
Туркийн Дотоод хэргийн яамны гадаа амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлжээ
Туркийн нийслэл Анкара хотод байрлах Дотоод хэргийн яамны гадаа амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлжээ.
Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликайн X хуудсандаа бичсэнээр энэ сарын 1-нд хоёр алан хядагч жижиг фургонтой Дотоод хэргийн яамны гадаа зогссон ба нэг алан хядагч нь машинаасаа бууж, биен дэх тэсрэх бөмбөгөө дэлбэлж амиа алдсан бол нөгөөхийг нь хууль сахиулагчид буудан хөнөөжээ.
Халдлагын улмаас цагдаагийн хоёр албан хаагч шархдсан ба уг халдлагыг Курдистаны Ажилчдын нам бүлэглэлтэй хамааралтай бүлэглэл зохион байгуулсан болохоо мэдэгджээ.
Туркийн парламентын чуулганы нээлтэнд оролцож үг хэлсэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган дээрх халдлагыг туркуудыг айлган сүрдүүлэх гэсэн оролдлого хэмээн, "Иргэдийн амгалан тайван байдал, аюулгүй байдалд заналхийлэгсэд зорилгодоо хэзээ ч хүрч чадахгүй." хэмээн онцолжээ.
Курдистаны Ажилчдын нам бүлэглэлийн дэргэдэх Курдистаны Эрх чөлөөний Шонхрууд нэртэй бүлэглэлээс уг халдлагыг тусгайлан парламентын чуулганы нээлтийн өдөр, парламентын ордонтой ойр байршилд зохион байгуулсан, халдлагыг аль болох олон хүний аминд хүрэхээргүй байхаар төлөвлөсөн хэмээн мэдэгджээ.
1970-аад оны сүүлээр байгуулагдсан Курдистаны Ажилчдын нам бүлэглэлийг Турк, АНУ болон Европын холбоонд алан хядах бүлэглэл гэж тодорхойлдог ба тус бүлэглэлийн 1984 онд Туркийн зүүн өмнөд зүгт үүсгэсэн эмх замбараагүй байдлын үр дүнд олон мянган хүн амиа алдсан юм.
Туркийн Дотоод хэргийн яамны гадаа болсон алан хядах ажиллагааны хариуд Анкара Иракийн хойд зүгт Курдын босогчдын байршлуудад цохилт үзүүлжээ.
Туркийн засгийн газрын мэдээлснээр Анкара курдын босогчдын байрлаж буй агуй, агуулах, хоргодох байр зэрэг нийт 20 объект, Курдистаны Ажилчдын нам бүлэглэлийн олон тооны цэргүүдийг устгажээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.