Гаитид газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 1297-д хүрчээ

Twitter Print
2021 оны 08-р сар 16-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Гаитид өнгөрсөн бямба гарагт 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн улмаас 1297 гаруй хүн нас барж, эмнэлгүүд гэмтэж бэртсэн иргэдээр дүүрчээ.

Эрх баригчид хүчтэй аадар бороо орохоос өмнө газар хөдлөлтөнд өртсөн бүс нутгууд руу эмч нарыг шуурхай илгээхийг үүрэг болгоод байна.

Газар хөдлөлтийн улмаас сүм, зочид буудлууд, эмнэлгүүд болон сургуулийн байрууд нуржээ. Гаити улсын Иргэний хамгаалллын агентлагаас мэдээлснээр нийт 13 694 байшин барилга нурсан ба амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Гаитигийн Баруун өмнөд зүгийн Ле Ке, баруун хойд зүгийн Жереми хотууд газар хөдлөлтөнд хамгийн ихээр өртсөн ба Жереми хотод эмнэлгүүд дүүрснээс болж эмч нар шархдсан иргэдийг гадаа замын хажууд хэвтүүлэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Гаитигийн хөрш Бүгд Найрамдах Доминикан улс, Мексик улс Гаити руу агаараар болон газраар хүнс, эм зэрэг хүмүүнлэгийн тусламж илгээж байгаа бол Колумб улс онцгой байдлын албан хаагчдаа илгээжээ.

АНУ-ын зүгээс мөн л нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хамт тусгай тоног төхөөрөмж бүхий 65 хүнээс бүрдсэн аврах багийнхнаа илгээсэн талаар АНУ-ын Олон Улсын Хөгжлийн сангаас мэдээлж байна.

Гаитигийн засгийн газар хэдэн арван мянган хүний амийг авч одсон 2010 оны газар хөдлөлтийн дараах алдаагаа давтахгүйн тулд яаралтай түр эмнэлгүүд, орогнох байруудыг барихыг үүрэг болгожээ.

Газар хөдлөлтийн улмаас гэр оронгүй болсон мянга мянган иргэд гудамжинд унтаж байгаа ба тэдгээр иргэд нь ирэх өдрүүдэд орох хүчтэй аадар борооны улмаас бохир уснаас үүдэлтэй халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Гаити улс нь коронавирусын цар тахал, эдийн засгийн хямрал зэргээс гадна өнгөрсөн 7-р сард Ерөнхийлөгч Жовенель Моиз бусдын гарт амиа алдсанаас хойш улс төрийн тогтворгүй байдалд автаад байсан билээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/americas/haitians

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.