Баянхонгорын Засаг дарга Д.Жаргалсайханы төрийн албанд ажиллаж байгаагүй нь шүүхээр тогтоогджээ

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханыг төрийн албанд ажиллаж байгаагүйг шүүхээс тогтоожээ. 2012 оны орон нутгийн сонгуулиар Баянхонгор аймагт АН ялалт байгуулж, 2010 оноос тус аймгийн АН-ын даргаар ажиллаж буй Д.Жаргалсайханыг ИТХ-аас нь Засаг даргаар томилуулах хүсэлтийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт өргөн барьсан байна. Ерөнхий сайд ч хүсэлтийг нь биелүүлж томилжээ. Харин тус аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг энэхүү томилгоог удаа дараалан хууль бус хэмээн мэдэгдэж байсан ч АН-ын бүлэг олонхиороо хүч түрэн шийдвэрлэсэн аж.

Д.Жаргалсайхан нь төрийн албанд гурван жил ажиллаагүй, төрийн ажлын туршлагагүй нэгэн юм байна. Үүнтэй ижил жишээ Төв болон Дорнод аймгуудад гарсан ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг алдаагаа ойлгож, өөрийн шийдвэрийг өөрчилж байжээ. Гэвч Д.Жаргалсайхан цаг хожих зальт арга хэрэглэсэн аж. Тэрээр МАН-ын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хэрэг үүсгэн шалгаж байсан асуудлыг “зогсоолгон”, өөрийгөө төрийн албанд ажиллаж байсан эсэхийг тогтоолгохоор анх 2013 оны 12 сард Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг шүүх бүтэн дөрвөн сарын турш хэлэлцэлгүй дарж, 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хэлэлцсэн ч шүүх хуралдаанд Д.Жаргалсайхан өөрийн биеэр хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж, гомдлыг өөрт нь буцаасан тул Үндсэн хуулийн Цэц хэргийг сэргээсэн байна.

Гэтэл Д.Жаргалсайхан дахин цаг хожихоор 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн сум дундын гуравдугаар шүүхэд хүсэлт гаргажээ. Мөн хоёр ч удаагийн шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй бөгөөд гомдол гаргасан нэхэмжлэх нь үндэслэлгүй байсан учраас 2014 оны 08 сарын 18-ны өдрийн 09.00 цагаас Баянхонгор аймгийн сум дундын гуравдугаар шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хүсэлт гаргагч Дамдинсүрэнгийн Жаргалсайханы ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцжээ. Улмаар дараах шийдвэрийг гаргасан байна.

Сум дундын гуравдугаар шүүхийн шийдвэрээс тоймлон хүргэвэл:

ҮНДЭСЛЭХ нь:

“Хүсэлт гаргагч Д.Жаргалсайханыг 2010 оны 12 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсныг төрийн албанд ажиллаж байсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 3 дугаар зүйлийн 3.1-д "Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ" гэж заасан ба Д.Жаргалсайханы 2010-2013 онуудад ажиллаж байсан Баянхонгор аймгийн Ардчилсан намын орон тооны даргын ажил, алба нь төрийн албанд хамаарахгүй болно...

... Д.Жаргалсайханы 2010-2013 онуудад Баянхонгор аймгийн Ардчилсан намын орон тооны даргаар ажиллаж байсан хугацааг 1995 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримтлан төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул уг хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв” хэмээжээ.

Б.ЦЭЛМЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.