М.Ичинноров: Сүүлийн таван жилд эмэгтэй хохирогчдын тоо 43.85 хувиар өссөн

Twitter Print
2014 оны 09-р сар 01-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Шинээр батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт болон бусад асуудлаар Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга М.ИЧИННОРОВТОЙ ярилцлаа. 

-Тахарын алба байгуулагдаад удаагүй байгаа. Хүмүүс тэр болгон энэ байгууллагын талаар бүрэн ойлголт авч амжаагүй гэж хэлж болно. Тахарын албаны зорилго, чиг үүргийн талаар танилцуулна уу?

-Тахарын алба бол олон улсад Маршалын алба, Шериф, Шүүхийн цагдаа гээд янз бүрээр нэрлэгддэг ч үндсэн үүрэг нь гэрчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах, сэжигтэн яллагдагчийг хуяглан хүргэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Манайд ч мөн ийм үүрэгтэйгээр байгуулагдсан төдийгүй эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдал тэр тусмаа гэрч, хохирогчийг хамгаалах, шүүхийн хараат бус, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүн бүрийн хүсэн хүлээж буй шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл ажиллагааг биелүүлэх нэн ач холбогдолтой институт болж буй юм.

-Танай албанд Гэрч, хохирогчийг хамгаалах газар байгуулагдлаа. Энэ нь хууль сахиулах байгууллагын зүгээс хүний эрхийг хамгаалах чухал тогтолцоо бүрдэн бий болж байгаа хэрэг гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаатай санаа нэг байна уу?

-Тиймээ. Монгол улсад сүүлийн таван жилийн байдлаар авч үзэхэд гэмт хэргийн гаралт 24.4 хувиар өсч, гэмт хэргийн улмаас хохирсон хохирол 3.2 дахин нэмэгдэж, хохирогчдын тоо 34.5 хувиар, үүнээс эмэгтэй хохирогчдын тоо 43.5 хувиар өссөн үзүүлэлт байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тавдугаар бүлэгт Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх”-ээр заасны дагуу Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдаж, 2013 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд уг хуулийн дагуу Тахарын албаны дэргэд Гэрч, хохирогчийг хамгаалах газар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй байна. Энэ хугацаанд бид өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох дүрэм, журмаа боловсруулах, батлуулах, боловсон хүчнээ бүрдүүлэх, чадавхижуулах ажлыг хийж байна. Мөн бид гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

-Гэрч хохирогчийг хамгаалах хууль гадны оронд амжилттай хэрэгждэг. Харин манай улсын хөрсөн дээр энэ хууль хэр тохиромжтой буух бол?

-Гэрч, хохирогчтой хамтран ажиллахгүйгээр эрүүгийн байцаан шийтгэх процесс шударга явагдах боломжгүй. Хохирогч, гэрчийг зөвхөн сэжигтнийг яллахад ашиглах “хэрэгсэл” болгосоор ирсэн нь үнэн билээ. Хохирогч, гэрч хуулийн системтэй зууралдсанаараа нэмэлт хохирол, хүндрэлүүдийг амсдаг учраас зайгаа барих хандлага гаргадаг. Зарим тохиолдолд тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал эрсдэлд ордог боловч тэднийг хамгаалах механизм өнөөдрийг хүртэл бүрдээгүй байлаа. Харин Гэрч, хохирогчийг хамгаалах хууль батлагдсанаар цагдаа, тагнуул, Тахарын алба, Авилгатай тэмцэх газар, Мөрдөх алба гээд таван байгууллага гэрч, хохирогчийг хамгаалах үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан төдийгүй ямар төрлийн хамгаалалтыг хэрэгжүүлэхийг хуульчилж өгсөн нь маш том дэвшил боллоо. Энэ хууль манайд үнэхээр хэрэгтэй байсан хуулиудын нэг. Ер нь гэрч хамгаалалтын асуудал манайд бараг хэрэгждэггүй байсан. Харин хохирогч хамгаалалын асуудлыг хэдэн төрийн бус байгууллага нуруун дээрээ чадан ядан үүрч явсан. Тэгвэл одоо хохирогч, гэрчийг төрийн нэрийн өмнөөс хамгаалах тогтолцоо бий болж байгаа нь хүний эрхийг хангах маш том дэвшил. Ер нь “Хохирогчийн өмгөөлөгч нь төр юм” гэдэг үзэл хандлага, арга барил хүний эрхийг хангадаг системтэй улс орнуудад амжилттай хэрэгждэг.

-Яг ямар төрлийн хамгаалалт, туслалцаа үзүүлэхийг хуульчилж өгсөн бэ. Жишээ нь, танайх ямар төрлийн хамгаалалт, туслалцааг ямар төрлийн гэмт хэргийн гэрч, хохирогчдод түлхүү үзүүлж байна вэ?

-Хуулиар аюулгүй байдлын есөн төрлийн хамгаалалтыг хуульчилж өгсөн. Тодорхой үйлдлийг хязгаарлах, мэдээллийн нууцлалыг хангах, аюулгүй газар түр байрлуулах, тусгай хэрэгслээр хангах гэх мэт. Үүнээс гадна эрх бүхий байгууллагууд нь хохирогч, гэрчийг сэтгэл зүйн хамгаалалтанд авах, хууль эрх зүй, эрүүл мэндийн шаардлагатай туслалцаа үзүүлэхээр зааж өгсөн. Манай байгууллага дээр ерөнхийдөө зохион байгуулалттай гэмт хэргийн гэрч, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн гэрч, хохирогч, насанд хүрээгүй гэрч, хохирогч, хар тамхины гэмт хэргийн гэрч нар хандаад байгаа. Ер нь бол гэрч, хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний талаар бид мэдээллийг чандлан нууцалдаг. Эдгээр үйл ажиллагааг нууцлалын өндөр түвшинд гүйцэтгэх ёстой. Үүнийг тусгай хэлтэс, тасаг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ манай газар дээр мэргэжлийн туслалцаа үзүүлэх баг ажиллаж, хохирогч гэрчид хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байна. Шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

-Иргэд танайд хамгаалуулахаар бол яаж хандах вэ. Ямар үед хамгаалуулах эрх үүсдэг юм бэ?

-Ер нь гэрч, хохирогч цагдаад мэдүүлэг өгч эхэлсэн цагаасаа өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовж байгаа бол мөн аюулгүй байдал нь өндөр эрсдэлд байгаа тохиолдолд цагдаад хандаад хүсэлтээ гаргах эрхтэй. Өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулаад. Мөн тагнуул, авилгатай тэмцэх газарт хамааралтай байгаа бол тэдгээр албадад хандах хэрэгтэй. Манайд эрүү үүсгэгдсэн хэргийн гэрч, хохирогч, тэдний өмгөөлөгч эсвэл цагдаа, прокурор, шүүх, авилгатай тэмцэх газар, тагнуулаас хандсан тохиолдолд оролцдог. Иргэд эрхтэй гэдгээ мэдэх нь маш чухал. Нэмж хэлэхэд цагдаа болон эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд өөрийгөө хохирогчдыг төрийн нэрийн өмнөөс өмгөөлөгчид, хамгаалагчид гэдгээ маш сайн ухамсарлаж ажиллах шинэ соёлд суралцах хэрэгтэй байна.

-Яг ийм хандлагыг л иргэд төрийн байгууллагуудаас хүсч байгаа гэж үзэж байгаа юу?

-Манайх хууль сахиулах байгууллагын хувьд шинэ хандлага, харилцаа, соёлыг бий болгохоор ажиллаж байгаа. Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, бусад хууль сахиулах байгууллагын дунд гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах шинэ хандлага, харилцаа, соёлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Та бүхэн өнгөрсөн долоо хоногт Гэрч, хохирогчийг хамгаалах Үндэсний хөтөлбөр боловсруулж, хэлэлцэж эхэллээ гэсэн. Энэ хөтөлбөрийн талаар танилцуулна уу?

-Бид юуны өмнө Гэрч, хохирогчийг хамгаалах Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлыг Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм хүрээлэн, Хүйсийн тэгш эрхийн төвтэй хамтран боловсруулж, хууль сахиулах байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөллүүдийн дунд хэлэлцэж эхлээд байна. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо мөн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хуулиар үүрэг хүлээсэн таван байгууллага, орон нутгийн удирдлага болон иргэний нийгмийн байгууллагуудын хийж гүйцэтгэх үйл ажиллагааг тодорхой болгох, бодитой хамгаалалтын механизм бүрдсэн байхын тулд л энэхүү хөтөлбөрийг боловсруулж байгаа юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.