Аяганы тухай үлгэр

Twitter Print
2020 оны 12-р сар 26-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Амьдралыг сайн мэдэхгүй ч, ихэд сониуч нэгэн залуу амьдардаг байж гэнэ. Тэрээр элдэв янзын эртний эдлэлд дуртай тул дэвэн дэлхийгээр хэсүүчлэн явж, тоос шороондоо дарагдсан хуучны эдлэлийн мухлагаас ховор зүйл олох бүртээ ихэд баярладаг байж гэнэ. Цайны аяганууд сонин түүх ихийг өгүүлж чадах юм шиг санагддаг байсан тул тэрээр цайны аягануудыг онцгойлон сонирхдог байж.

Залуу алс холын нэгэн оронд аялж яваад, музей гэхэд болмоор эртний эдлэлийн мухлагаас уг өгүүллэгийн гол баатар - эртний цайны аяга олж гэнэ. Залуу өнөөх олдвороо эргүүлж тойруулан инээмсэглэн хараад зогсож байтал аяга өөдөөс нь гэнэт хүний хэлээр хүүрнэв гэнэ: “Эрхэм аялагч минь, чи намайг харж байна. Гэхдээ би үргэлж ийм аяга байгаагүй юм шүү. Нэгэн цагт би ямар ч утга учиргүй амьдралаар амьдарч байлаа. Учир нь би ердөө л хэсэг улаан шавар байсан юм. Залуу минь, миний түүхийг сонс. Хэдэн сая жилийг би газрын хөрсөнд хэвтэж өнгөрүүлсэн юм. Зуун зуун жил хөврөн өнгөрч, хүмүүс хоорондоо дайтаж, эвлэрч, элдэв соёл иргэншил төрж үүсэн, задран мөхөж байхад би ямар нэгэн зүйлийг догдлон хүлээж газар хэвтсээр л...

Гэтэл цаг нь болж, Эзэн маань ирдэг юм байна! Тэр намайг гэртээ аваачин, модон ширээн дээр нухалж, элдэж гарлаа. Биеийг минь хуруугаараа дахин дахин базлахад нь би тэсэлгүй “Боллоо! Намайг тайван орхи!” гэлээ. Бие минь янгинан өвдөж байсан ч, Эзэн чимээгүйхэн инээмсэглээд, толгойгоо сэгсрэн “Арай л болоогүй байна” гэж хэлээд намайг хурдтай эргэлдэх хүрдэн дээр тавьлаа. Хорвоо дэлхий нүдний минь өмнүүр асар хурдтай эргэлдсээр нэг том манан болон хувирав. “Чи яаж байна аа! Дотор минь муу байна. Энэ аймшгийг одоохон зогсоо” гэж би шивнэлээ. Харин Эзэн намайг ойлгосон шинжтэй санаа алдаад, аяархнаар “Арай л болоогүй байна” гээд өнөөх хүрдээ эргүүлэнгээ намайг галбир дүрсэнд оруулж байв. Дараа нь...

Тэр намайг болгоомжтой гэгч нь зууханд хийлээ. Ийм шатам халуун байдгийг би огт мэдээгүй явж. Би орилж хашгиран, зуухны хаалгыг нээхийг оролдож: “Энд тамд байдгаас илүү халуун байна. Надаас юу ч үлдэхгүй нь! Оройтойгүй дээр нь намайг гаргаач!” хэмээн дуу алдав. Гэвч зуухны шилэн хаалганы цаанаас Эзнийгээ “Арай л болоогүй байна” гэж байгааг уруулынх нь хөдөлгөөнөөс би олж уншлаа. Ингээд л өнгөрлөө гэж бодож байтал зуухны хаалга нээгдэж Эзэн намайг гарган авч тавиур дээр тавилаа, би ч цээж дүүрэн амьсгаа авлаа. Ингээд нэг тайван байх нь юутай сайхан гээч.

Гэтэл адал явдал үүгээр дууссангүй. Дөнгөж сэхээ ороод байтал Эзэн намайг тавиур дээрээс авч анхааралтай харснаа тоосноос минь салгадаг юм байна. Тэр намайг будах гэж байлаа! Тэгээд ч зогсохгүй... Лак гэгч маш муухай зүйл намайг хүлээж байлаа. Би хорт үнэрт нь мансуурч, ухаан балартан: “Өршөө намайг! Намайг өрөвдөхгүй байна гэж үү? Гуйж байна, намайг тайван орхи. Хэрэггүй ээ!” гэлээ.

Хариуд нь Эзэн маань толгой сэгсрээд, өнөөх “Арай л болоогүй байна” гэдгээ хэлэв. Тэр намайг будаж дуусаад, зууханд буцаагаад хийчихдэг юм байна. Энэ удаа өмнөхөөсөө бүр улам халуун байлаа. Би ингээд л дуусдаг юм байж. Би түүнээс гуйж нэг үзлээ, сүрдүүлж нэг үзлээ, бүтсэнгүй. Эцэст нь уйлж үзсэн боловч дусал ч нулимс гарсангүй. За ингээд өнгөрдөг юм байж гэж бодон үхлийн ангал руу унаж байх тэр эцсийн мөчид би Эзнийхээ гарыг мэдэрлээ. Тэр намайг зуухнаас гарган авч дахин тавиур дээр тавьлаа. Тэнд би аажмаар хөрж эхлэв.

Цааш нь юу болсныг сонсмоор байна уу? Цагийн дараа Эзэн маань буцаад ирэв. Тэр дөхөж ирснээ миний өмнө толь тавиад “Өөрийгөө нэг хар даа” гэлээ, би ч хэлснээр нь харлаа. Толинд харсан тэр зүйл үнэхээр сайхан байсан тул би “Энэ би биш!” хэмээн дуу алдав. Тэр зүйл би байж огт таарахгүй. Тэр үнэхээр сайхан, бүр дэндүү сайхан байлаа. 

Эзэн маань намайг өрөвдсөн шинжтэй ингэж хэллээ: “Чи ийм л төрхтэй болох ёстой байсан юм. Чамайг элдэж байхад чамд ямар хэцүү, зовиуртай байгааг би анзаарсан. Гэхдээ хийг чинь гаргахгүй бол чи хожим нь цуурч хагарах байлаа. Хүрдэн дээр эргэлдэж байхдаа хамаг зүг чигээ алдаж байгааг чинь би харсан. Гэхдээ, тэгэж эргүүлээгүй бол чи ийм төрхтэй болохгүй байх байлаа. Лакны хорт үнэр тэсвэрлэхийн аргагүй байсныг би мэднэ. Гэхдээ түүнгүйгээр чиний амьдрал урьдын адил өнгө будаггvй, харин чи өөрөө сул дорой чигээр үлдэх байлаа. Хоёрдахь зууханд шатаагдах нь чиний хувьд хамгийн хүнд сорилт байсан. Гэхдээ, тэр байгаагүй бол чи амьдралын хүнд сорилтын өмнө сөхөрч унах байлаа. Энэ бүхнийг чиний төлөө хийсэн гэдэгт минь итгээрэй. Чи үнэхээр гоё аяга болжээ. Яг л анх чамайг гартаа барьж байхдаа миний төсөөлж байсан шиг. Ингээд амьдрал чинь утга учиртай боллоо.”

Аяга ийнхүү түүхээ хүүрнэж дуусгахад, гялалзах амсарнаас нь талархлын нулимс бөмбөрөн уналаа. Залуу мухлагийн эзнээс аягыг худалдан авч явсан бөгөөд түүнийг зөвхөн Бурхны үйл хэрэгт зориулсан гэдэг. Аягны үлгэр түүний хувьд амьдралынх нь замыг заагч од байж гэнэ. Хувь тавилан түүнээс нүүр буруулахад “Боллоо! Хангалттай!” гэж хашгирмаар санагдах бүрт тэр Эзний “Арай л болоогүй байна” гэх үгсийг эргэн санадаг байж гэнэ. Хүнд бэрх сорилт бүр нэг л зүйл өөд хөтөлдөг гэдгийг тэр яваандаа ойлгосон юм - Бурхны хүссэн шиг сайн хүн болох. Бурхан биднийг яагаад сорьж байгаагаа үргэлж мэддэг. Тэр бол – урлаач, харин бид түүний шавар. Тэр биднийг нухалж бэлдэх болно. Тэр биднийг зөвхөн бидэнд тохирох аргаар хатуужуулсаар гайхалтай сайхан аяга болгон хувиргаж, хайрын маань бал бурамыг хүртэх болно.

Олег Сунцов

Счастливый психолог сайтаас орчуулав.

Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.