
Хонгконгт өнгөрсөн мягмар гарагаас эхлэн Бээжингийн эрх баригчдын санаачилсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд байна. Шинэ хууль нь Хонгконгийн байнгын болон түр оршин суугчдад бүгдэд нь хамаарах бөгөөд салан тусгаарлах үзэл санаа илэрхийлсэн, хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаа зохион байгуулсан, гадаадын улстай үгсэн хуйвалдсан этгээдэд 3 жилээс насаар нь хорих хүртэл ялаар шийтгэхээр тусгажээ.
Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль нь ардчилсан иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг таслан зогсоох үр дүнтэй арга бөгөөд Хонгконгийн эрх чөлөөг үгүй хийж байгаа аж. Их Британи Хонгконгийн тусгай захиргааны бүсийг 1997 онд Хятадын эзэмшилд буцаан өгсөн ба Их Британи-Хятадын байгуулсан зөвшилцлийн гэрээний дагуу Хонгконгийн иргэд их газрын Хятадын иргэдтэй харьцуулахад зарим давуу эрхийг эдлэх эрхтэй байсны дотор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрх юм. Хонгконгийн захирагч Кэрри Лам Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь Хонгконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулин дахь "цоорхойнуудыг" нөхөж чадсан хэмээн онцолсон юм.
Нөгөө талаас Хонгконгийн сөрөг хүчний гишүүн Тед Хүй шинээр батлагдсан хуулийн талаар, "Бидний эрхийг булаан авлаа, бидний эрх чөлөө, бидний хууль эрх зүйн бие даасан байдал үгүй боллоо." хэмээн мэдэгджээ. Их Британи, Европын холбоо болон НАТО дээрх хуулийг буруушааж буйгаа илэрхийлээд байгаа бол Хонгконгийн ардчилсан иргэний хөдөлгөөнийхөн шинэ хуулийн золиос болохоосоо эмээн таран бутарч эхэлжээ. Вашингтоны зүгээс худалдаа болон аялал жуулчлалын салбарт Хонгконгийн талд давуу эрх олгодог байсан ч Бээжингийн эрх баригчдын баталсан шинэ хуулийн төслийн улмаас хонгконгчуудад давуу эрх олгох асуудлаа зогсоох талаар хэлэлцэж байгаа аж.
Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн дагуу Хятадын төв удирдлага, Хонгконгийн засгийн газрын эсрэг турхирах, өдөөн хатгахыг хориглох ба нийтийн тээврийн буудлыг эвдлэн сүйтгэх нь алан хядах үйл ажиллагаанд тооцогдож, Бээжингийн эрх баригчид Хонгконгт аюулгүй байдлын албаа байгуулж, Хонгконгт үйл ажиллагаа явуулдаг гадаадын ТББ, хэвлэл мэдээллийн агентлагуудын менежментийг чангатгах аж. South China Morning Post сонинд бичсэнээр Хонгконгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд ардчилсан иргэний хөдөлгөөнийхнийг дэмжиж байсан гэх тэмдэг тэмдэглэгээ, шинж тэмдгээс ангижирч байгаа аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.