В.Путин Монголд ирлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 03-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийхээр Улаанбаатарын цагаар 14.25 цагт Монголд газардлаа.  Түүний тусгай үүргийн онгоц 12:40 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон юм. ОХУ-ын ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новбак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, төрийн өмчийн РЖД буюу “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин болон бизнесийн салбарыг төлөөлж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компанийн тэргүүн Олег Дерипаска нарын хүмүүс багтжээ.

Яг одоо Сүхбаатарын талбайд хүндэт харуулууд байраа эзэлж, дипломат төлөөлөгчид болон албаны хүмүүс ОХУ-ын ерөнхийлөгчийг угтаж авахад бэлэн болоод байна. 

putin

Айлчлалын хүрээнд:

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа Чингисийн талбайд болно.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар Их эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үүний дараа  ОХУ-ын ерөнхийлөгч “Хүндэт зочин”-ы дэвтэрт гарын үсэг зурна.

 Монгол, Оросын Ерөнхийлөгчид ганцаарчилсан уулзалт хийнэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны хэлэлцээ эхэлнэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зураг ёслолд оролцоно.

В.Путин нь 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар  Монгол Улсад төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа мөн айлчилж байсан.  Тэрбээр гурав дахь удаагаа Монголд хөл тавьж буй нь энэ бөгөөд  айлчлалын нь  үеэр хоёр улсын хооронд 20 гаруй гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурах юм байна. Тодруулбал, хоёр улсын хооронд 30 хоногийн хугацаатай визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээс гадна  УБТЗ-ын нууц  гэрээг шинэчлэх асуудал сөхөгдөх бол рубль, төгрөгийн своп хэлэлцээр байгуулна гэсэн мэдээлэл байна.  Тэрбээр  Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд Жуковын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчидтай хамт зоог барихаар төлөвлөжээ. 

Хугас өдрийн төлөвлөгөөтэйгөөр Монголд хийж буй В.Путины ажлын айлчлал төрийн айлчлалын хэмжээнд үнэлэгдэж байгааг албаны хүмүүс онцолж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.