Женкогийн нууцын зэрэглэлд оруулж байгаад улсаа цөлмөсөн гэрээнүүдийг дэлгэх зориг байна уу?

Twitter Print
2022 оны 12-р сар 08-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Женкогийн нууцын зэрэглэлд оруулж байгаад улсаа цөлмөсөн гэрээнүүдийг дэлгэх зориг байна уу?

Залуус тав дахь өдөртөө жагсаж байна даа. Нүүрсний хулгайчийг зарлана гэдэг чинь алуулахаас наагуур шийтгэл, унахаас наагуур золиос, үхэхээс наагуур зориг шаардсан явдал юм. Жагсаалын ард улс төрийн шинэ хуваарилалтын алаан болж, МАН, АН хоёрыгоо булаацалдсан булхайтай шахаанууд явагдаж байгааг ил тод хэлчихмээр юм даа.

Нөгөө АН-ыг Женкогоос л хамгаалж байвал үхсэн ч яахав гээд үглэн дуулаад үсээ зулгаагаад байсан Эрдэнэ чинь Баттулгатайгаа гар бариад, бас болоогүй нэрлэсэн Мөнхбаярыг нь нэг дуугаар зөвшөөрөөд намаа бараг л тавиад туучихлаа. Женко МАН дахь халаас нэгтэй, хатавч хамт явсан Сумка тэргүүтэй хүмүүсээ ч бас захиран суухыг хүсч таарна. Тэгэхгүй бол мафи нь нурж уначих гээд, манай экс Еөк ялтан болчих гээд хэцүү л дээ, хэцүү.

Тиймээс ч Оюун-Эрдэнэд шахалт үзүүлж, хэний хүчээр хэн байгаад, хэн болсныг нь сануулж байх шиг байна. Нэг үгээр хэлбэл Ерөнхий сайд нэг бол нэгэн цагийн том ах Женкогийнхоо нүүрсний, төмөр замын гэх хулгайг илчлээд, өөрөө намтайгаа үлдэх, эсвэл дуугаа хурааж гүрийсээр байгаад нөхцөл байдал намжихыг харах гэсэн хоёр сонголтын өмнө тулж ирлээ гээд хэлчихэд буруудахгүй ээ.

Нөгөө талаас МАН дахь хаягдсан үеийнхэн буюу 60, 70-аад оныхон Оюун-Эрдэнийн Засгийн газарт дарамт учруулахыг хоёр гараа өргөж байгаад дэмжинэ. Угаас эрх баригч нам дотор одоогийн Засгийн газраа үл тоодог үеийнхэн бүхлээрээ бий. За ингээд Женкогийн сэвээ савааны багийнхан, АН дахь залуусын байгууллагын Женко талынхан, дээр нь нэмээд МАН дахь үе хоорондын ялгаагаараа эсэргүүцэл илэрхийлэгчид, жинхэнэ зүрх сэтгэлээрээ зүгээ олох гэж жагсаж байгаа залуус, Оюун-Эрдэнээр Женког илчлүүлэх гэж улайрсан бизнес, хүчнийхэн гээд өөр өөр өнгийн, өөр өөр зорилготой хүмүүсийн нэгдэл нэгэн цаг үед таарлаа даа.

Оюун-Эрдэнэ өөрийг нь бүх хамсаатантай нь нэрлээд хаячих вий гэж эмээхдээ шахалт дарамт үзүүлж байгаа Женкогийн эрх ашиг ч энд бас бий. Ядаж байхад МАН-ын Засгийн газар нэр хүнд тааруу, рейтинг муутай өнөөг хүрсэн нь ч нийгмийн сэтгэлзүйд асар ихээр нөлөөлж байна.

Мэдээж валютын ханшийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнийн хадуурал гээд олон шалтгаан нэмэгдэнэ. МАН-ын эрх баригчид юу ч гэж амлаад, яриад, хэлээд жагсаал намжихгүй байгаагийн цаана энэ мэтийн учир явдлууд бий. Зүгээр яахав, алийн болгон ацан шалаанд амаа асуулгаж суудаг юм, жагсагчдын хүссэнийг өгөх нэг арга байна.

Тэр нь Женкогийн ноёрхлын үед ҮАБЗ-өөр хуралдаж байгаад нууцын зэрэглэлд оруулан хав дараад авсан нүүрс, төмөр замтай холбоотой офтейк гэрээнүүдээ нууцын зэрэглэлээс нь гаргаад дэлгэчихвэл 9000 жолооч байцааж балайрч явснаас хамаагүй илүү үр дүнтэй, хулгайчийг ард түмэн өөрсдөө олчихно доо.

Нэр хэлэхээс айж чичрээд байгаа юм бол нууц гэрээнүүдээ л ил болгочихооч дээ, эсвэл Женко буухдаа аваад явчихсан юм уу, устгачихсан юм уу? Үгүй байлгүй гэж найдаж байна, бүхэл бүтэн улсын ҮАБЗ юм байгаа биз дээ?

Р.Эмүжин

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.