Самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг

Twitter Print
2015 оны 08-р сар 07-нд 17:04 цагт
Мэдээний зураг,

Самар ургадаг хушин ойн нийт талбай 683.9 мянган га, нөөц 120.8 сая шоометр бөгөөд Монгол улсын байгалийн ойн талбайн 5.6 хувь, ойн нөөцийн 9.2 хувийг эзэлдэг.

Хушин ой нь усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна ойд амьдардаг олон зүйл амьтан, шувууны үндсэн идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдгээрээ онцлог юм.

Хуш модны самрыг журамд зааснаар 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ. Энэ нь самар бүрэн боловсорч гүйцсэн хугацаа юм.

Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахад бэрхшээлтэй байдаг тул түүнийг түүхийн тулд модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалж байж түүдэг. Ингэснээр хуш модны гол иш, титмийг гэмтээдэг байна.

Мөн нөгөө талаар болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй юм. Хуш модны самрыг 10 сарын 15-наас өмнө түүх нь Ойн тухай хуулийн 38.1-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг тухайн ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ олгоно, 38.3-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага ойн дагалт баялгийг төлбөртэйгээр ашиглана” гэж заасныг, “Ойн дагалт баялаг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 2.8-д “Нөөц бэлтгэх зөвшөөрлийг эрхийн бичгээр олгоно”, 3.7-д “Хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны дотор бэлтгэнэ” гэж заасныг тус тус зөрчиж байна.

Иймд Ойн тухай хуулийн 47.2.1, 47.2.4-д заасны дагуу хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнийн төгрөгөөр торгоно. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.