Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс хаана амьдардаг вэ?

2017 оны 03-р сар 20-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг тодорхойлдог нэгэн өвөрмөц үзүүлэлт байдаг билээ. Үүнийг “Аз жаргалын индекс” хэмээн нэрлэдэг ба “NEF” судалгааны байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг тооцоолон гаргадаг байна.

Хамгийн анх 1972 онд Бутаны эзэн хаант улсад Үндэсний нийт аз жаргалын индекс гэж гаргаж байжээ. Уг жагсаалтыг гаргахын тулд 156 орны иргэдийн санал асуулгыг авахаас гадна эрүүл мэндийн үйлчилгээ, авлига, нэг хүнд ногдох ДНБ, эрх чөлөө, нийгмийн халамж үйлчилгээ, боловсрол зэрэгт үзүүлэлтийг ашигладаг аж. Ийнхүү дээрх үзүүлэлтүүдэд тулгуурлан аз жаргалын индексийг гаргахдаа дараах аргачлалыг баримталдаг байна.

Аз жаргалын индекс =  Эрүүл мэнд + Дундаж наслалт + Экологийн нөхцөл байдал

Эдгээр гурван үзүүлэлтийг сайн, муу, дундаж гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүнд хувааж тус бүр 0-10 оноо өгдөг аж. Мөн дэлхийн нийт улс орнуудыг аз жаргалыг индексээр дараах зургаан өнгөөр төлөөлүүлэн байр эзлүүлжээ.

Энэхүү судалгааны гол онцлог нь эдийн засгийн өсөлт, техник технологийн дэвшилттэй төдийлөн холбоотой биш бөгөөд хүн төрөлхний эцсийн зорилго сайн сайхан ирээдүйг гол зорилгоо болгон хөгжиж байгаа улс орнуудыг гаргаж ирдэг юм. Иймдээ ч 2016 онд гаргасан жагсаалтад дэлхийн хөгжлөөрөө тэргүүлэгч орнууд тийм ч дээгүүр байранд ороогүйг ажиглаж болно.

Хамгийн сүүлд буюу 2016 онд гаргасан Аз жаргалын индексээр Дани, Швейцарь, Исланд тэргүүтэй орнууд хамгийн жаргалтай орны тоонд багтсан бол Того, Бурунди, Бенин зэрэг улсууд хамгийн доогуур үзүүлэлттэй гарчээ.

Харин эдийн засаг, технологийн хөгжлөөр тэргүүлэгч АНУ 13, ОХУ 54, Япон 51, Хятад 78, Энэтхэг 111-р байранд оржээ.

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон арван улсыг танилцуулж байна. 

1. Дани, рейтинг оноо: 7.53

2. Швейцарь, рейтинг оноо:7.51

3. Исланд, рейтинг оноо:7.50

4. Норвеги, рейтинг оноо:7.50

5. Финлянд, рейтинг оноо:7.41

6. Канад, рейтинг оноо:7.40

7. Нидерланд, рейтинг оноо:7.34

8. Шинэ Зеланд, рейтинг оноо:7.33

9. Австрали, рейтинг оноо:7.31

10. Швед, рейтинг оноо:7.29

 

95. Монгол улс, рейтинг оноо: 4.91

Монгол улс 2013 онд 156 орноос 102-д орж байсан бол 2016 онд 149 орноос 95 дугаар байранд бичигдэж аз жаргалын индекс өссөн үзүүлэлттэй гарчээ. Гэсэн хэдий ч иргэдийн сэтгэл ханамж, аз жаргалтай байдал Сомали, Тунис, Зимбабе зэрэг Африкийн орнуудтай ижил түвшинд байгааг анхаарах нь зүйтэй юм.

Твиттер дэх аз жаргалын индексийг тооцох боломжтой

АНУ-ын хэсэг эрдэмтэд 2009 оноос эхлэн дэлхийн твиттерчдийн аз жаргалын индексийг тооцоолон гаргах болжээ. Тэд олон сая жиргээг цуглуулж үгийн агуулгаар нь “аз жаргалтай”, “гунигтай”, “дундаж” гэж ангилсан байна. Үүнийг эрдэмтэд хедонометр хэмээн нэрлэдэг бөгөөд үгийн утга агуулгаас хамааран 1-9 хүртэл оноо өгч тухайн өдрийн аз жаргалын дундаж үзүүлэлтийг гаргаж ирдэг гэнэ.

Тухайлбал, happy, hahaha. Cherry, pancake зэрэг үгс 8.30-аас 6.96 хүртэл хамгийн өндөр оноог авдаг бол and, the гэсэн үгс дундаж буюу 5.22-4.98 оноо авчээ. Харин crash, war, jail, explosion, victim, kill гэх мэт үгс 2.60-1.76 оноо авч “гунигтай” гэсэн ангилалд ордог аж.

2009-2017 оны хооронд дахь твиттерчдийн аз жаргалын индекс

Эдгээр үзүүлэлтээс харахад аз жаргалтай амьдралыг тэр бүр материаллаг хэрэгцээгээр төсөөлөх нь дутагдалтай болохыг харж болно. Нөгөөтэйгүүр дэлхийн улс орнуудад эдийн засгийн өсөлтийн талаарх хуучны ойлголтууд өөрчлөгдөн шинэчлэгдэж байна.

Аз жаргал нь хэдийгээр хийсвэр, хэмжихэд хүндрэлтэй мэт санагдавч хүний оршихуйн үндсэн хүчин зүйл уг ойлголтоор дамжин илэрч байгаа нь ирээдүйн шинэ чиг хандлага гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Иймээс төр засаг боловсрол, соёл, эдийн засаг, ардчилал, эрүүл мэнд гэсэн нийгмийн үндсэн салбаруудын цаана иргэн бүрийн аз жаргал, сэтгэл ханамж гэсэн үнэт зүйлийг хамгаалж, түүнд тулгуурласан бодлого боловсруулах нь юу юунаас илүү эрхэм үүрэг болон хувирч байна.

М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.