Хатиг 7 дахиж гардаг уу?

2017 оны 09-р сар 09-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Хатиг нь үсний угийн нянгийн шалтгаантай идээт халдвар бөгөөд жижиг хэмжээний буглаа юм. Арьсан дээр зөөлөн улаан өнгийн хавдар үүсч өвдөлт өгдөг.

Ойролцоогоор 7 хоногийн дараа хатиг голдоо зөөлөрч шар өнгийн идээ гэрэлтэн харагддаг. Эмчилгээ хийгээгүй тохиолдолд энэ нь 3-4 хоногийн дараа цоорч идээ гадагшилж өвдөлт намдана. Үүнийг манайхан наашаа харсан толгойтой хатиг гэдэг. Харин үрэвсэл зөөлөн эдийн гүн рүү даамжирч, арьс руу нээгдэхгүй удвал манайхан цаашаа харсан толгойтой хатиг гэдэг.

Ямар ч тохиолдолд хатиг гарч эхлэсэн мөчөөс эхлэн тохирох антибиотикийг зөв тунгаар хэрэглэх нь эдгэрэлтийг түргэсгэж дахихаас сэргийлнэ. Манайхан нэг хатиг гарсан нь бол 7 гарч байж дуусдаг хэмээн ярьдаг нь антибиотик эмчилгээ хийдэггүй, антибиотик нь үүсгэгч няндаа тэсвэртэй, бага тунгаар, цөөн хоног хэрэглэдэг, ариун цэврийн дэглэм баримтладаггүй зэрэгтэй холбоотойгоор дахидгийг тайлбарласан болов уу.

Антибиотик эмчилгээг өвчин эхэлсэн эхний хоногуудад хийж эхэлбэл хатиг идээлэхгүй шимэгдэж эдгэрэх магадлал өндөр болдог. Харин идээлсэн тохиолдолд заавал эмчид хандана. Учир нь гэрээр идээг шахаж гаргах нь хүүхдэд маш хүчтэй өвдөлт үүсгэх бөгөөд идээ нь халдвартай гэдгийг мэдвэл зохилтой.

Хатигийг нээснээс хойш шарх 2-3 хоногт эдгэрнэ. Энэ хугацаанд шархыг нянгийн эсрэг савангаар өдөрт 2 удаа угааж болох бөгөөд тамедины уусмалаар цэвэрлэнэ. Харин хатиг гарсан хэсгийг спирт, метилийн хөх, бриллиант ногоон зэрэг уусмалаар арчих, УВЧ шарлага хийх зэрэг нь орчин үед хоцрогдсон арга юм. Түүнчлэн цусаа солиулах гэж манайхан ярьдаг судасны цуснаас 5-10 мл-ийг авч антибиотиктой холин булчинд тарьдаг арга нь 1920-иод онд хэрэглэж байсан өнөө цагт хэдийнээ үеэ өнгөрөөсөн арга юм.

Хатиг дахилт өндөртэй өвчин гэдгийг хүмүүс сайн мэднэ. Иймд хатиг гарсны дараа өдөр бүр шүршүүрт орж, ариун цэврийг сайтар сахих шаардлагатай. Энэ үед ваннад орох, хүүхдээ оруулах нь тийм ч зөв биш. Мөн хатигийг боосон боолт, наалт зэргийг хүүхдэд ойртуулалгүй шууд хогийн саванд хаях ёстой. Гараа сайтар угаана.

Арьсыг маажих, гэмтээх, шавьжинд хатгуулах зэрэг нь хатиг гарахад нөлөөлдөг. Мөн харшилтай/диатезтай, тарган хүүхдэд хатиг гарах нь элбэг. Нүүрэн дээр гарсан хатиг менингит үүсгэж болзошгүй тул эмчид яаралтай хандах хэрэгтэй. Эхийн хөхөн дээр хатиг гарсан ч хүүхдээ хөхүүлэхийг үргэлжлүүлж болно.

МУ-ын Төрийн шагналт, АУ-ны доктор, профессор Түмээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.