ХБНГУ ОХУ-ыг байгалийн хийн үнээ нэмэх оролдлого хийж байна хэмээн буруутгалаа

Twitter Print
2022 оны 06-р сар 16-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ Оросын төрийн өмчит Газпром компанийг байгалийн хийн нийлүүлтээ огцом бууруулснаар үнээ нэмэх оролдлого хийж байна хэмээн буруутгажээ. Газпром компани ХБНГУ руу нийлүүлдэг байгалийн хийн хэмжээгээ өмнөхөөсөө хоёр дахин бууруулж, өдөрт 70 м.куб болгосон ба энэ нь хий дамжуулах хоолойнд засвар үйлчилгээ хийж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.

Нөгөө талаас ХБНГУ-ын Сангийн сайд Роберт Хабэк үүнд техникийн саатал бус "улс төртэй холбоотой шийдвэр" нөлөөлсөн гэж үзэж байна. Тэрээр, "Нөхцөл байдлыг тогтворгүй болгож, үнээ нэмэхийг оролдож байгаа нь харагдаж байна." хэмээн мэдэгджээ.

Газпром компани өнгөрсөн мягмар гарагт Норд Стрийм-1 хий дамжуулах хоолойгоор өдөрт нийлүүлэх хийн хэмжээгээ 167 м. кубээс 100 м. куб болгоно гэж мэдэгдсэн ч маргааш нь 67 м. куб болгон багасгахаар болсон хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Газпром Италид нийлүүлж буй хийн хэмжээгээ 15 хувиар бууруулсан байна.

Итали улсын хувьд ХБНГУ-тай адил ОХУ-ын эрчим хүчнээс өндөр хамааралтай бөгөөд байгалийн хийн импортынх нь 40 хувийг Оросын хий эзэлдэг аж. Хоёр долоо хоногийн өмнө Европын холбооны удирдагчид 2022 оны сүүл гэхэд Оросын газрын тосны импортонд хориг тавих шийдвэр гаргасан билээ.

Польш, Болгар, Финланд, Дани, Нидерланд улс ОХУ-ын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, ОХУ-ын эдгээр улсад байгалийн хийн импортлохоо зогсоосон билээ. ОХУ-ын зүгээс Оросын эрчим хүчийг импортлогч орнуудаас төлбөрөө рублиэр хийхийг шаардсан нь барууны орнуудын хоригоос болж уналтанд орсон дотоодын валютаа дэмжих гэсэн төлөвлөгөө байсан юм. Германы Сангийн сайд Роберт Хабэк Оросын үйлдэл Европын орнуудад ашигт малтмалаас гаргаж авсан эрчим хүчнээс яаралтай татгалзах хэрэгтэйг харууллаа хэмээн онцолжээ.

Түүний хэлж байгаагаар улс орнууд Оросын эрчим хүчийг нөхөх аргаа олох ба Герман улсын хувьд байгалийн хийгээ хангалттай нөөцлөсөн байгаа аж. Өнгөрсөн 2-р сард ХБНГУ Оросын Норд Стрийм-2 хий дамжуулах хоолойн үйл ажиллагааг зогсоосон билээ. Түүнээс гадна Европын холбооны өнгөрсөн лхагва гарагт Израил болон Египеттэй хийсэн зөвшилцөлд Израилийн Европын улс орнууд руу импортлох хийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тусгаажээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.