Оросууд Херсон хотоос ухарч буйгаа мэдэгдлээ

Twitter Print
2022 оны 11-р сар 10-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Днепр мөрний баруун эрэгт буюу Украины Херсон хотод байрлаж буй цэрэг техникийн бүрэлдэхүүнийг Днепр мөрний зүүн эрэг руу шилжүүлэхийг үүрэг болгосон байна.

Тэрээр Украинд байлдаж буй цэргийн бүрэлдэхүүнийг удирдаж буй хурандаа Сергей Суровикины өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлтэй санал нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Сергей Суровикин Оросын арми Днепр мөрний зүүн эрэг рүү ухарч, байрлалаа өөрчлөх нь зүйтэй хэмээн мэдэгдсэн аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын арми Херсон хотоос ухаарч байгаа нь Оросын зэвсэгт хүчинд том асуудал тулгарсныг илтгэж байна хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр оросууд Херсон хотыг ойрын хугацаанд чөлөөлнө гэдгийг мэдэж байсан хэмээн Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Херсон хот нь Оросын армид эзлэгдсэн Украины хот суурингуудаас хамгийн томд нь тооцогдох бөгөөд оросууд тус хотыг чөлөөлж байгаа нь Украины хувьд томоохон ялалт юм.

Конгрессийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Бүгд Найрамдах намынхан АНУ-ын Украинд үзүүлж буй цэргийн болон хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг дахин авч хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байсан.

Тэгвэл Ерөнхийлөгч Ж. Байден Москва Херсоноос ухарч буйгаа АНУ-ын Конгрессийн сонгуулийн дараа зарласан нь "сонирхолтой" байлаа гэжээ.

Украинчуудын хувьд ОХУ-ын зүгээс хийсэн мэдэгдэлд "болгоомжилсон" байдлаар хандаж байгаа ба Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, "Дайсны тал бидэнд бэлэг өгч, сайн үйлс бүтээсэн юм биш, энэ бол бидний ялалт юм." хэмээн онцолжээ.

Херсон хотын ойролцоо байрлаж буй Украины цэргүүд оросууд тэднийг урхинд оруулахыг оролдож байж болзошгүй хэмээн болгоомжтой хөдөлж байгаа гэжээ. Вагнер хувийн цэргийн группыг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Херсон хотоос ухрах тухай шийдвэр нь алдаагаа ухаарч, алдаан дээрээ ажиллахад чухал ач холбогдолтой алхам байсныг онцолсон бол Чечений удирдагч Рамзан Кадыров хурандаа С. Суровикин шүүмжлүүлээх үл эмээж жинхэнэ цэргийн хурандаа шиг шийдвэр гаргаж чадлаа гэжээ.

Украины сөрөг довтолгоо сүүлийн хэдэн долоо хоногт суларсан ч Днепр мөрний эрэг дагуу байрлаж буй Оросын армид хангамж нөөцөө бүрдүүлэх хүндрэлтэй болсоор байсан юм. Херсон хотоос ухарч буйгаа зарлахаас өмнө оросууд тус хотын хэдэн мянган оршин суугчдыг завиар хотоос нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.