
Бизнес эрхлэхийг хүсч буй залууст үзвэл зохих кинонуудыг санал болгож байна. Эдгээр кинонууд таны бодоогүйг бодогдуулж, урам зориг өгөх болно.
1.THE WOLF OF WALL STREET
Уолл Стритийн цуутай брокер Жордан Белфордын дүр Леонардо Ди Каприод Оскарын шагнал авчраагүй ч энтрепренерүүдэд мартаж болохгүй нэг хичээлийг зааж өгсөн юм. Энэ бол чи хэчнээн ч их мөнгөтэй болсон бай, том байшин, амжилт, мөрөөдлийн бүсгүй, тансаг унаа гээд хүссэн бүхнээ олж авсан ч гэсэн, сахилга бат бол тэр бүхнээ хадгалах хамгийн чухал зүйл юм шүү гэсэн санаа юм. Белфорд өөрөө хэлдэгчлэн "Чамайг амжилтанд хүрэхэд саад болж буй гол зүйл бол яагаад амжилтанд хүрэхгүй байгаа юм бол доо гэж өөртөө итгүүлж, ярьж буй тэр түүх чинь юм" гэдэг үгийг санаж байхад илүүдэхгүй.
2.THE SOCIAL NETWORK
"Бид фермд амьдарч байсан. Одоо хотод амьдарч байна. Удахгүй интернетэд амьдрах болно" гэж киноны гол дүрүүдийн нэг Шон Паркерийн хэлдэгчлэн технологийн эрин үед өсөж хүмүүжсэн бидний үеийнхний заавал үзэх кино. Энэ бол Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн залуу тэрбумтан Марк Зукербергийн амжилтын түүх юм. Хэрхэн дотуур байрнаас эхэлсэн энгийн санаа дэлхийг өөрчилсөн агуу бүтээл болсон тухай, Зукерберг Фэйсбүүкийг эхлүүлэхдээ хамтрагчидтайгаа зөрчилдөж, дайснуудтай болсон тухай, улмаар саад бэрхшээл бүрийг даван туулсан тухай өгүүлэх кино. Тэрбум хэрэглэгчтэй болохын тулд цөөхөн дайсантай болох замыг та сонгох уу?
3. THE PURSUIT OF HAPPINESS
Эхнэр, байшин, мөнгө, ажил гээд бүхнээ алдсан Крис Гарднер хэмээх залуугийн бодит дүр бидэнд шантаршгүй, тууштай байдал ямар чухал вэ гэдгийг хэлж өгсөн билээ. "Чиний мөрөөдлийг хэн ч хулгайлж чадахгүй, түүнийгээ хамгаал. Чамайг мөрөөдөлдөө хүрч чадахгүй юм байна гэж хэн нэгэн хэлэхийг хэзээ ч битгий зөвшөөр" гэсэн түүний үг энэ киноны санааг илэрхийлж чадна. Зөв хандлага, тууштай байдал бол амжилтанд хүрэх зам юм.
4.JERRY MAGUIRE
Том Крузын бүтээсэн хамгийн шилдэг дүрүүдийн нэг, спортын агент Жерри Магуэрийн тухай өгүүлэх энэ кино Оскарын наадамд 5 төрөлд нэр дэвшиж, шилдэг киноны шагналд өрсөлдсөн нь ямар чансаатай бүтээл вэ гэдгийг батална. Бизнесийн ёс зүй, бараа, бүтээгдэхүүнээ борлуулах, бусдад итгэл үнэмшил төрүүлэх тухай, тэр дундаа хүний харилцааны мөн чанарын тухай голчлон өгүүлэх энэ киног борлуулагчид, үйлдвэрлэгчид бүгд үзвэл зохилтой.
5.WALL STREET
Хэдий яг 30 жилийн өмнө нээлтээ хийж байсан ч энэ кино одоог хүртэл бизнесийн ёс зүйн талаар хамгийн чухал хичээлийг бидэнд заасаар л байна. Чарли Шийний бүтээсэн Бад Фокс хэмээх амбицтай, бас хөдөлгөөнтэй залуу брокер амжилтанд хүрэхийн төлөө юуг ч хийхээс буцдаггүй нэгэн. Гэвч тэрээр нэгэн удаа хамаг үнэт зүйлийг нь хөндөх, ёс зүйн хувьд байж болохгүй саналыг хүлээн авна. Мөнгөний төлөө өөрийгөө зарж болохгүй шүү гэдгийг сануулах энэ кино мөнгөтэй, алдартай болно гэдэг энтрепренер байхын хамгийн гол зүйл биш гэдгийг өгүүлдэг билээ.
6.THE GODFATHER
Бүх цаг үеийн хамгийн шилдэг кино биш гэвэл энтрепренершипийн тухай өгүүлэх хамгийн шилдэг кино бол энэ. Загалмайлсан эцэг болон түүний хүү Майкл Корлеон нарын түүхээр дамжуулан хэрхэн гэр бүлийн жижиг бизнес Нью Йоркийн хамгийн том, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болж байгааг энэ кино үзүүлдэг. Гэхдээ хууль бус замаар томорч болно гэдгийг сурталчилж байгаа хэрэг биш, харин амжилтанд хүрэхийн тулд юуг золиослох хэрэгтэй, гол нь түүнийгээ хадгалахын тулд чамаас юу шаарддаг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. "Агуу хүмүүс агуу чигээрээ төрдөггүй. Харин агуу болж өсдөг юм" гэдэг эшлэлийг энд онцолж байна.
Эх сурвалж: www.instagram.com/podcast_mongolia
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.