Чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын хүн амын дунд таргалалтын тархалт 2010-аас 2017 оны хооронд хоёр дахин, 7-11 настай хүүхдийн дунд долоо дахин нэмэгдсэн судалгаа байгаа нь таргалалтын эсрэг арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Таргалалтад хамгийн их нөлөө үзүүлж байгаа чихэр агуулсан ундааны хэрэглээний талаар энэ удаад мэдээлэл өгөхийг хүслээ. Хүүхэд болгоны уух дуртай, хүүхдүүдээ баярлуулах гэж, аргадах гэж аав, ээж бидний авч өгдөг чихэрлэг ундааны мөн чанарын талаар мэдээлэл бага байдаг учраас мэдлэг бидэнд хомс байдаг.

Хийжүүлсэн, хийжүүлээгүй хоёр төрлийн чихэрлэг ундаа Монгол улсад нэг жилд дунджаар 210 сая литр худалдаалагдаж, эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг муутган байж олсон хэдэн төгрөгөө чихэрлэг ундааг худалдаж авахад зориулж, нийт худалдан авалт жилд 522 тэрбум төгрөгт хүрч байна. Энэ нь хэр их мөнгө вэ гээд үзвэл Эрүүл мэндийн салбарын жилийн төсвийн 77 хувь байна. Гэтэл эрүүл мэндийг сайжруулах гэж тийм хэмжээний мөнгө зарж байхад эргүүлээд тэрнээс дутахгүй мөнгийг эрүүл хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хохирооход зориулж байгаа нь бодох л асуудал болж байна.

Тэгвэл хүүхэд гэлтгүй томчууд ч дурлаад байдаг чихэрлэг ундааны ид шид юунд байна? Чихэрлэг ундаа нь шимт бодисыг огт агуулдаггүй, жимсний үртэс байтугай үнэр ч байхгүй харин эсрэгээр, жимсний өнгө оруулагч, жимсний үнэр оруулагч бодис их хэмжээгээр агуулдаг байна. Сэнгэнэсэн сайхан амттай болгохын тулд нүүрс хүчлийн хий, удаан хадгалахад муудгахгүй байлгахын тулд натри бензоат, эсэлдүүлэхгүйн тулд нимбэгний хүчлийн натри, ортофосфорын хүчил, их хэмжээний натри гээд тоочоод байвал дан химийн бодисуудаас ундаа маань бүтэж байна. Кофейн агуулдаг учир донтох байдлыг бий болгож дахин дахин уух хүсэл, дасалтай болгодог. Эдгээр нэмэлтээр орж байгаа бодисууд нь хавдар үүсгэдэг бодисуудыг давхар агуулдаг нь тогтоогдоод байна. Нэг лааз кока коланд 8,5-10 халбага элсэн чихэр ордог байна.

Чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө зурган илэрцүүд

ДЭМБ өдрийн чихрийн хэрэглээг зургаан халбага, өдрийн нийт илчлэгийн арван хувиас хэтрүүлэхгүй байх нь хүний биед хоргүй, байх ёстой хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд ер нь цаашид чихрийн хэрэглээг амьдралын турш бууруулах, илчлэгийн таван хувиас илүү гаргахгүй байхыг зөвлөж байна. Тэгвэл нэг лааз кока кола уухад л бүх л өдрийн турш авах ёстой чихрийн хэмжээг авчихаж байна.

Гэтэл цаана нь бусад хоол хүнсээр дамжаад өчнөөн чихэр орж ирэх байдаг. Улаанбаатар хотын 2-18 настай 3 хүүхэд тутмын нэг нь өдөр бүр чихэрлэг ундаа уудаг, 2 хүүхэд тутмын нэг нь төрөл бүрийн чихэртэй цай, ундаа өдөр бүр уудаг гэсэн тоо баримт бий. Хүүхэд, өсвөр үеийхэн өдөр бүр 330 мл чихэрлэг ундаа уухад л тэднийг таргалалтад өртөх эрсдэлийг 2.8 дахин нэмэгдүүлдэг. Хэрэв хүн өдөр бүр 500 мл чихэрлэг ундаа уудаг бол нэг жилд 22 кг дан элсэн чихэр идэж байна гэсэн үг. Зургаан сарын турш өдөр бүр 500 мл чихэрлэг ундааг уувал цусны даралт ихсэх, гипертриглицеридеми, биеийн өөхлөгийн масс ихсэх зэрэг олон төрлийн бодисын солилцооны хам шинжүүдийг үүсгэдэг. Өдөрт 1-2 стакан, түүнээс их хэмжээгээр чихэрлэг ундаа уудаг хүн чихрийн шижин хэв шинж 2-т өртөх эрсдэл чихэрлэг ундаа бага хэрэглэдэг хүнээс 26%-иар их байдаг. Хүүхдэд хамгийн түрүүн шүд цоорох өвчин, эрүү нүүрний гаж буруу өсөлт, хөгжилт, уураг тархины ажиллагаа, сэтгэн бодох чадвар, ой санамж муудах, хөдөлгөөн удаашрах, дотогшоо таргалалт, биеийн өндрийн өсөлт зогсох зэрэг шинж тэмдэгүүд гарна. Хэн ч хүүхдээ намхан пагдгар, хөгжлөөрөө бусдаасаа хоцронгуй, сургалтандаа муу байхыг хүсэхгүй шүү дээ. Монголчууд бид хярам, цэгээгээрээ ундаалж ная хүрсэн өвөг дээдэс маань гучин хоёр шүдтэйгээ эрүүл саруул насалж ирсэн ард түмэн. Гэтэл одоо шүд цоорох өвчин нийт хүүхдүүдийн дунд ная гуруй хувийг эзэлж байна.

ЭМЯ “Эрүүл хүүхэд-эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж ерэн гурван мянган хүүхдээ эрүүлжүүлсэнч хэрэв чихэрлэг ундаанаас нэн даруй татгалзахгүй бол хоёрдогч шүдний цоорол үүсч эмчлүүлсэн шүд дахин эмчилгээ авахад хэцүү болж төрийн мөнгө салхинд хийсэж, эцэг эхчүүд өөрийн карманаас дахин мөнгө зарж хүүхдийнхээ шүдийг эрүүлжүүлэх болох нь. Тэгвэл чихэрлэг ундаанд ид шид байна гэхээсээ хөнөөл байна гэж хэлбэл болохоор байна.

Чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө зурган илэрцүүд

Дэлхий нийтээрээ чихэрлэг ундааны хэрэглээг багасгах үйл ажиллагаанд нэгдэн орж байна. НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ-ын эмэгтэй гишүүд “Чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэцүүлгийг зохион байгуулсан нь эх хүнийхээ хувьд ирээдүйн үрсийнхээ сайн сайхны төлөө эв санаагаа нэгтгэн хамтдаа тэмцэхийг уриалсан нөгөө талаас төрийн бодлогод тусгаж бодитой арга хэмжээ авахад хувь нэмрээ оруулах болсноо илэрхийлсэн арга хэмжээ болов. Хүн хэчнээн хор нөхөөлийг нь мэдэж, ойлгох боловч өөрийн ухамсраараа аливаа муу зуршлаасаа салж чаддаг нь ховор байдаг. “Хүн цэцэн ч хэлэхээс нааш санахгүй, цаас нимгэн ч чичихээс нааш цоорохгүй” гэдэг шиг эцэг эхчүүд хүүхдүүдээ эрүүл бус хор болсон хийжүүлсэн ундааны хэрэглээнээс салгах нь битгий хэл өөрсдөө авч өгөх сэтгэлгээнээсээ салахгүй л байна. Иймд тохиолдолд төрийн хатуу чанд бодлого яах аргаагүй хэрэгтэй болдог байна. Жишээ нь АНУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны 2016 оны төсвийн 96%-ийг хоол тэжээлийг дэмжих 5 хөтөлбөрт зарцуулагдсаны хоёр хөтөлбөр нь сургууль, цэцэрлэгийн орчин дахь эрүүл хооллолтыг дэмжих хөтөлбөр байсан аж. Мөн Австраль улсын Күйнсланд хотод хэрэгжиж буй “Better choice” хөтөлбөр /2008 оноос/ Бүх шатны эрүүл мэндийн байгууллагад чихэрлэг ундааны хэрэглээг хориглосон.

Чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө зурган илэрцүүд

Харин Тайланд улсад /2009 оноос/ бүх шатны сургуулиудад чихэрлэг ундаа хэрэглэх, үйлчлэхийг хориглосон бол Бруней, Филиппин, Мексик, Тайланд зэрэг 48 улс, АНУ-ы 8 мужид чихэрлэг ундаанд татвар ноогдуулж үр дүнг нь үзэж байна. Жишээ дурдахад: Чихэрлэг ундаанд татвар ногдуулсан Мексик улсын хувьд Татвар нэмсэнээс (2014 он) хойшхи 2 жилийн хугацаанд чихэрлэг ундааны худалдаа эхний жилд 5.5%, дараагийн жилд 9.7% буурсан, Татвар ноогдуулсан бүтээгдэхүүний үнэ дунджаар 10-12% нэмэгдсэн бөгөөд хэрэглээ 10%-аар буурсан нь тамхины татвараас илүү үр дүнтэй байсан гэж сулаачид нь үзэж байна. Чихэрлэг ундааны татварыг 2014 онд нэмсэнээс хойш татварын нэмэлт орлого MXN 107.2 тэрбум ($5.7 тэрбум) болж, энэхүү нэмэлт орлогыг ундны усны хангамж нэмэгдүүлэхэд зориулж, тухайн орны бүх сургуулиудад цэвэр усны цорго суурилуулсан байна.

Энэ мэтчилэн улс орнууд хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний сурталчилгааг хориглох зэрэг олон арга хэмжээ бүхий ажлуудыг өрнүүлж байна. Манай улсад өдөрт хүүхдийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн дундуур чихэрлэг ундааны сурталчилгааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд өдөрт дунджаар 600 гаруй чихэрлэг ундааны сурталчилгаа явж байгааг анхаарах цаг болжээ. Үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндээр мөнгө олдог арга төдийлөн буянаа өгөх бизнес биш гэдгийг хэлэхийг хүсч байна.

АШУҮИС-иас хэт чихэрлэг болон хийжүүлсэн ундааны хор хөнөөлийн талаар шат дараалан олон судалгаа хийгдэж байгаа бөгөөд, олон нийтэд мэдлэг, ойлголт өгөх кампанит ажил өрнүүлэх, сургууль, эрүүл мэндийн байгууллагын эрүүл хооллолтыг дэмжих, ундны усаар хангах, чихэрлэг ундааг хүүхдэд сурталчилахыг хязгаарлах, сургуулиас 300 метр орчинд чихэрлэг ундаа худалдаалахгүй байх зэрэг арга хэжээг төрийн бодлогын төвшинд цогц байдлаар улсын хэмжээнд жигд хэрэгжүүлэх шаардлага үүсч байна. Хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, сайн сайханы төлөө бүх нийтийн оролцоог хангацгаая.

Ж.ЦОЛМОН

АУ-ны доктор, профессор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.