Жанек Шлейфштейн өлссөн чонон сүргийн дундаас амьд сугарч чадсан бяцхан баатарлаг хувь заяатай хүү байв

Twitter Print
2021 оны 08-р сар 17-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

1997 онд Италийн кино найруулагч Роберто Бенигни 5 настай хүүгээ нацистын хорих лагерт нуусан еврей хүний ​​хувь заяаны тухай домог мэт яриагаар "Амьдрах сайхан" киног бүтээсэн юм.

Бенигни гурван Оскарын шагнал хүртсэн бөгөөд дэлхий даяар алдартай болсон хэдий ч энэ түүхийг зохиомол гэж үзсээр байсан.

Найруулагч ч үзэгчид ч ийм явдал үнэхээр болсон гэж төсөөлөөгүй түүх өөрөө үнэн байсан юм.

Жанек Шлейфштейн 1941 оны 3-р сарын 7-нд Польшийн зүүн өмнөд хэсэгт орших Сандомиерз хэмээх еврей сууринд төржээ. Хүүг дөнгөж нэг настай байхад эцэг эх нь хүүгээ нуух ёстой байдалд оров. Еврэй хоригдлуудыг зэвсгийн үйлдвэрт боол болгон Честочова руу зөөв. Эхний өдөр нацистууд бүх хүүхдүүдийг Освенцим рүү явуулахад Жанекийн ээж хүүхдээ хонгилд аваачиж, нууж чадсан бөгөөд тэнд 18 сар тас харанхуйд амьдарч, эцэг эх нь хоол хүнс зөөж, хүүгээ огт чимээ гаргахгүй байхыг зааж өгөв.

Жанек хүү хулгана барих мууртай болж амьдрал өрнөсөөр байлаа..

1943 оны 9-р сард зэвсгийн үйлдвэрийн еврейчүүдийг Бухенвальдын бөөнөөр хорих лагерьт илгээн "Edem das Seine" - "Хүн бүрт өөрийн гэсэн" гэсэн бичээсийг хаалга болгонд наасан байв. Тэр шөнө Шлейфштейн 2 нас 5 сартай хүүдээ “Одоо бид сонирхолтой тоглоом тоглох гэж байна. Би чамд өнөө орой гурван ширхэг ёотон өгнө гэж амлаж байна. Нөхцөл байдал нь юу ч болсон хамаагүй чи огт уйлж болохгүй" хэмээжээ.

Ёотон асар их үнэ цэнэтэй зүйл байсан бөгөөд бараг ярьж чадахгүй байсан Жанек хүү ёотонгийн сургаар баярлаж байв.

Аав нь нүхлэж цоорхой гаргасан том цүнхэнд хүүгээ хийж, дээрээс нь хувцсаа эвхэн чигжээд мөрөн дээрээ тавив.

Бухенвальдад очихдоо гэр бүл салан төөрөлдсөн гэж Дэлхийн 2-р дайны судлаач Тадеуш Камински бичжээ.

Жанекийн ээжийг өөр нэг хорих лагерь болох Берген-Белсенд аваачсан бөгөөд бусад өндөр настан, хүүхдүүдийг хоригдлуудын өмнө бууджээ. Хорих лагерийн комендант, СС ийн штандартенфюрэр Герман Пистер, "Бидэнд шимэгчид биш, ажилчид хэрэгтэй" хэмээн хэлж байв.

Израиль Шлейфштейн хүүгээ хуаранд нууцаар дагуулж очсон бөгөөд дараа нь Германы хоёр коммунист хүүг нуухад тусалжээ. Хүүд борооны ус болон нууцаар авчирсан зүсэм талх өгч байв. Хоригдлуудын нэг нь модоор бяцхан морь сийлж өгчээ. Хүүхэд шивнэн ярьж, хэзээ ч уйлдаггүй өөрийгөө нууж чаддаг байв. "Муусайн дайснууд чамайг олохгүй байх ёстой" гэж аав нь үргэлж тайлбарлаж өгсөн ч модон тоглоомыг 30 нас хүрч яваа Роттенфюрер гэгч хянагч хуаранд үзлэг хийх үеэр илрүүлжээ. Тэр хоригдлуудын байрыг удтал онгичин хайж, хүүхэд нуугдаж байсан газарт бүдэрч унав.

Дараа нь жинхэнэ гайхамшиг тохиолдсон юм.

Хянагч, Жанектай яг ижил насны хүүтэй байсан бөгөөд түүнд огт инээмсэглэлгүй бяцхан хүү ихэд таалагджээ. Роттенфюрер хүүгийн талаар комендантад мэдэгдээгүй, түүгээр үл барам хүүхдийг "Бухенвальдын сахиус" гэж нэрлэн хуаранд үлдээжээ. Түүнд зориулж хоригдол "хүүхдийн" дүрэмт хувцас оёхыг тушаав. Тэр мөчөөс эхлэн бяцхан хоригдлыг өглөөний үзлэгт дуудан жагсааж эцэст нь "Бүх хоригдлуудыг тоолж дуусч байна!" хэмээн хэлжээ.

Явган ярианаас үүдэн, SS-ийн өндөр албан тушаалтнууд хуаранд гэнэт гарч ирсэн хүүхдийг устгах тушаал өгөв. Бухенвальд дахь бүх хүүхдүүдийг устгах ёстой байсан.

Дашрамд хэлэхэд Жанектэй хамт 10-аас доош насны дор хаяж хорин хүүхэд Бухенвальд дахь янз бүрийн хуаранд нуугдаж байсан бөгөөд бараг бүгд дайн дуустал амьд үлджээ. Тэдний дунд Краковт төрж, 1944 онд Бухенвальд руу илгээсэн дөрвөн настай Стефан Цвейг юм. СС-ийн эмнэлгийн хижиг өвчний тасагт нуусан байв. Хижиг өвчтэй өвчтөнүүдийн дунд байхдаа эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хүүхэд нуугдан амьдарч байсан ч хуаранг чөлөөлөх хүртэл халдвараар өвдөлгүй нуугдаж байсан түүх байна.

1945 оны 2-р сард Жанек санамсаргүйгээр хашаанд тоглохоор гарч, хуарангийн дэд даргын хараанд өртжээ. Тэр уурлаж, "жижиг еврейг харьяалагдах газарт шилжүүлэхийг" тушаав... Хүүг хийн камерт аваачихаар баривчилсан боловч аав нь нялх хүүтэй салах ёс гүйцэтгэхийг хоёр хоног гуйжээ.

Аз болоход хоёр хоногийн дараа нацистыг Зүүн фронт руу илгээв. Израиль Шлейфштейнд аз таарч хүүгээ хуарангийн эмнэлэгт нуусан бөгөөд 1945 оны 4-р сарын 11 хүртэл Бухенвалдын хоригдлууд бослого гаргаж, нацистуудыг барьж авах хүртэл тэндээ нуугдаж байжээ.

Жанек Шлейфштейн алуурчдын дунд амьд үлдэх боломж маш бага байсан бөгөөд өлссөн чонон сүргийн дундаас амьд сугарч чадсан бяцхан баатарлаг хувь заяатай хүү байв. Дайны дараа хүүгийн ээж аврагдсан нь тогтоогдсон түүнийг Дахаугаас олжээ.

1948 онд бүх гэр бүл Америк руу явцгаасан.

АНУ -ын Төрийн архиваас Жанекийн түүхийг олсон бөгөөд энэ нь Бенигни киноны дараа олдсон түүх юм. Жанек сэтгүүлчдэд цорын ганц ярилцлага өгсөн хэмээдэг.

Бухенвальдын хамгийн жижиг хоригдол тэтгэвэрт гарсан байсан, түүний хувьд нарийн ширийн зүйлийг санах нь хэцүү байдаг.

... 80 настай Жанек Шлейфштейн Нью-Йоркт амьдарсаар байна. Тэрээр харанхуйгаас айдаг тул (бүх амьдралынхаа турш) гэрлээ асаалттай унтдаг гэсэн байна.

Честочовагийн нүхэн хонгилд, хуарангийн харанхуй буланд нялх балчир насаа өнгөрүүлсэн, 1947 онд 6 настай хорих лагерийн бяцхан хоригдол Бухенвалдын нацистуудын эсрэг шүүх хурлын хамгийн залуу гэрч болсон бөгөөд хоригдлуудтай хамгийн их харьцаж байсан дөрвөн тушаалтанг танихад туслажээ.

Шүүхийн үйл явцын үр дүнд аюулгүй байдлын 22 албан хаагчийг дүүжлэх ял оноож, тэдний 11 -ийг нь цаазаар авсан бөгөөд Бухенвалдын комендант Герман Пистэр цаазаар авах ялыг хүлээж байхдаа зүрхний шигдээсээр нас баржээ.

Эндээс харахад энэ ертөнцөд гайхалтай аз тохиохоос гадна шударга ёс бас бий ...

Эх сурвалж: : © Георгий Зотов, "Аргументы и факты"

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.