Сахарыг хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна

Twitter Print
2023 оны 01-р сар 28-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Сахар хор, сахар муу, хавдар үүсгэнэ гээд ярьхын тулд эхлээд хэд хэдэн үндсэн зүйлсийг мэддэг байж ярих шаардлагатай. Та ч өөрөөсөө асуугаад үзээрэй.

  1. Сахар нүүрс усны аль төрөлд багтдаг вэ?
  2. Нүүрс усны ямар молекулаас тогтдог вэ?
  3. Глюкоз фруктоз 2 хоорондоо ямар ялгаатай вэ?
  4. Бусад нүүрс усны төрлөөс онцлог давуу тал байгаа юу?
  5. Сахар нь химийн аргаар гаргаж авдаг зүйл үү?
Сахар нь нүүрс усны нэг төрөл гэдгийг бүгд мэднэ. Дотор нь ангилаад бичвэл моносахарид буюу глюкоз, фруктоз, галактоз /1ш нүүрс усны хамгийн жижиг бүтэц гээд энгийнээр ойлгоно- хүнээр бол 1ш эс/. Глюкоз, фруктоз, галактоз энгийнээр бол ижил боловчиг хүний биед үзүүлэх механизм, шинж чанараараа гайхалтай ялгаатай. Глюкоз нь бидний цусанд урсах сахарын энгийн хэлбэр, фруктоз нь гайхалтай чихэрлэг амт үүсгэгч учир сахарыг гол бүрдүүлэгч. Тэр ч чанараараа хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж хэрэглээний чанарыг дээшлүүлнэ. Галактоз бол сүүний сахарыг бүрдүүлэгч боловч мэдрэл зохицуулга, тархины үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд маш чухал гээд дурдаад байвал дуусахгүй.
2 ш нүүрс усны жижиг бүтэц нийлээд - Дисахарид
Үүнд бидний хэрэглэдэг Сахар, Сүүнд агуулагддаг Лактоз, үр тарианд агуулагдах Мальтоз багтана.
Глюкоз+фруктоз= Сахар
Глюкоз+Галактоз= Лактоз
Глюкоз+Глюкоз= Мальтоз... гэсэн бүтцээс тогтоно.
Сахар Фруктоз орсон тул чихэрлэг амттай байдаг.
Полисахарид бол олон тооны моносахаридаас тогтсон бүтэцтэй тул моносахарид хоорондын холбоог бидний биеийн фермент таслах гэж уддаг тул хэрэглэхэд цусны сахарыг удаан нэмэгдүүлдэг давуу талтай байдаг гээд энгийнээр бид мэднэ дээ. Энийг түр орхиё.
Нүүрс усны гол үндсэн үүрэг нь бидний биеийн энергийн эх үүсвэр. Энергийн 60%-г хангана гэхээр бидний суурь хоол хүнс. Тэр ч утгаараа бид энерги зарцуулах буюу хөлс гарч л байвал тэр хэмжээгээрээ хэрэглэх шаардлагатай хүнс. Онцлог давуу талыг нүүрс усны төрөл бүр дээр ашиглах боломжтой.
Жишээ авая. Сахарыг хамгийн түрүүнд хэрэглэх шаардлагатай хүмүүс бол хөдөлгөөн өндөртэй тамирчид, ялангуяа массны бэлтгэл хийж буй хүмүүс. Тухайн дасгалын үед зарцуулж буй өндөр энергиэ хоол хүнснээс хангахын тулд хурдан задраад хурдан ашиглагдах нүүрс усыг бэлтгэлийн өмнө хэрэглэх нь булчингын задрал, жингийн алдагдлыг гайхалтай багасгана. Дасгалын дундуурч энгийн нүүрс усны төрлийг ч түлхүү хэрэглэнэ. Сайн гээд бүхэл үр хэрэглээд байвал үр дүн муутай л байх болов уу.
Жингийн дутагдалтай хүмүүс. Муу муу гээд муу хүнс идэхээ болиод тураалтай байдаг хүмүүс олон. Тэр болгон ойр ойрхон олон, шаардлагатай илчлэгээр хангахын тулд хурдан задраад, хурдан нөөцлөгдөх нүүрс усны хэлбэрийг сонгоно. сахар , цагаан гурил будаа бүгд багтана. Сахар хор гэхээс илүү хэвийн жинтэй болох нь илүү эрүүл байх боломжтой.
Өвчний үед: Бөөрний өвчин, ялангуяа бөөрний дутагдал, диализын өвчтөнүүдийн хувьд хоолны хязгаарлалтыг ихээр тавьдагтай холбоотой жингийн алдагдлыг хянаж чаддаггүй. Жилээс жилд турж эцдэг тул өдрийн илчлэгийн тодорхой хэсгийг сахараас авахыг зөвлөдөг. Цагаан гурил, будаа, сахар бүгд багтана.
Дээрх жишгээр ингээд яриад байвал маш олон зүйл яригдана. Тухайн шимт бодисын үнэн шинж чанарыг мэдэж ойлговол ямар үед ашигтай, ямар үед хор болгохыг Эрүүл монгол хүн та өөрөө ойлгоно.
Зүгээр л хэтрүүлж хэрэглээд л байвал хурдан задраах өөх болоод л нөөцлөгдөөд байна. Түүнийгээ зөвхөн хөдөлгөөн хийж зарцуулах л шаардлагатай.
Бүх зүйлд давуу тал, сул тал зэрэг оршдог. Алийг нь сонгох нь бидний мэдлэг л шийднэ. Үндсэн үйлчлэх механизмыг ойлгоод эхэлбэл хаана хэрэглэх, хэзээ хэрэглэхээ хэнээр ч заалгахгүй болно.
Хоол бол хэмжээ. Сайн хүнс, муу хүнс гэж байдаггүй гэдэг дээ.
Хоолзүйч Э.Санчир
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.