Си-ийн үлдээсэн тоонууд ба Пу-ээс хүлээсэн бэлэг...

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 08:34 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын дарга Си Жинпин айлчилсны дараа Монгол улсын Хөгжлийн банк хэсэг уужуу амьсгалав. 162 сая ам. долларыг Хятадын Хөгжлийн банк 8 жилийн хугацаанд 6 хувийн хүүтэй зээлүүлэхийг зөвшөөрөв. Зургаан хувийн хүү өндөр тоо. Ийм үнэтэй зээл Хөгжлийн банкинд яагаад чухал байна вэ?

Хөгжлийн банк 580 сая ам. долларын бондын төлбөрөө 2017 онд төлнө. Төлбөрийн дарамтыг хэсэгтээ холдуулах боломж нь Хятадын зээл. Зээлийг зээлээр нөхөж байна гэсэн үг. Хөгжлийн банк есдүгээр сард Credit Suisse группээс 300 сая ам. доллар мөн зээлэхээр хэлэлцэж байна. Дээр өгүүлсэн 580 сая ам. долларын төлбөрийн дарамтыг хойшлуулах арга чарга юм.

Гэтэл Хөгжлийн банк 2017 оныг мэнд давлаа гэхэд араас нь 2018 онд Чингис бондын 500 сая ам. долларын төлбөр гараад ирнэ. Төдөлгүй 2022 онд Чингис бондын үлдэх 1 тэрбум ам. долларыг төлөх хугацаа айлчлан ирнэ ээ.

Монгол орон энэ зуны хур бороонд тааламжтай амсхийх зуураа ирэх өдрүүдийн хатуу ширүүнийг давхар мэдэрч байлаа. Долдугаар сарын 31-ний өдөр Аргентин улс бондын хямралд хоёр дахиа унасан тухай мэдээг монголчууд сонсч л сууцгаасан. Арилжааны зээл анх удаа авсан билээ, Монгол улс. Аргентин шиг хэдэн арван жил дамжин бондын өр унжаагүй байна, одоохондоо. Гэвч Чингис бондын өр төлөх 2017 он хаяанд бий.

Песо ба төгрөг

Долдугаар сарын 31-ний өдөр Аргентин улс 1.5 тэрбум ам. долларын бондын төлбөрөө Америкийн зээлдүүлэгчдэд төлөх ёстой байлаа. Нам унтаад, наймдугаар сарын 1-нд сэртэл дэлхий даяар шинэ шуугиан дэгдсэн байв. “Аргентин бондын хоёр дахь хямралд унав” , “Аргентин улс дампуурлаа” гэсэн мэдээлэл цацагдав. Хариуд нь Ерөнхийлөгч хатагтай Cristina Fernandez de Kirchner  “Бид өрөө төлөхгүй гээгүй. Харин өрийн бүтцийг өөрчлөх хэлэлцээр хийж байна. Хөрөнгө оруулагчид бидэнд хүлээн авах аргагүй санал хэлж байгаа” гэсэн юм.

Тус улсын бондын нийт төлбөр 100 тэрбум ам. доллар хүрчээ. Чингис бонд хажууд нь бараг “жоохон юм” байгаа биз. Мөнөөх 100 тэрбумыг төлж чадахгүй явсаар бондын эхний хямралтай 2001 онд золгов. Өрийн бүтцийг өөрчлөн, анхны үнийх нь 70 хувьтай тэнцэх хэмжээнд хямдруулав. Хөрөнгө оруулалтын сангууд Аргентиний саналыг хүлээн авахаас өөр гарц байгаагүй. Бараг бүгдтэй нь тохироод байтал Elliott Management Corp-ийн эзэн Paul Singer уг нөхцөлийг зөвшөөрөхгүй хэмээн гэдийжээ. Түүний мэдлийн хөрөнгө оруулалтын сангууд Аргентины нийт  бондын 7 хувийг худалдан аваад байсан юм. Ингээд шүүхийн зарга 13 жил үргэлжлэн, 2014 оны долдугаар сарын 31-нд 1.5 тэрбум ам. долларын бондын төлбөрийг хүүгийн хамт Эллиотын сангуудад төлөх тухай шүүгчийн шийдвэр биелүүлэх сүүлийн өдөр ирсэн нь энэ.

Аргентины нийт өрийн 7 хувь нь 1.5 тэрбум ам. доллар буюу манай Чингис бондтой тэнцүү. Тэгвэл 1.5 тэрбум ам. доллараа төлүүлэхийн тулд зээлдүүлэгч ямар шахалт хийж ирснийг сонирхоно уу. Хөрөнгө оруулалтын сангийнхан Аргентины тэнгисийн цэргийн сургуулилтад саад хийхийг оролдож байж. Өрөө төлж чадахгүй байж хиймэл дагуул хөөргөх гэлээ хэмээн Аргентины сансар огторгуйн сонирхолд энэ жил саад хийлээ. Эдгээрээс хамгийн эвгүй нь мөнөөх хөрөнгө оруулалтын сан 2007 онд Аргентины Ерөнхийлөгчийн онгоцыг “барьцаалахыг” оролдсон гэх мэт байлдаантай киноных шиг жишээнүүд байна.

Арилжааны зээл хэмээгч нь төлж байж салдаг, үгүй бол хэдэн арван дамжин ужгирч улс орны эдийн засгийн өсөлтийг сааруулан, инфляц өсгөж, ханш сулрах эрсдэл дагуулдаг. Аргентин песогийн ханш  нэгдүгээр сард 20 хувиар унажээ.

Өрийн түгшүүр дунд Монголын Засгийн газар, Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Хятад улсын даргын айлчлалыг хүлээсэн юм. Си Жинпин даргын айлчлалын үеэр Хөгжлийн банкны зээлээс гадна 1 тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийг хийв.

Хятадын зүүн хойд эргийн Тянжин, Далиан, Жинзоу, Чинхуандо болон Дандон далайн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох боломж нээхээ  мэдэгдлээ. Эдгээрээс хамгийн ойрын хугацаанд ажил хэрэг болж, экспорт хийгдэх боомт нь Тянжин. Тухайлбал Дандон хүрэх дэд бүтэц Монголын дотоодод ч тавигдаагүй, ТЭЗҮ төдий яриа яваа. Дандон боомтыг ашиглан Зүүн хойд Азийн улсуудад бүтээгдэхүүн экспортлох ерөнхий хэлэлцээрийг өнгөрсөн жил Н. Алтанхуяг Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр үзэглэсэн. Үзэглэсэн, зурсан олон Гэрээний мөн чанар юу юм бол, зарим тоог задалж харах өдрүүд нэгэнт болсон.

Нүүрс биш хий, кокс яахав цахилгаан

Си Жинпиний үзэглэсэн ерөнхий хэлэлцээрүүдийн агуулга товчдоо ийм. Нүүрснээс синтетик хий боловсруулах, экспортлох төсөлд Хятад улс хамгийн их хөрөнгө оруулна. Синопекийн төсөл гээд олон нийт цээжилчихсэн яваа. Монголын эрчим хүчний нүүрсийг авах биш, харин энд нь хийжүүлээд хэрэглэе гэж байна. 34 тэрбум ам. долларын өртөгтэй энэхүү аварга төслийг ажил хэрэг болгох усны нөөц Монгол улсад байгаа юм болов уу. Цөөнгүй асуулт цаашид гарах болов уу, ямар ч байсан энэ нь Хятадын даргын хамгийн их сонирхсон төсөл. Удаах нь Монголоос эрчим хүч авах хамтын ажиллагаа.

Өөр нэг тоо дурдъя. Монголоос 20 жилийн хугацаанд 1 тэрбум тонн нүүрс авах боломжтой гэж Хятадын тал мэдэгджээ. “Боломжтой” гэсэн амлалтыг нүүрсний зах зээлийнх нь нөхцөлтэй холбон харъя. БНХАУ нүүрсний салбартаа шинэ  бодлого баримталж эхэлсэн:

-Эрчим хүчний, коксжих нүүрс болон коксын импортыг багасгах. Хятадын дотоодын нүүрсний үйлдвэрлэлийг илүү дэмжих

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд байгалийн хий, цахилгааны хэрэглээ нэмэгдүүлэх. Үүний тулд хий ба цахилгаан импортлох

Дээрх шинэ бодлогын хүрээнд БНХАУ нь нүүрсний экспортын 10 хувийн татварыг цуцлах, эсвэл импортын нүүрсэнд 10 хувийн татвар тавих тэнцвэржүүлсэн арга хэмжээг удахгүй авах гэж байна. Нүүрсний үнэ хямд байгаагаас Хятадын дотоодын нүүрсний компаниудын 70 хувь нь хүнд байдалд орсон, цалин тавих, бусад зардлаа дийлэхгүй болсныг Хятадын Нүүрсний ассоциаци наймдугаар сарын мэдээндээ дурджээ. Дотоодын нүүрсний салбарыг дампуурлаас хамгаалж, зах зээлд зохистой байдал бий болгохын тулд Шенхуа груп энэ онд төлөвлөсөн олборлолтоо даруй 50 сая тонноор багасгахаа зарлав. Шенхуа нь тус улсын тэргүүн олборлогч юм. Олборлолтын хэмжээгээр хоёрдугаарт ордог “Чайна Коул Энержи” мөн л оны сүүлийн хагаст төлөвлөсөн олборлолтоо 20 сая тонноор танах аж.

Ерөөс Хятад улс нүүрсний нийлүүлэлтийг 10 хувиар багасгах төлөвлөгөө гаргаад байна. Гангийн үйлдвэрлэлд ч эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцаа бий болтол “хасалт таналт” үргэлжилнэ гэж Хятадын Үйлдвэрлэл, технологийн яам мэдэгдэв. Есдүгээр сарын сүүл гэхэд ган төмрийн үйлдвэрлэлийг 48 сая тонноор багасгах аж.

Хятадын нүүрсний хэрэглээ өндөр байсан жилүүдэд гадагш гаргадаг экспортдоо 10 хувийн татвар тавьсан бол одоо Монгол, Австрали шиг нийлүүлэгчдийн нүүрсийг зах зээлээсээ эвтэйхэн шахаж буйг Та харж байна. Нүүрсний өнөөгийн хямд үнэ дээр 10 хувийн татвар нэмж төлнө гэвэл Монголын нүүрсний компаниуд байтугай Австралийн экспортлогчид ч сөхөрч унана гэсэн үг.

Австралийн Ньюкасл боомтын эрчим хүчний нүүрсний үнэ 69 доллар болж унасан ба 2011 онд нэг тонн нь 136 ам. доллар байсан билээ. Тус улсын коксжих нүүрс  экспортлогчдын 50 хувь нь хүнд байдалд орсон тухайгаа мөн л наймдугаар сарын мэдээндээ дурджээ.

Ноён Си-гийн айлчлалын үр дүнгээс “нүүрс” гэсэн хэсгийг хөөрөл багатай харахад буруудахгүй. Гэхдээ бусад Гэрээ хэлэлцээрээс боломж гарах нь дамжиггүй.

Путинд ямар санал тавих вэ?

Жаахан тэсвэл Монголын эдийн засаг ёроолоос босч ирэх гээд байдаг.

“Жаахан тэсэх” гэдэг нь ямар хугацаа билээ? Юуны түрүүнд валютын нөөцөө шавхчих гээд байна. Сар бүр 150 сая ам. долларын импорт Монгол улс зайлшгүй хийх хэрэгтэй. Олон зардлаа танаж, импортыг багасгаад, үлдэж буй хэмжээ нь. Хэрвээ энэ оны үлдсэн хугацаанд сар бүр 150 сая ам. долларыг валютын нөөцөөс гаргасаар байвал Монгол улсын төлбөрийн тэнцэл бүрэн хямарна. Энэ улаан шугамтай өдрүүдийг “жаахан тэсэх хугацаа” хэмээн нэрлээд байна.

Улаан шугам доогуур төлбөрийн тэнцлийг унагачихгүйн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины “бэлгийг” тэсэн ядан хүлээж буй юм. Дээрх 150 сая ам. долларын 100 сая нь шатахууны импортын төлбөр. Энэ дүнг хойшлуулж, зээл болгож чадвал ноён Путин Монгол оронд хагас өдөр морилон саатсаны ойрын үр дүн гарах гээд байдаг. Шатахууны импортын төлбөрийг гадаад худалдааны санжүүжилтийн бусад механизмаар солих саналыг Монголын талаас В. Путинд юуны түрүүнд тавихаар зэхжээ. Дараагийн асуудал нь рублийн своп хэлэлцээр хийхийг чармайж байна. Си Жинпиний айлчлалаар 15 тэрбум юаны свопын гэрээг хоёр улсын Төв банкууд байгуулсан шиг рублийн тодорхой хэмжээний своп манай улсад чухал байгаа.

Монголын талын дээрх хоёр саналыг ОХУ хүлээн авах магадлал бий. Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд Оросын Төв банк свопын талаар ам нээдэггүй байсан боловч олон улсын харилцааны шинэ орчин, эдийн засгийн өөр нөхцөл үүсч буйг дагаад Монголбанктай тодорхой дүнгээр свопын гэрээ байгуулах боломжтой. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих гэрээ зурж, ОХУ-ын том компаниуд Монголын уул уурхайн төслүүдэд оролцох боломж нээгдвэл худалдаа нэмэгдэн, рублийн хуримтлал бүрдэх бололцоо бий. Мөнгөн тэмдэгтүүд маань хоорондоо түргэн шуурхай хөрвөх нь хэн хэндээ хэрэгтэй гэдгийг Путин ахайд Монголын Засгийн газар учирлах гэж байна.

Монголын ямар төсөлд ОХУ оролцох сонирхолтой вэ? В. Путины энэ удаагийн айлчлалын өмнө гэрээ хэлэлцээрийн бэлтгэл ажил бага, харин Халх голын ялалтын ой, соёлын өдрүүдийн тухай ёслолын чанартай яриа өргөн тархсаныг эрхэм Та анхаарч буй биз ээ. ОХУ-ын Ерөнхийлөгч 2009 онд Монгол улсад Ерөнхий сайдын хувиар айлчлахдаа тохиролцсон хоёр төслөө юуны түрүүнд хэрэгжүүлэхийг шаардах магадлалтай. Монголын шинэ төмөр замын төслүүдийн 50 хувьд оролцох, Мардайн ураны орд газарт мөн 50 хувийн хамтарсан компани байгуулах тухай 5 жилийн өмнөх яриагаа хэрэгжүүл гэсэн гол шаардлагыг тавих буй за. ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд Австрали нь тус улсад нийлүүлдэг ураны экспортоо зогсоож байгаагаас үүдэн Монголын түүхий эдийн түшиц газрыг Путин баталгаажуулж авахыг зорьж таарна.

Арилжааны зээлийг улс төрийн зээлээр

Си Жинпин даргын айлчлалын үеэр Монголын баялаг ордуудын тухай тодорхой санал сонсогдсон юм. Тухайлбал Улааны цайрын ордыг ашиглах гэрээ байгуулах санал.  Мөн ураны асуудал ч хөндөгдсөн. Гурванбулагийн ураны ордыг олборлох лицензийг авахыг Хятадын тал сонирхож байгаа. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад Хятад улс Монголтой хамтрах саналаа илэрхийлсэн. Ингэхэд уран ба төмөр зам дээр хоёр хөршийн маань сонирхол давхцаад байгааг Та анзаарч байна уу. Энэхүү давхцалыг Монголд ашигтайгаар эвтэйхэн зохицуулах, бяцхан өрсөлдөөн дундаас нь бас чиг хожих арга ухаан чухал болоод байна. Хоёр улстай хоёулантай нь татваргүй худалдаа хийх нь манай улсын гол зорилго юм. Түүнчлэн Европ-Хятадын хоорондох ачаа эргэлтийг дамжуулах саналыг манай улс тавьж байна.

Хятад улс “Шинэ Торгоны зам”-ын бодлогоо дэлхий дахинд дэвшүүлж, түүнийг нь дэмжсэн улсад хариу талархахаа илэрхийлээд байна. “Торгоны зам”-ыг дэмжсэн Монгол улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад (АПЕК) гишүүнээр элсэхийг дэмжиж болзошгүй гэсэн хүлээлт манай талд бий. Тэгвэл ОХУ-д өөрийнх нь сонирхол бий. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад нэгд гэсэн саналаа Монголд тулгах нь лав. Хятад, Орос улсууд түнш гэх хэдий ч үнэн хэрэгтээ Торгоны зам ба ЕвроАзийн гаалийн нэгдсэн холбоо, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага  нь тус тусынх нь ашиг сонирхлын тэргүүнд байдаг. Хөөрхий аргентинчууд бондын өрөнд орж зовохдоо “Манай улс Бриксийг сонирхсоноос болоод америкууд биднийг хавчаад байна” гэсэн лугаа хөрш хоёр улс маань биднийг өөр өөрсдийнхөө ашиг сонирхлыг дэмжихийг шаардаж таарна.

Монгол улс барууны хөрөнгө оруулалтын сангуудаас зээлсэн арилжааны зээлээ Си, Пу нарын бэлгээр түр аргацааж, улмаар урт хугацаандаа урд, хойд хоёр хөршийнхөө мөнгөөр зээлийн бүтцээ аажим өөрчилж эхэлж буйг Та харлаа. Чингис бондын зээл улс төрийн зээлд аажмаар шилжиж байна. Энэ нь бидний хүссэн сонголт байгаагүй. Урд, хойд хөршүүдийн уурганы хуйв чангарч байна гэсэн үг.

Си даргын айлчлалын өглөө бороо асгаран орсон ба долларын ханш бага зэрэг сулрав. Үнэн хэрэгтээ “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын урьдчилгаа төлбөр 100 сая орчим ам. доллар, Оюутолгой ордын баяжмалын төлбөрүүд орж ирж байгаагаас үүдэлтэй ханшийн сулралт юм. Гэхдээ монголчууд мөнөөх бороог Си даргын айлчлалтай холбон билэгшээлээ. Бүх зүйл сайхан болох нь ээ...гэж. Одоо Пу Ерөнхийлөгч намрын налгар өглөө мөн л өгөөмөр бэлэгтэйгээр Улаанбаатарт газардах буй за хэмээн цайлган монгол хүн хүлээж сууна. Аргентинд ямар ийм өгөөмөр хоёр хөрш байх биш...хэмээгээд тамхиа нэрэв ээ.

Нийтлэлч: Болормаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.