
Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгддэг.
Монголын байгалийн гайхамшиг бүрдсэн, цогц үзэсгэлэнт газруудыг www.mongolcom.mn сайт эрхэм уншигч танд цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч аялахыг мөрөөддөг байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.
Цуврал 6: Дорноговь аймгийн 7 гайхамшиг
1. Хамрын хийд
Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг.
Д.Данзанравжаа Улааны шашныг Монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байсан ба Хамрын хийдэд Монголын анхны театрыг 1830-аад онд Намтар дуулах дацан нэртэйгээр байгуулсан байна.
Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг. Хамрын хийдэд театраас гадна Хүүхдийн дацан нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг дэмжиж байжээ. Данзанравжаа Хамрын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын орон байгаа газрыг тодорхойлжээ.
Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орон-ыг тойруулан суварга бүхий хашаа босгож тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан. Шамбалын орон 25 хаадтай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном уншдаг.
Хийдийн дэргэд “Хүслийн хар уул” байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ.
Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.
Хамрын хийдээс зүүн хойш 2 километрт эрт үед лам нар сууж бясалгал үйлдэж байсан олон агуйнууд бий. Мөн эхийн умай хад, өвчин гэм арилгагч хад гэх мэтчилэн шүтэж биширдэг хаднууд бий. Хамрын хийдээс 1.5 километр зайд хойноос урагш 2 га талбай хамарсан Луутын цав хэмээх газар бий. Улаан, шар, хөх шавар дов толгод бүхий цав юм. Эндээс Иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн ясыг судлаачид олжээ. Мөн өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтадын болон ургамлын үлдэгдэл элбэг байдаг.
Өвгөн суварга: Хамрын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны 9 дүгээр сарын 10-нд нээлтээ хийжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, 5 талтай ажээ. Анх 1823 онд Ноён хутагт энэ суваргыг бүтээж байжээ. Ингэхдээ Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээсэн гэдэг.
Уг суварга 1937 он хүртэл сүсэгтэн олондоо адистид хүртээж байгаад буулгагдсан байна. Шинээр бүтээсэн Өвгөн суваргын таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу Язгуурын 5 бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулжээ. Уламжлалын дагуу тарнийн хүчийг оршоож олон боть цай, 7 тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, Улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг шүншигт нь хийсэн байна. Мөн оройн хэсгийн бунхан дотор Ноён хутагтын номлосон сургаалийн дагуу жинхэнэ шүншигийг нь хийж битүүмжилсэн байна. Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангайгаас авчирч, эргэн тойронд нь олон суваргын чуулбар хийжээ. Түүнээс доош байх танхим руу нэгэн олс уяаг оруулсан бөгөөд үзүүрт нь том очир уяжээ. Танхимын хойморьт байх Бурхан багш, Гүрү ренбүүчийн хөргийг залсан ширээн дээр тэр очирыг тавьжээ. Тэрхүү очирт мөргөхөөр бурханд мөргөж байгаа гэсэн үг гэнэ.
2. Цагаан дарь эх
Боржигин нутгийн зүүн жанжин Чойрын хийдийн Цогчин дуган байсан газраас холгүй арын Цагаан дарь эх хэмээх хадны бурхан бий. ХIХ зууны эхэн 1820-иод оны үед бүтээгдсэн энэхүү бурханыг маш эртний галбын барзгар боржин чулуун хадны элгэн биеэс ургуулах мэт товойлгон ур дүрийн гайхамшгийг цогцлоон сийлсэн нь одоо ч судлаачдын сонирхолыг татсаар байна.
Нутгийн иргэд олон жилийн турш буян заяагаа даатган мөргөн залбирч ирсэн дарь эх бурханыг анх Чойрын хийдэд хижиг өвчин гарч түүнийг дарахаар чойр дацангийн гол дуганы хаалгыг чиглүүлэн бүтээсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэдэг.
1938 онд Дарь Эх нэгэн зуун арван насан дээрээ зул хүж, хадаг мандалаа хураалгаж, тахилч лам нь яаманд баривчлагдаад таалал төгссөн. Ингээд л Цагаан Дарь Эх маань хэлмэгдэгсдийн хар нутаг сахин, үнсэнд хаягдсан шалз шиг үлээх салхины аман дээр өнгө будаг нь холцорч, мөнх бамбарын зул нь бөхжээ.
3. Өлгий хийд
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Өлгий хийд 1745 онд байгуулагдсан бөгөөд тухайн цаг үедээ 1000 гаруй ламтай байжээ. Тус хийд нь Өлгий уулын бэлд, уул руугаа түрж орсон байдалтай, баруун хойд талаараа Баян-Улаан хэмээх рашаан ус бүхий уулс, зүүн хойд талаараа Хорго хайрхан уул, урд талаараа Эргэлийн зоогоор хүрээлэгдсэн байдаг. Гол дуганыхаа ард даяан хийж бясалгадаг агуйтай. 1936 онд тус хийдийн 20 гаруй толгой ламыг баривчилж эхэлснээр улс төрийн эсэргүү нарын бүлгэм хэмээх хэрэг тулган 1792 тоот хавтаст хэрэг нээж ихэнх лам нарыг буудан хороожээ.
Эл төв нь Өлгий хийд буюу сөнөсөн хот юм. Монголын нутагт сөнөж мөхөж устсан олон арван хот суурингууд байдаг ч тэдгээрийг сөнөсөн хот гэж нэрлэдэггүй бөгөөд гагцхүү энэ хийдийг сөнөсөн хот гэж нэрлэдэг байна. Сөнөсөн хотын талаар хүмүүс их сонирхож асуудаг боловч энэ талаархи материал маш хомс байдаг. Энэ хийд нь 1745 онд байгуулагдаж 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед устгагдсан байдаг. Өлгий хийд нь ид хөгжилийнхөө үед 1000 гаруй ламтай, таван дацантай говийн томоохон хийдүүдийн нэг байжээ.
1936 онд Өлгий хийдийн лам нартай холбоотой нэгэн зохиомол хилс хэргийг Дотоодыг Явдлын яам зохион байгуулсан байдаг. ДЯЯ-ны мөрдөн байцаах ажлын 1792 тоот хавтаст хэргийн материалд тус хийдийн дээд 20 ламтай холбогдох хэргийг байцаан шүүж, тухайн үедээ баримтаар баталж ялын дээд хэмжээг өгсөн байдаг.
1792 тоот Хавтаст хэрэгт Өлгий хийдийн лам нар БНМАУ-ын үндэсний тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг бүрмөсөн алдагдуулж, олон түмэн ардыг газар шорооны хамтаар гадаадын эзэрхэг түрэмгий улсад боол болгон барьж өгөөд өөрсдийнхөө хэмжээгүй эрхийг эргүүлэн олж авах зорилготой байсан бөгөөд энэ үйл хэргээ Банчин богд болон оргодол хулгай Дилав хутагт нарын дэмжлэгтэйгээр гүйцэлдүүлэх санаатай байсныг баримтаар нотолж илрүүлсэн байдаг.
Гэвч тухайн үед энэ хэрэгт холбогдож ял авсан лам хуврагууд одоо бүгд цагаатгагджээ.
Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдээс хойш Өлгий хийд мартагдаж эзэнгүй орхигдсон балгас болсон бөгөөд 1990 оноос хойш дахин сэргээж тус хийдийн Аръяабалын сүмийн туурин дээр Аръяабалын сүмийг хуучин байсан бодит хэмжээг нь арай багасган барьсан байна. Одоогоор хийдийн үйл ажиллагааг сэргээж лам хуврагууд ном хурж буян ном айлдаж байна.
Хийдийн хуучин дүр төрхөөс үлдсэн зүйл нь Чойр дацангийн хойд талын туурга мөн лам нарын сууцын байшингийн балгас болон хана туурга, мөн сүм бусад дуган дацангийн буурь л байгаа.
4. Цонжийн чулуу
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Цонжийн чулуу хэмээх хүрмэн чулуунаас тогтсон жижиг хадат толгой бий. Энэ толгойн чулуу нь болор шиг зургаан талтай, талуудыг нийлүүлж өрсөн мэт сонин, босоо тогтоцтой, хар саарал өнгөтэй. Энэ чулууг өнгөлбэл гялалзсан хар өнгөтэй болно. Энэ толгой дээр аянга их буудаг, аянга буух үед чулуу бутарч унадаг гэж нутгийнхан ярьдаг. Хүрмэн чулуу хайлмаг байх үедээ асар их даралтад орж, олон талт багана хэлбэртэй болдог гэж шинжлэх ухаан тайлбарладаг.
Цонжийн чулуу нь Монгол оронд буй байгалийн өвөрмөц сонин тогтоцтой газруудын нэг, байгалийн эхийн бүтээл юм. Монгол оронд ийм хэд хэдэн газар байдаг боловч Цонжийн чулуу шиг зөв зургаан талтай чулуу байхгүй юм. Ийм тогтоцтой чулуу дэлхийд ч элбэг биш.
Олон улсад байгалийн энэхүү тогтоцыг hexagonal rock буюу зургаан талт чулуу гэдэг. Нутгийнханы аман яриагаар Цонжийн чулууны чулууг дээр үед хятадууд урагшаа зөөдөг байсан гэдэг. Цонжийн чулуунаас холгүй Хамбын ширээ гэж нэг жижиг толгой бий. Энэ толгойд үнэрт хамба шарилж ургана. Энэ шарилжийг Хамба Зундуй гэдэг хүн хятадаас захиж авчруулан тарьж ургуулсан гэдэг яриа бий.
5. Бүрдэнэ булаг
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт далайн манхан хэмээх 108 булагтай байгалийн маш үзэсгэлэнтэй газар бий. Харахад ус бүхий баянбүрд шиг ердийн элсэн манхан боловч элснийх нь ид шид гайхагдсаар иржээ. Бөөрний түүдгэнцэр, дэвшинцэрийн хурц архаг үрэвсэл зэргийг анагаах увидастай болох нь тогтоогджээ. Одоогоор нь манханы халуун элсэнд өвчтөний биеийг бүтэн булах маягаар эмчилгээ хийдэг жижиг сувиллын газар ажиллаж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд хүмүүст танигдаж байгаа бөгөөд аймгийн аялал жуулчлалын бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа ажээ.
Бүрдэнэ булгийн үзэсгэлэнтэй өвөрмөц сонин тогтоцтой газарт 1995 оноос бөөрний сувилал нээж, эмгүйгээр бөөрний түүдгэнцэр болон дэвшинцэрийн хурц архаг үрэвсэл, үе мөч, давсагны үрэвсэл зэрэг өвчнийг халуун элс, ингэний буцалгаагаар эмчилж байгаа нь үр дүн сайтай байна. Энд зуны улиралд 6-8 –р сард 4-5 ээлж ажиллаж сувилуулагчдад үйлчилдэг.
6. Эргэлийн зоо
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо нь байгалийн сонин тогтоцтой археологийн олдвор ихтэй газар бөгөөд 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм.
Улсын тусгай хамгаалалттай Эргэлийн зоогийн хил нь Сангийн овоо, Баянцав, Аман усны хяр, Аман ус, Төгрөг худаг, тэдгээрийн хоорондох тэмдэгт өндөрлөгүүдээр тогтоогдсон. Эргэлийн зоо нь уртаараа 60 гаруй км, өргөнөөрөө 20 орчим км үргэлжилсэн байгалийн сонин тогтоцтой, палентлогийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газар юм.
Иймээс эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байна. Анх 1992 онд Америкийн эрдэмтэн Рой Чэпмен Эндрюс судалж байсан байна. Оросын эрдэмтэн И.А.Ефремов, Польшийн нэрт эрдэмтэн К.Яваровская нарын удирдсан олон экспедиц ажиллаж байжээ. Энэ газрын тухай дэлхийн эрдэмтэдийн бичсэн 50 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүд байдаг ба тэдгээрт “Алтан уул” хэмээн нэрлэгдэж энэ нэрээр алдаршсан байна.
Эргэлийн зоогоос олдсон эрт галавын олон амьтаны чулуужсан яс дэлхийн болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байна. Эрт дээр үеэс ард түмэн энэ нутгийг тахин шүтэж, морь уралдуулж, бөх барилддаг байсан домог яриа байдаг.
Эргэлийн зооны үржил шим сайтай хөрсөнд бударгана, суль, агь, таана, хөмөл, ерхөг, тэсэг, шар мод, алтан харгана, хайлаас зэрэг олон овог төрлийн ургамал ургаж, аргаль хонь, хулан адуу, хар сүүлт, шилүүс зэрэг ховор амьтдаас гадна чоно, үнэг, хярс, дорго гэхчилэн махан идэшт, хөхтөн агнуурын амьтад, бүргэд ятуу, ногтруу, элээ, ууль, сар гэхчилэн жигүүртэн нутагладаг байна.
7. Нүдэнгийн хонхор
Дорноговь аймгийн ИТХ-ын 2011 оны 9/05 тогтоолоор Нүдэнгийн хонхорын 898,3 га газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан байна.
Архангай аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/12193
Баян-Өлгийн аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12257
Баянхонгор аймгийн байгалийн 10 гайхамшигт газар http://mongolcom.mn/read/12393
Булган аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12634
Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг http://mongolcom.mn/read/12755
Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/24546
Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/23438
Дорнод аймгийн 10 гайхамшигhttp://mongolcom.mn/read/13221
Дундговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13698
Завхан аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14009
Өвөрхангай аймгийн 8 гайхамшиг http://mongolcom.mn/read/14270
Өмнөговь аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14550
Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/14862
Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15170
Төв аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15844
Увс аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/16501
Ховд аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/21534
Хөвсгөл аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/22266
Хэнтий аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/22499
Эх сурвалж: www.mongolcom.mn
Бэлтгэсэн:
Зочин
(203.91.117.8) 2022-04-27 14:44Сайн байна уу танай энэ сайхан газар хэзээ очвол зүгээр байдаг бэ зөвлөөч
Хариулах
Шамбала
(103.10.23.204) 2022-11-29 23:49Намар та манай нутагт нартай хамт ирээрэй.Эсвэл өвөл ирвэл ч бүр сайхан. Манай нутгийн өвлийн жавар тийм ч хатуу байдаггүй юм аа.
Хариулах