“Энхтайван хамтлаг”: Арван жилийн дараа тайзан дээр гарах гэж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

1990-ээд оны сүүлч 2000 оны эхээр Монголын урлагийн ертөнцөд хип, хоп хамтлагууд олноор төрөн гарсан. “Люмино”, “ICE TOP”, “Дижитал”, “Тиро”, “Дайн ба Энх”, “Энхтайван” зэрэг хамтлагууд тухайy үед хүүхэд, залуучуудын сонсох дуртай олон уран бүтээлийг дуулдаг байлаа. Мөн Эрдэнэт хотын залуус “Би Би Чэйн” гэдэг хамтлаг байгуулж “Улаан сарнай” дууг анх дуулсан нь одоо ч залуучуудын дуртай дуу хэвээр байна. Бидний үеийн залуучуудын бас нэгэн мартагдашгүй уран бүтээл нь “Трио” хамтлагийн “Чамтай уулзсан мөчүүд” дууг одоо ч сонсоод удахгүй байдаг билээ. 2000 оны үед хүүхэд, залуучуудын сонсох дуртай олон дууг дуулсан “Энхтайван” хамтлагтай уулзаж хуучны дурсамжаа сэргээлээ.

-“Энхтайван” хамтлаг анх хэзээ байгуулагдсан бэ?

-Э.Очирхуяг: Манай хамтлаг 1999 оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдөр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байлаа. Багаасаа нэг нэгнээ мэддэг, нэг байрны найзууд санаа нийлсэн нь тэр л дээ. Өмнө нь хамт бүжиглэдэг байлаа. Ер нь тухайн үеийн хип хоп хамтлагууд бүгд л бүжиглэж гараагаа эхэлсэн дээ.

-Танай хэд хэдэн уран бүтээл хит дуунуудын жагсаалтыг тэргүүлж байсан санагдана?

-Б.Хүчбаяр: Хамгийн анх “Тэд”, “Хүн биш буг” зэрэг дуунууд гаргаж байлаа. Араас нь “Талийгаачийн дурсгалд” гэж дуугаа гаргасан. С.Зориг агсан, О.Дашбалбар агсан нарт зориулсан дуу л даа. Тэр үеийн хит дууны жагсаалтыг ч тэргүүлж байлаа. Дараа нь “Хайрын сэтгэл” дуугаа гаргасан. Тэр үеэс л хип хоп сонирхогч залууст “Энх тайван” гэж хамтлаг байдаг юм шүү гэдэг нь танигдаж эхэлсэн байх. “Нандин хайр”, “Нэг байрны найзууд”, “Уучлалт” зэрэг дуунууд маань ч их амжилттай явж байсан. “Нэг байрны найзууд” нэртэй тоглолтоо хийж байлаа.

-Нэг хэсэг нам жим болсон, хэзээнээс уран бүтээлдээ эргэж орсон бэ?

-Э.Очирхуяг: 2003 оноос хамтлагийн гишүүд тус тусын амьдрал, сургууль соёлоо хөөж уран бүтээл завсардсан. Зарим нь гадагшаа явлаа. Ингээд л хамтлаг унтаа байдалтай болсон доо. Удахгүй шинэ сонсогч нартаа хүргэнэ.

-Тухайн үед “Дайн ба энх”, “Эрх чөлөө” зэрэг хамтлагууд байлаа. Ер нь тэр үед эрх чөлөө, тусгаар тогтнолтой холбоотой нэр өгөх хандлага их байсан уу?

-Г.Хашчулуун: Үгүй ээ /инээв/. Манай хамтлагийн гурван гишүүний “Энх”-ээр эхэлсэн байдаг юм. Дээр нь Улс тунхагласны баяраар байгуулагдсан. Ярилцаж байгаад л “Энх тайван” гэдэг нэр өгсөн.

-Эргээд уран бүтээлдээ орлоо. Шинэ уран бүтээлүүд хэзээнээс үзэгчдийн хүртээл болж эхлэх бол?

-Э.Очирхуяг: “Дижитал” хамтлагийн 15 жилийн ойн тоглолтонд оролцох урилга аваад дуртай зөвшөөрсөн. Яг энэ саналыг авахаас өмнөхөн бид шинэ уран бүтээлийн тухай ярьж байсан. Нэгэнт эхэлсэн зүйлийнхээ үр дүнг гүйцээж харах гэсэндээ л тэр шүү дээ. Үүнийхээ эхлэл болгоод зарим хуучин дуунуудаа шинэчлэн бичүүлэх, шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байна. Шинэ, хуучин уран бүтээлээ нэгтгээд цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн түрүүнд “Хайрын сэтгэл” дуугаа шинэчлэн дууллаа. Хөгжмийн дугаралтыг сайжруулах тал дээр ажиллаж байгаа болохоос биш утга санаа, найруулгыг өөрчлөхийг хүссэнгүй. Тун удахгүй уг дууны клип үзэгчдийн хүртээл болно. Тухайн үед залуус сонсдог байсан зарим нэг дуунуудаа одоогийн залуусч хүргэе гэдэг үүднээс л шинэчилж байгаа юм. Түүнээс биш шинэ уран бүтээлүүд түлхүү гарна. Мөн хип хоп хамтлаг, дуучдын хамтран дуулж байгаа “Аз жаргал” нэртэй дуунд манай хамтлаг оролцсон. Удахгүй цацагдаж эхлэх байх. Их л олон зүйлийг хийхээр зорилго тавьчихаад ажиллаж байна.

-Шинээр гарах цомогт хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох уу. Эсвэл одоо байгаа бүрэлдэхүүнээрээ уран бүтээл хийгээд явах уу. Нөгөө гишүүн маань хаана байгаа вэ?

-Б.Хүчбаяр: Манай хамтлагт анх байсан Г.Хашчулуун, Б.Хүчбаяр, н.Очирхуяг гэсэн гурван гишүүнтэйгээ байна. Дөрөв дэх гишүүн н.Энхбаяр маань “Монгол даатгал” компанид ажилладаг.

-Олон жил урлагаас хөндий байлаа. Анхны уран бүтээл “Хайрын сэтгэл” дуугаа шинэчлэн дуулж байх үед ямар  сэтгэгдэл төрж байсан бэ?

-Э.Очирхуяг: Өнгөрсөн хугацаанд бид урлагаас хөндий байлаа. Бараг л ор тас мартсан гэхэд болно. Хамгийн сүүлд 2005 онд “Ice top” хамтлагийн “Хайраа надаас асуу” тоглолтын тайзан дээр гарсан санагдаж байна. Тэрнээс хойш гээд бодохоор нэлээд төсөөрсөн байна /инээв/. Их л бэлтгэл, шаргуу хөдөлмөр хэрэгтэй гэж бодогдож байсан. Түүний үндсэн дээр сайн уран бүтээл гаргах ёстой. Яахав нэгэн бодлын цоо шинээр эхэлж байгаа биш болохоор гайгүй байна.

-Г.Хашчулуун: Нэлээд төсөөрсөн байна. Бичлэгт ороход ч их сонин мэдрэмж төрж байна.

-Тухайн үеийн “Мон Та Реп”, “Энх тайван”, “Эрх чөлөө”, “Дайн ба энх”, -2 хүү” зэрэг хамтлагуудыг сонсдог байсан залуус өнөөдөр 30 гаруй насныхан болжээ. Шинэ үеийн хип хоп сонирхогч залуус эдгээр хамтлагуудыг төдийлөн сайн мэдэхгүй. Яг энэ үед эргээд уран бүтээлдээ ороход хүлээж авах болов уу гэсэн түгшүүр байна уу?

-Э.Очирхуяг: Нэг их айх зүйл алга. Одоо бол харьцангуй юм хөгжсөн үе шүү дээ. Биднийг анх эхэлж байх үед ийм байгаагүй. Өмнө нь бид FM болгоны хаалга татаад “Манай дууг цацаад өгөөч” гээд л явдаг байлаа. Гэтэл өнөөдөр шинэ үе ирсэн байна. Хоолой бичүүлэх, дуугаа цацахаас авахуулаад л. Бид өөрсдөө л сайн, донжийг нь олсон уран бүтээл гаргаж чадвал шинэ, хуучин гэлтгүй сонсогчдыг татаж чадна байх.

-“Энх тайван” хамтлаг old school стилиэр дуулдаг байсан шүү дээ. Одоо шинээр хийж байгаа уран бүтээлүүд ямар нэг стиль, жанрт баригдах уу?

-Б.Хүчбаяр: Стиль жанрт баригдаж “хайрцаглагдах”-ыг хүсэхгүй байна. Чадах бүх л зүйлээ хүмүүст үзүүлмээр байна. Тэгэхийн тулд нэг стильд баригдах шаардлагагүй.

-Арван жилийн дараа “Дижитал”-ийн тоглолтонд ая дуугаа өргөх гэж байна. Сонсогч залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Г.Хашчулуун: Тиймээ. Их догдолж, хүлээж байна. Тайзан дээр гарахад мэдэрдэг сайхан мэдрэмжийг авна гэж бодохоор сайхан байна. Сонсогч залуустаа хандаж бидний уран бүтээл удахгүй та бүхэнд хүрэх болно гэж хэлье.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.