Идүүлж дуусдаггүй бут

Twitter Print
2014 оны 09-р сар 03-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Намбарын Энхбаяр. Энэ хүнийг Авлигатай тэмцэх газрынхан баривчлаад, оймстой хөлийг нь гозолзуулаад аваад явж байхад, зарим хүмүүс над руу утасдаж “Өнөөх Мангааг чинь бариад явчихлаа. Одоо л чиний бичдэг үе. Танай сониныг яалаа даа?!” гэцгээж байсан. Би тэдэнд “Уулаасаа унасан бөхтэй барилдаж үзээгүй. Тэгэх тусмаа унасан бөхийг дэвсэхийг бүр цээрлэдэг. Би Энхбаяр гэж хүний тухай сайн ч дуугарахгүй, муу ч дуугарахгүй” гэж хариулсаар өнөөг хүрсэн. Энэ хооронд телевизийн сурвалжлагч шаардаад байхаар нь хоёр гуравхаан өгүүлбэр хэлсэн. “Шоронг би сайн мэднэ. Шоронд бол хорин хэдтэй, тавин хэдтэй хоёр хүн, өөр ертөнцүүд шиг байдаг юм шүү.

Мах цусанд төрснөөс хойш бид бүгд адилхан.  Энхбаяр гэж хүнийхээ биеийг сайн бодоорой” гэсэн. Өөр дуугарсан удаа байхгүй. Хугацаа нэлээн өнгөрч. Энэ хүний тухай сайн мэдэх, сайдаж муудаж явсны хувьд ам ангаймаар санагдлаа. Энхбаярын аав, ээжийг би сайн танина. “Рашааны” Намбар, “Оргилын Намбар” гэхээр хэн хүнгүй таньдаг байсан аавтай нь залуу зандан насандаа гэмгүй үерхэж явлаа. Их ухаалаг, хөдөлмөрч хүн, одоо ч амьд сэрүүн байгаа гэсэн. Рашаан сувиллын холбогдолтой юм болвол Намбар над руу утасддаг, амрах сувилуулах болвол би Намбар руу утасддаг, жирийн сайхан үерхэл бидний дунд байсан. Ээж нь ч эвлэг сайхан хүн бий.

Намбарын Энхбаяр гэж залуу улс төр рүү хөл тавиад гараад ирэхэд би хувьдаа баярлаж байсан хүний нэг. Монголын чөлөөт зохиолчдын эвлэлийн гишүүн, нэртэй орчуулагч, үндэсний шашин шүтлэгээ дээдэлдэг энэ хүнийг Монгол Ардын Хувьсгалт Намынхан маань олоод гаргаад ирлээ хэмээн олзуурхаж байсан цаг мөч бий. 1996 оны сонгуульд ялагдаад ангал руу унаж явсан МАХН-ыг 2000 оны сонгуульд хэн босгож ирэв? Хүчирхэг лидер Намбарын Энхбаяр босгож ирсэн. Орон даяар “лааз өшиглөж” явсан Хувьсгалт намынхныг хэн төрийн суудалд залж, ажилтай амьдралтай болголоо. Намбарын Энхбаяр гэдэгтэй хэн ч маргахгүй байх. 2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд болчихоод Соёлын төв өргөөнд нэг хурал зохион байгуулсныг санаж байна. Монголын чөлөөт сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Ц.Дашдондов “Энэ нийгмийн бузар булайг үүгээр шүүрдээрэй” хэмээн хогийн шүүр бэлэглэж, би хадаг барин баяр хүргэж байсан сан. Тэр хурал дээр гадаадын сэтгүүлчид янз бүрийн асуулт тавьж байсан. Н.Энхбаяр, оросоор асуусанд нь оросоор, англиар асуусанд нь англиар хариулт өгөн олон түмнийг бишрүүлж байсан сан. Тэр үед англи хэлээр тэгж ус цас шиг ярьдаг хүн хуруу дарам цөөхөн л байсан даа. Ингэж, олны талархал хүлээсэн том лидерээ Монголын ард түмэн, МАХН-ынхан өлгийдөж авсан нь түүхийн үнэн.

Би тэр үед парламентын сурвалжлагч байв. Хурал цуглаан, уулзалт цэнгүүн болох тоолонд Н.Энхбаяр гэж хүнтэй тааралдана. Мэндийн зөрүүтэй л явдаг байсан. Нэг удаа радио, телевизийн өргөн нэвтрүүлгээр шууд хурал зохион байгуулж Н.Энхбаяр үг хэлснийг та бүхэн санаж байгаа байх. Тэр шууд хурал дээр Н.Энхбаяраас асуух асуултыг сэтгүүлчдэд урьдчилаад тараачихсан байсан. Надад, хүмүүс нэг их сонирхохооргүй жирийн л нэг асуулт өгсөн байлаа. Би, түүнийг асуумааргүй, өөр асуулт, тэр дундаа олон нийтийн хамгийн сонирхож байгаа асуудлыг асуумаар санагдаад “Сүүлийн үед болсон улс төрийн аллагууд илрэхгүй байна. Илрүүлье гэсэн бодол ч төр засагт алга шиг. Тухайлбал, С.Зоригийг алсан аллага. Та ер нь зарим нэгтэй нь холбогдчих гээд байгаа юм биш үү?” гэсэн утгатай асуулт тавьсан чинь Ерөнхий сайд маань шууд уурласан. “Жамьян гуай та өөрөө хэлмэгдэж явсан юм гэнэ лээ. Хүнийг ингэж битгий хэлмэгдүүл” гээд өнөөх хурлын маань өнгө төрх бишидсэн дээ. Хөтлөгч нь одоо Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Хэвлэл мэдээллийн албаны дарга байгаа Ц.Мөнхтөр л дөө. Түргэхэн нөгөө шууд нэвтрүүлгийг хаана билээ. Мөнхтөр бид хоёр хөшигний ард очиж нэлээн маргасан боловч, хүчтэний дэргэд, хүчгүй нь буруутай гэгч болоод л өнгөрсөн. Энэ үеэс л Н.Энхбаяр бид хоёрын хооронд нэлээн том ангал үүсэв үү дээ гэж бодож явдаг байлаа.

Би арван жил парламентын сурвалжлагч хийгээд нэг өглөө Төрийн ордонд очсон чинь үүдний жижүүр “Таныг ордонд битгий оруул” гэсэн гээд үнэмлэхийг минь хураагаад авчихсан. “Хэний шийдвэрээр миний хөлийг хорьж байгаа юм?” гэсэн чинь “Дээрээс тэгсэн” гэснээр өөр үг сонсолгүй өнөөг хүрсэн. Би, Төрийн ордон гэдэг их айлын босгыг 18 настай алхсанаас хойш өнөөдөр буурал өвгөн болсон ч орох эрхгүй л яваа шүү дээ. Тэр хурлаас хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Н.Энхбаяр маань надад ямар нэг муу юм хийгээгүй. Уулзах байтугай ойрхон зөрөх ч боломж гараагүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсныхоо дараа хүүхдийн зохиолч Загдын Түмэнжаргалыг Хэвлэлийн албаныхаа даргаар томилсон. Энэ хүн надтай худ ургийн барилдлагатай, төрсөн дүүгээс минь өөрцгүй хүн байлаа. Уулзах болгондоо л “Ах минь та Энхбаяр Ерөнхийлөгчөөс уучлалт гуйгаад уулзчих. Цаадах чинь эр хүн юм шүү. Та хоёрыг иймэрхүү харьцаатай байхад надад ч эвгүй юм. Би та хоёрыг холбоод уулзуулчихъя” гэдэг байлаа. Тэгээд уулзуулсаан. Ерөнхийлөгч ямар байдлаар хүлээж авах нь вэ, би тийм байдлаар л харьцана гэсэн бодолтой орсон. Н.Энхбаяр Ерөнхийлөгч намайг сайхан хүлээж аваад нэлээд удаан ярилцаж суусан. Би, хамт ярилцлагад орчихоод төрийн өндөр албаны хүний нэр хүндэд харш асуулт асууж, телевиз үзэгчдийн өмнө хүнд байдалд оруулсандаа уучлал гуйсан. Ерөнхийлөгч маань “Уучлалгүй яахав ээ, манай сэтгүүлчдэд тэр зэргийн юм байдаг л шүү дээ” гээд инээж байсан сан. Бид хоёр нэлээн хэдэн минут ярилцсан. Ерөнхийлөгч маань их энгийн, жирийн байдлаар ярилцаж байлаа. Тэр хооронд эхнэр Цолмонгийнхоо хэрэгжүүлэх гэж зүтгээд байгаа “гэр хорооллын OO” төслийг хүртэл яриад амжсан сан. Энэ бол бид хоёрын сүүлчийн уулзалт байсан юм болов уу даа. З.Түмэнжаргал маань ч Францад суух болсон. Ингээд л Ерөнхийлөгчийн эхний дөрвөн жилийн хугацаа дууссан даа.

Н.Энхбаяр маань дараагийн удаа буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржтой өрсөлдсөн. Ялвал ч ялчихаар рейтинг байсан л даа. Тухайн үеийн намын удирдлага нь “Ямар ч хамаагүй үнээр энэ хүнээс салъя” гэсэн бодолтой байсан нь сүүлд ойлгогдсон. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд би Ц.Элбэгдоржийг дэмжсэн. Олон жил төр барьсан МАХН-ын, тухайн үеийн удирдлага сэтгэлд хүрэхээ больсон. 2008 оны УИХ-ын сонгуульд илт давуу байдлаар ялчихсан хэрнээ сонгогч олноороо доог тохуу хийн Ардчилсан намыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан. Гол гол яамуудаа Ардчилсан намынханд бэлэглэсэн. Өнөөх л хувийн ашиг хонжоо хайгчид Н.Алтанхуягийг Шадар сайдаар, Л.Гансүхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар, С.Баярцогтыг Сангийн сайдаар гэхчлэн дан үл бүтэх хүмүүсийг Засгийн газартаа шургалуулж олон түмний итгэлийг хөсөрдүүлсэн байлаа. С.Баяр, өөрийн найз Сү.Батболддоо Ерөнхий сайдын сэнтийг “худалдчихаад” гадаадад гараад явчихсан. Ийм нөхцөлд хэн хүнгүй л МАХН-ыг дэмжихээс татгалзаж байсан даа. Тэгээд л би АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийг дэмжин “Өдрийн сонин”-доо “Ардчиллын алаг туган доор дээлтэй арслан шиг дэрвэж явна” хэмээн бичиж байсан сан. Миний бичсэнээр биш, ард түмний сонголтоор Цахиагийн Элбэгдорж ялсаан. Энэ хүнээс Монголын хувь заяа асар их зүйлийг хүлээж байсан. Гол нь, өөрийнх нь туг болгон өргөж явсан шударга ёс! Энэ тухай дараа өгүүлнэ.

Н.Энхбаяр маань ялагдчихаад зүгээр суугаагүй. Улстөрч хүн, нас бие байгаа цагт янз бүрийн л бодолд хөтлөгдөж таарна. Тэрээр МАХН нэрээ өөрчлөхийг хүлээж, мярааж суусан. Нэр өөрчлөх асуудлаар гол нь “урвагчид” У.Хүрэлсүхийг шордож эхэлсэн л дээ. “Зайлшгүй чухал” гээд л... !

Миний хувьд үүнд эргэлзэж намын зарим нөхөддөө хэлж, бас сонин хэвлэлээр санаагаа бичээд авсан. “Нэр хүндтэй, ялж яваа нам сонгуулийн өмнө нэрээ сольдоггүй юм. Хүчний харьцааг зөв тооц. Зэрэгцээд “МАХН-II” гараад ирэхийг байг гэх газаргүй шүү” гэж!. Миний үгийг хэн тоох вэ дээ. Болдог жамаараа л болсон. “Ээхий хужир”, Энхбаяр маань намынхаа нэрийг өөрчлөхгүй гэсэн хэсэг бүлэг гишүүд, энд тэндхийн гудамжныхан, гомдож горойгсод, ширээ суудлын гуйлгачингуудыг цуглуулаад МАХН гэгчийг байгуулчихсан. Бүр, хөгийн нөхөд намын нарийн бичгийн даргын суудалд оччихож билээ. Энэ бол Энхбаярын буруу байгаагүй. Улстөр гэдэг өршөөлгүй тоглоомд хэн сэтгэж, хийсэн нь ялдаг бичигдээгүй хуультай. Н.Энхбаяр улстөрийн байдлыг урьдаас сайн харсан, нарийн тактик боловсруулсан, хүчний харьцааг зөв үнэлсэн, буруу нь юу байгаа юм?! Ингээд 2012 оны Улсын Их Хурлын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хангаж байтал нь яг сонгуулийн өмнө баривчилж хорьсон. Н.Энхбаяр гэдэг хувь хүнд алдаа байсан уу гэвэл байсан. Түүнийгээ өөрөө ч хүлээдэг. Ухаж төнхөөд, томруулдаг шилээр хараад байвал энэ ертөнцөд алдаа дутагдалгүй хүн байдаг гэжүү?! Гол нь Н.Энхбаяр гэж хүнтэй хуулийн дагуу хариуцлага тооцох гээгүй. 2012, 2013 оны сонгуулиудад оролцуулахгүй гэсэн хуйвалдаан байлаа. Энд аль аль намынх нь, аймхай хулчгарууд, урваж шарвагчид бүгд нийлсэн. Н.Энхбаяртай хэдийд ч хариуцлага тооцох боломж, бүх эрх мэдэл нь байсан. Тэгтэл яг сонгуулийн өмнө баривчлаад Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрмөгц “Ерөнхийлөгч уучлал үзүүллээ” гээд суллаж байгаа юм. Хүнээр ингэж тоглож болох уу? Энэ чинь өнөөх Ц.Элбэгдоржийн “Шударга ёсыг тогтооно” гэсэн лоозон мөн үү? Ер нь Монголын төрд тогтсон хамгийн муухай юм бол эрх мэдэлтнүүд нь сонгуульд ялчихаж магадгүй гэсэн хүнээ өмнө нь бариад хорьчихдог, дараа нь сулладаг муухай зуршил тогтлоо. Ирэх сонгуульд МАН ялвал дараачийн сонгуулийн өмнө хэн хэнийг барьж хорих нь тодорхой л байгаа. Өнөөгийн эрх баригчид Монголд ийм муухай юм эхлүүлсэндээ ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэж би боддог.

2012 оны сонгуульд Америкийнхаа “Хар машин”-д гарцаагүй ялах программ нууцаар хийгээд, Үндсэн хуулийнхаа заалтуудыг зөрчин “намын нэрсийн жагсаалт” гэдэг луйврын аргаар хэсэг бүлэг хүн гараад ирлээ. Шуудхан хэлбэл 2012 онд хэсэг бүлэг хүн “Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж авсан”. Энэ бол олон улсын болон Монгол Улсын Үндсэн хууль, эрүү иргэний хуулиудад тусгагдсан нэр томъёо. Миний хувьд эхний нэг жил ажиглаж байсан. Үнэхээр шударга ёсыг тогтоогоод Монгол Улсыг ардчилал, зах зээлийн нийгмийн замаар залаад явах нь уу гэж. Тэгсэн чинь юу вэ? Энхбаяраасаа долоон дор хүмүүс гараад ирдэг байгаа. Эхний алхамаасаа л Монголын бүх хууль дүрмийг уландаа гишгэсэн, зөвхөн хувийн ашиг хонжоо хайсан хүмүүс гэдэг нь илэрхий болсон. Яам, агентлагуудыг дахин өргөтгөж дандаа гар ганзага нийлсэн хүмүүсээрээ бэхжүүлж байгаа юм. Аймаг сум, бүхэл бүтэн дүүрэг хороог дахин тэлж гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, танил талаараа дүүргэлээ. Монголын төр гэр бүлийн төр болсон. Монголын мөнгө энэ гэр бүлийг тэжээх хэрэгсэл болсон. Түүхэндээ хамгийн баян Засгийн газар бол Норовын Алтанхуягийн Засгийн газар. Чингис, Самурай бондууд, гадаадын хандив тусламж, дотоодын төсөв хөрөнгө, багтаж шингэхгүй их мөнгөөр энэ Их Хурал, Засгийн газар тоглочихсон. Монголын мөнгийг зориудаар валютын ханш өсгөн, валют болгоод гадаад, дотоодын банкуудад чихчихлээ. УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт нэг сая /1 000 000/ ам.долларыг “Хятадын Монгол” хаягаар Швейцарийн банкинд байршуулаад мартчихсан нь илэрлээ. Өөр хүнийг бол “Террористуудыг санхүүжүүлэхэд тусласан” гэдэг хуулийн заалтаар шалгаад, “дээлийг нь толгой дээгүүр нь нөмөргөчихсөн” байгаа. Тэгтэл  сайн дураараа УИХ-ын дэд даргаа өгч “шийтгүүлдэг” юм гэнэ. Энэ бол, эрхэм дээдсийн гадаадад байршуулсан мөнгөний, дусал төдий юм. Ард түмнээ хоёр кг махны мөнгөөр хуурчихаад Монголын мөнгийг ингэж зувчуулж суудаг чинь шударга ёс юм уу гэж би өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуух цаг болсон гэж бодож байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний ахлах зөвлөх Л.Гансүх нарыг хар даа. Хүүхэд, дүү нар,  гэр бүлийнхнээрээ компани байгуулчихаад “Цэвэр агаар сан”, “Нүүрс хөтөлбөр” нэрээр хичнээн тэрбумыг халааслав?! Н.Алтанхуяг “Цэвэр агаар сан”-гийн 3.2 тэрбум төгрөгийн ашиглалтын хэрэгт голлон оролцсон төрсөн охин Алтанхуягийн Саранзаяагаа уг хэргээс тусгаарлан авч үлдээд саяхан хэрэгсэхгүй болгуулчихлаа шүү дээ. Бас л “Нүүрс хөтөлбөр”-ийн хэрэгт холбогдсон хүүхэн. Энэ хэдэн хүн ч цагаандаа гарч дээ. Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин хоёр, ахлах зөвлөх Л.Гансүхийгээ баривчлагдахаар яаж сандрав даа? Төв аймгийн шорон руу  ухаан мадаггүй очиж байгаа юм. Юу гэж үгээ нийлүүлсэн юм, бүү мэд. Эдний хэрэг зөвхөн “Нүүрс хөтөлбөр”-өөр зогсохгүй л дээ. Түрүүчийн засгийн үед Н.Алтанхуяг нь Шадар сайд, Л.Ганхуяг нь БОАЖ-ын сайд байхдаа бас л ах дүүсээрээ нийлээд Зайсангийн газрыг янзалчихсан, Оюутолгойн алдагдалтай гэрээг үзэглэчихсэн гээд өчнөөн зүйл босч ирэх юм билээ. Монголын шүүх засаглал эдний хараат болсон. Цалин тэтгэврийг ганц мөнгөөр ч нэмээгүй байхдаа шүүгчдийн сарын цалинг 4,5 сая төгрөг хүртэл нэмж байсны цаад учир энэ. Үүнийг төрийн авлига гэдэг юм.

Энэ Засгийн газрын Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний байгаа царайг! Томилогдохоосоо эхлээд л хэл аманд орсон. Сүүлдээ бүр “Х.Тэмүүжиний нялх амраг” гэдэг нэр томъёо хүртэл гарч ирлээ. Эмнэлгийн зориулалтын барилгыг булаан авч, дотор нь байсан олон тэрбумын тоног төхөөрөмжийг дэлбэлсэн, замын хөдөлгөөн зөрчиж цагдаад торгуулсан гэхчилэн муу бүхний түрүүнд Хууль зүйн сайдын нэр гарч байсан. Өчнөөн хууль журмаа зөрчин Н.Алтанхуягийгаа дагаж далдганан шоронд очиж байгаа Хууль зүйн сайд байдаг юм уу? Ийм хүмүүстэйгээ хариуцлага тооцохгүй хэрнээ  МАН-ын Д.Дондог гэж өвгөнд арван хэдэн жилийн ял оноогоод шоронд хатааж байгаа юм даа. Энэ бүхэн чинь шударга ёс уу, эрхэм Ерөнхийлөгч өө! Та энэ бүхнийг харахгүй байна уу, эсвэл “Та нарыг гуйж дахин сонгогдох юм биш” хэмээн таг дуугүй сууна уу? гэж асуултай. Ингээд тоочвол “Их бүтээн байгуулалт” хэмээн уриалж байгаа энэ төр засаг чинь хоёр жил гаруй хугацаанд дорвитой зүйл бүтээсэнгүй. Улаанбаатарын хэдэн замын уулзварыг нэгийг нь л 1-2 тэрбум төгрөгөөр өргөтгөлөө. Энэ чинь их бүтээн байгуулалт биш ээ. Индүү, “замын хар” хоёр өгвөл хэн ч наадахыг чинь өргөтгөчихнө.

Энэ бүхнийг би  юуны тулд бичиж байна гэвэл Намбарын Энхбаярын үеэсээ найм, ес дахин ухарлаа. Энэ хүн алдаа дутагдалтай байлаа ч гэсэн анги намаар нь ялгаварлан ингэж барьж хориод байгаагүй юм шүү. Ард түмнээ хоёр кг махны үнээр хуурчихаад, гэр бүл, танил талаараа хуваагаад идчихэж байгаагүй юм шүү. Идсэн уусан, бүрэлгэж сүйтгэсэн бүхнээ булж далдлахын тулд өнөөдөр Монголд “Эдийн засгийн хямрал” гэх зохиомол юм босгож ирлээ. Халамжийг хавтгайруулснаас Монголын мөнгийг энэ хэдэн тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сурагчид идчихээд байгаа юм шиг сурталчилж байна. Үгүй шүү. Монголын мөнгөний 10 хувь нь бидний ходоодонд орж байгаа бол их юм. Валютын ханш өссөн, бүх зүйлийн үнэ тэнгэрт хадсан, инфляц өссөн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, энэ бүхэн чинь Монголын “мөнгөний авдар”-т гараа шургуулаад сууж байгаа цөөн хэдэн хүнээс л болж байгаа.

Эцэст нь хэлэхэд Намбарын Энхбаяр гэгч хүн “Идүүлж дуусдаггүй бут” юм даа. Шоронд суулаа. Бие сэтгэлээрээ яасан их хохироо бол. Гадаадад эмчлүүллээ. Наанаас нь үргэлж заналхийлэл. Эх орондоо ирье гэхээр нь л, нэг хэрэг босгож ирдэг. 2016, 2017 оны сонгуульд оролцуулахгүй гэж байгаа нь тэр. Нэг ёсондоо “гэрийн” хорионд ч юмуу, “харийн” хорионд ч юмуу, амьдралыг элээж байна. Энэ төр засаг солигдож, буруутан нь Энхбаярын орон дээр очиж хэвтэх ч юмуу, гадаадын эдлэн газрууд руугаа оргож зугтах үед л Ерөнхийлөгч асан тэр хүн эх орондоо амар амгалан амьдрах байх даа.

Намуудын гол хоёр ашиг сонирхол яаж эргэхийг түүх харуулна. Ардчилсан нам бол Н.Энхбаярыг гадаадад хорьж, хоёр намыг салангид нь байлган өөрсдөө үеийн үед төр барих. МАН, МАХН-ын сонирхол бол ямар ч үнээр хамаагүй нэгдэж дараа дараачийн сонгуульд ялах явдал. Цаг хугацаа үүнийг харуулах биз ээ.

Миний насаараа эрж хайж яваа “Шударга ёс” гэдэг зүйл Ц.Элбэгдоржийн үед л лав тогтсонгүй. Хойч үеийнхэн маань хэзээ нэг цагт тогтооно гэдэгт итгэсээр л “Мөнхийн орон”-доо нойрсох юм биз дээ.

  Галсангийн ЖАМЬЯН (Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)

 
 
 
 
 
 
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.