МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Болорчимэг: Дайчин нөхөрлөлийн замаар залуус хамтдаа

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 17:09 цагт
Мэдээний зураг,

Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож  өргөн дэлгэр тэмдэглэж байна.  Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын  хүрээнд  Халх голын дайнд оролцож байсан ахмад дайчдынхаа гавьяаг алдаршуулах ажлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулсан. Халх голын  75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг нь  “Дайчин нөхөрлөлийн замаар” нэртэй Монгол-Орос залуусын тойрон аялал юм. Энэхүү аяллыг Батлан хамгаалах яам, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 4 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг аялалд МЗХ  анх удаа хамтран оролцож байгаа билээ. Монгол-Оросын залуучууд оролцсон “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал 8 сарын 19-ний өдөр Монгол Улсын дархан хил Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гараагаа эхлэсэн бөгөөд Эрхүү хот– Алтанбулаг – Сэлэнгэ – Орхон - Дархан-Уул - Улаанбаатар – Хэнтий – Дорнод – Халх гол гэсэн маршрутаар нийт 5500 км аялж байгаа юм. Аяллын зорилго нь Халх голын дайнд оролцсон ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэж, тэрхүү түүхийг танин мэдүүлэх,  тэдний бүтээсэн гавьяа бахархах, эх оронч үзлийг залууст төлөвшүүлэх, мөн Монгол-Орос ахан дүүсийн найрамдалт харилцааг улам бэхжүүлэхэд оршиж байгаа юм. Ингээд Дайчин нөхөрлөлийн замаар аяллыг хамтран зохион байгуулж буй МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Болорчимэгээс үйл ажиллагааны тухай тодрууллаа.

Халхын голын Ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд Монголын Залуучуудын холбоо Батлан хамгаалах яамтай хамтран Дайчин нөхөрлөлийн замаар аяллыг  зохион байгуулж байна. Яагаад хамтарч ажиллахаар болов?

Анх 2013 оны 10 сард “Афганистаны Ахмад Дайчдын холбоо”-ны (ОААДХ) дарга О.И.Торский, менежер Виталий Корытников нар Улаанбаатар хотод ирж МЗХ-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс хойш Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтраад Монголын талаас оролцож байгаа 75 залуугийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтанд хамтран оролцсон. Мөн бусад хөтөлбөрүүд дээр тэр дундаа Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий, Дорнод аймгуудад байрлах Монголын Залуучуудын Холбооны салбар зөвлөлүүд аялалд оролцогчдыг байрлуулах арга хэмжээг зохион байгуулж байна. Бид энэхүү аялалыг оролцож буй 150 залуусынхаа сэтгэлд хоногшиж үлдтэл нь сайхан зохион байгуулахаар хичээн ажиллаж байна. МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат болон  МЗХ-ныхон уг үйл ажиллагаанд эхнээс нь дуустал маш идэвхтэй оролцож байгаа.

Орон нутгийн залуусыг хэрхэн хамруулж байгаа вэ? Шалгаруулалтын онцлог юу байв?

МЗХ нь 21 аймаг, 300 гаруй суманд салбар холбоодтой. Түүгээрээ дамжуулж сонгон шалгаруулалт явуулсан. Мөн 1939 оны дайнд дайтаж явсан баатруудын үр сад, хүүхдүүдийг хамруулсан. Тухайлбал манай аялалд Дандар баатрын ач хүү, Гонгор баатрын зээнцэр, Лхагвасүрэн баатрын 2 гуч хүү нь оролцож байна. Мөн Монголын залуучуудын холбооны аймаг орон нутаг дах салбар зөвлөлийн гишүүд хамрагдсан байгаа. Бид шалгаруулалтандаа орос хэлний зохих мэдлэг, спорт, бие бялдарын  шаардлага тавьсан бөгөөд  аль болох салбар салбарын залуучуудаа энэхүү аялалд оролцуулахыг хичээсэн. Тийм ч учраас сонгон шалгаруулалтыг МЗХ-ны албан ёсны сайт болох myf.mn дээр нээлттэйгээр зарласан.

“Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцогч Монгол-Монгол залуус маань нийт 5500 км аялж байгаа. Энэхүү аяллын хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулагдав?

Аялалд оролцогч залуус маань  Улаанбаатар хотоос Халх гол  сум руу 8 сарын 24-нд хөдөлсөн. Аяллын маршрутын дагуу  Халх голын дайны үед Монгол Зөвлөлтийн армийн бат бэх ар тал түших газар болж байсан Хэнтий аймагт ёслолын  үйл ажиллагаа болж,  ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлж, Зөвлөлтийн баатруудын хөшөөнд цэцэг өргөх,  ахмад дайчдынхаа гэгээн үйлсийг алдаршуулж залуустаа танин мэдүүлэх уулзалт ярилцлага зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан.  Мөн Дорнод аймгийн Халхгол суманд үргэлжилсэн. Халх голын ялалтын 75 жилийн ойн баярын нээлт  Халх голд сумын “Ялалт” музейн өмнөх талбайд эхэлж, ойд хүрэлцэн ирсэн Монгол-Оросын ахан дүүс Хамар даваан дахь Ялалт хөшөө, Ерэнбаатар, Яковлев, Хилчин дайчдын хөшөө, Мөнхийн дархан хил хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөсөн. Энэхүү баярын үйл ажиллагаанд ойг зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийн дарга, шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Д.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар,  МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, ОХУ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Сономаев, Орос-Монголын найрамдлын нийгэмлэгийн дэд дарга хурандаа Бабушкин, ахмад дайчдын төлөөлөл Лувсандорж, Самбуу зэрэг  700-гаад төлөөлөгч уригдан ирсэн байсан. 

Энэхүү баярын үйл ажиллагаанд оролцсоны дараагаар аялалд оролцогч залуус маань Буйр нуурын амралтанд амарсан бөгөөд энэ үеэрээ спорт, соёл урлагийн олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Ийнхүү  Халх голын байлдааны 75 жилийн ойг  Монгол-Орос залуус, цэрэг дайчид, төлөөлөгчдийн хамт Халх гол суманд баяр хөөр, бахархал дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү аяллын гол ач  холбогдол юу байсан бэ? Аялалд оролцсон  залуусын сэтгэгдэл ямар байсан бол?

Энэхүү аялал нь хагас цэргийн зохион байгуулалттай байсан учир залуусын эр зориг, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг сорьсон  үйл ажиллагаа боллоо гэж хэлж болно. Залуус  эх орныхоо энхийн манаад зогсож буй эр  цэргүүдийнхээ амьдралаар  амьдарч үзлээ, эх орныхоо төлөө амь хайрлалгүй тэмцэж, халуун цусаа урсган дайтаж явсан түүхэн дурсгалт газруудыг үзэж танилцлаа. Үүнд залуусын маань сэтгэгдэл маш өндөр байсан.  Халх голын ялалтын 75 жилийн ой  өнгөрсөн үеийнхээ  түүхэн ач холбогдлыг залуучуудынхаа ухамсарт бат бөх суулгаж, эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэхэд онцгой ач холбогдолтой болж чадлаа. 

Аяллын урт замд та бүхэнд хүндрэлтэй зүйл тохиолдож байв уу? Аялалд оролцогчид Улаанбаатар хотноо хэзээ ирэх вэ?

Урт зам туулж, олон хоног явахад залуус жаахан ядарсан. Өөрөөр бол хүнд хэцүү гэх зүйл байсангүй. Учир нь зохион байгуулалт сайтай. Хоол унд гээд л  бүх зүйл нь асуудалгүй байсан. Аялалд оролцогч залуус маань  энэ 3-нд Улаанбаатар хотод ирнэ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Жуковын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээнд аялалд оролцсон   залуус  оролцоно гэсэн үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Халх голын дайны 75 жилийн ойд оролцож, ахмад дайчидтай үдийн зоог барих бөгөөд  1939 онд Халх голын дайныг удирдсан Зөвлөл Холбоот Улсын маршал Георгий Константинович Жуковын хөшөөнд цэцэгг өргөнө. Уг ёслолын ажиллагаанд “Дайчин нөхөрлөлийн замаар ” аялалд оролцсон 150 залуу оролцоно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.