:
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Б.ОТГОН
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Ч.БАТ-ЭРДЭНЭ
МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨӨХ ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
2021 оны 12 дугаар сарын 15
Улаанбаатар хот
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(89.43.164.204) 2021-10-18 01:07Чушь. Шынгысхан не халх монгол, а казах.
Хариулах