ОХУ-д хоригдож байгаа Америкийн сагсан бөмбөгийн тамирчин Ж. Байденд захидал бичжээ

Twitter Print
2022 оны 07-р сар 06-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

ОХУ-д хоригдож байгаа Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн спортын тамирчин Бриттни Грайнер АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд захидал бичжээ.

31 настай Бриттни Грайнер бичсэн захидлын дийлэнх хэсгийг Цагаан ордон нууцалж байгаа ч тэрээр захидалдаа АНУ-ын төрийн тэргүүнээс эх орондоо буцахад нь туслахыг хүссэн гэдгийг онцолжээ.

Бриттни Грайнерыг өнгөрсөн 2-р сарын 17-нд Шереметьево олон улсын нисэх онгоцны буудал дээр тээшнээс нь олсны ургамал буюу каннабисын тос илрүүлсэнтэй холбоотойгоор баривчилсан юм. ОХУ-ын хуульд зааснаар Бриттни Грайнер буруутай нь шүүхээр тогтоогдвол түүнд 10 хүртэлх жилийн хорих ял оноох аж.

Цагаан ордон түүний захидлыг өнгөрсөн даваа гарагт хүлээн авсан ба Бриттни Грайнер захидалдаа эх орон руугаа хэзээ ч буцаж чадахгүй байх вий гэсэн айдсаа илэрхийлсэн байжээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Ерөнхийлөгч Ж. Байден гадаадын улс оронд барьцаалагдсан эсвэл хууль бусаар баривчлагдаж саатуулагдсан АНУ-ын иргэн бүрийг тэр дундаа Бриттни Грайнерыг суллах ёстой гэсэн байр сууриндаа баттай зогсож байгаа ба Америкийн эрх баригчид Бриттни Грайнерыг эх оронд нь авчрахын тулд бүхий л чадлаараа ажиллаж байгааг онцолжээ.

Олимпын хоёр удаагийн аварга Бриттни Грайнер Америкийн Эмэгтэйчүүдийн Сагсан бөмбөгийн лигээс гадна 2014 оноос хойш ОХУ-ын Уралын Анагаах ухааны улсын их сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглодог аж.

Бриттни Грайнерыг баривчилсан явдал ОХУ Украин руу довтолсонтой холбоотойг нотлох баримт байхгүй ч хоёр улсын харилцаа дордсон нь Бриттни Грайнерыг эх оронд нь эсэн мэнд авчрах явдалд саад бэрхшээл үзүүлж болзошгүй хэмээн Америкийн зарим эрх баригчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.