Төгс төгөлдрийн синдром

Twitter Print
2022 оны 09-р сар 29-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Төгс төгөлдрийн синдром

Манай монголчуудад байдаг нэг нийтлэг тал бол бусдад сайн сайхан харагдах, муугаа үзүүлэхгүй гэж гүрийдэг зан, нэг үгээр хэлбэл төгс төгөлдрийн синдром юм .

Тэр нь:

1. Гадаад байдалдаа болон бусдын царай, зүс, бие галбирт айхтар өндөр шалгууртай ханддаг. Хэн нэг хүнийг царай зүс, бие галбираас мөнхийн өө эрж байдаг. Нэлээн хэдэн жилийн өмнө жүжигчин Ундраа, Өөдөө хоёрыг дуулдаг байхад намхан, газрын бэтэг шиг гм коммент хөвөрдөг байв. Модель Норагийн зураг дор энэ амьтанд хөх хайрла гэсэн үг бичиж үлдээсэн нь бөөн маргаан дэгдээж байв. Хүний хөх бол зөвхөн үр хүүхдээ тэжээх л зориулалттай заяагдсан эрхтэн бөгөөд, хэнд ч том, сэргэр харагдах шаардлагагүй, бас алба ч үгүй гэдгийг сануулчихъя. Хамгийн аймшигтай нь манай зарим эмэгтэйчүүд бусдынхаа хөх, бэлхүүс, хөл гар, өндөр намыг эрэгтэйчүүдтэй нийлээд өөлж гоочилж, сексист хандлагаар ялгаварлан гадуурхаад сууж байдаг!

Хэд хоногийн өмнө би 1 reels оруулаад мартсан байснаа уржигдар үзтэл хоолой нь яасан хачин өнгөтэй юм гм баахан өөлсөн байсныг хараад миний хувьд инээд хүрсэн ч, цаг ямагт бусдын гадаад байдал бүр дуу хоолойг хүртэл өөлсөөр буй энэ төгс төгөлдрийн синдром өөрт нь ч өрөөлд ч хэцүү, ер нь гунигтай үзэгдэл юм.

Хүмүүс өөр өөр төрхтэй төрдөг. Эрүүл саруул хүмүүсийг ингэж байгаа юм чинь саажилт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч ялгаварлан гадуурхахгүй амьдрах соёл дэндүү хол байна даа.

2. Эд зүйл, хувцас хунарт дэндүү ач холбогдол өгдөг. Энэ нь манай монголчуудыг хэрэглээний зээлд баригдсан, орлогоосоо давсан зарлагатай амьдрахад хүргэдэг.

3 жилийн өмнө байх аа, охины 18 насны төрсөн өдрийн бэлгэнд Note 10 бэлэглэнэ гэж амласан юм. Хичээлдээ сайн байсан, 18 хүрч байгаа болохоор би өөрөө авч,өгнө гэсэн юм л даа. Түүнээс хүүхдүүд маань үнэтэй юм нэхдэггүй. Төрсөн өдрөөс нь 2 хоногийн өмнө нөгөө утсыг операторуудаас лизингээр авахаар очтол mobicom, unitel-н бүх салбарт энэ загвар дууссан байв. Тэр үедээ 4 сая ₮ -ийн үнэтэй утас шүү дээ.

Би өөрөө А70 барьж байсан ба ажиглавал Benz ба бусад машин гэдэг шиг залуус гар утсыг IPhone, Note ба бусад гэж л үздэг юм билээ. Энд тэндгүй лизингийн гар утас авч цалингаасаа суутгуулсан хүмүүс. Утсаа хулгайд алдчихаад зээлээ төлж яваа нь ч зөндөө.

За тэгээд брэндийн дэлгүүрийн цүнх гутал ч лизингээр зарж байх шиг. Үнэтэй машин, цүнх, гар утсанд маш их ач холбогдол өгөх юм.

Зарим нь сумын ойд гайгүй машинтай очихгүй бол болохгүй гээд байраа зарж Land авдаг гэж үнэн бололтой.

3. Өөртөө тохиолдож буй бодит үнэнийг хуваалцдаггүй. Бүх юм болж бүтэж бгаа гэж бусдад харагдахыг хичээдэг.

Үүнээс болж, гадаад дахь хүмүүс тэнд анх очоод соёлын ялгаа, тэндхийнхэн хамгийн хүнд бага үнэлгээтэй ажил хийж, виз бичиг баримт хууль бус байснаас хэр их зовлон бэрхшээлийг давж хүнд байдалд байгаагаа хэзээ ч гэр бүл, ойр дотныхондоо хэлдэггүй. Нөгөө л бусдад муугаа үзүүлэхгүй гэсэн төгс төгөлдрийн синдром. Үүнээс болж энд байгаа хүмүүс нь тэдний хөлсөө гоожуулж олж буй мөнгөний үнэ цэнийг нь огт үнэлдэггүй. Гадаадад явсан хүмүүсийг зүгээр байж байгаад л их мөнгө олж жаргаад байна гэсэн ойлголттой юм чинь аргагүй шд.

Тиймээс энд бга хүн очих орныхоо нөхцөл, хэл усгүй, байнгын виз, ажиллах зөвшөөрөлгүйгээр, маш их өр шир тавьж очоод өөрөө ямар байдалд байх билээ гэдгээ мэдэхгүйгээр бүгд л хаашаа ч хамаагүй гадаад л явбал мөнгөний модноос самар түүх шиг их мөнгө олно гэсэн бодолтойгоор гадаад руу тэмүүлдэг. Визийн залиланд өртдөг.

Бас гадаад дахь хүмүүс нь эх нутагтаа ирэхдээ монголчууддаа муухай харагдчихна гэж байдгаараа гоёж гангалах хэрэгтэй болдог юм билээ.

4. Хэт төгс төгөлдрийн энэ синдром нь өсвөр насны хүүхдүүдэд өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч, энэ насныхны бие биенээ дээрэлхэж bully хийх буюу, тэсвэрлэшгүй гадуурхахыг даван туулахад гай болдог.

Нэгэн өсвөр насны охин : "Энэ инфлүүнсэр эгч нар яагаад өөгүй тэгш гоё байхыг дандаа ухуулдаг юм бэ? Тэд яагаад хүн заримдаа нүүрээ будахгүй, урам зориггүй, навсгар, царай алдсан байж болдог гэдгийг хэлж болдоггүй юм бэ? Тэднийг харсаар байгаад өөрийгөө улам л чадваргүй, арчаагүй, царай муутай гэж бодох болоод байна шүү дээ

Өсвөр насны хүүхдүүд бидэнд хямарсан хэцүү үе маш их байдаг. Өөрийгөө царай муутай байна гэсэн бодол дандаа төрдөг. Заримдаа хүн ийм байж болно гэж яагаад хэн ч хэлдэггүй юм бэ?" гэж нэгэн группт бичсэн байсныг мартдаггүй юм.

5. Амьтан тэжээхдээ ч үүлдэр угсаа, үзэмж өнгө харна!

Өчигдөр амьтанд хайртай хүмүүсийн группээс гунигтай түүх уншиж оройжин хямарлаа.

Үүлдэргүй 3 хар гөлөгний 1-ийг үрчилж авсан айлын аав нь үүлдэр ч үгүй юм байж эрхлэх гэлээ гээд толгойг нь хатуу юмаар цохиод теннисний бөмбөгийн чигээ хавдартай болгоод буцаагаад өгчихсөн байв. Тэр гөлөгний нөгөө 2 хоёрыг авсан гадаад, монгол эзэд нь хайранд өлгийдөн тэжээж байгаа юм билээ.

Эвий, энэ орчлонд амьдрах гэж л ирсэн, монголчуудын хэлдгээр ертөнцийн 3 хөөрхөний нэг гэгдсэн тэр хөөрхөн амьтан зүгээр л үүлдэргүй төрснийхөө төлөө толгойдоо хавдартай болтлоо зодуулаад хөөгджээ.

Манайх 3 мууртай 2 нь Street mix буюу үүлдэргүй. Нэгийг нь гудамжнаас олж үрчлүүлэхээр тавьсан зарын дагуу өргөж аваад хайрлан тэжээж байна. Гэтэл муурын группийн хэд хэдэн эмэгтэй намайг үүлдэргүй хөсрий муурынхаа зургийг постолдог гэж дайрч байв. Тэр эмэгтэй шиг хүмүүст үнэтэй, үүлдрийн мууртайгаа гайхуулах гэж л амьтан тэжээх ёстой юм байна л даа.

Амьтныг хайрлахад үүлдэр угсаа, өнгө үзэмж огт хамаагүй. Хайр гэдэг зүрхнээс ундардаг, ямар ч болзол нөхцөлгүй зүйл юм.

Төгс төгөлдрийн синдромоосоо салцгаая. Хэнд ч өвчтэй, алдаа гаргасан, таргөлсан, уналтад орсон, амжилтгүй байх үе бий. Тийм байх эрх ч бий!

Бүх хүн гоо үзэсгэлэн, бие галбир тэгш, өндөр гоолиг байх ямар ч албагүй!

Хүн бүхэн эрүүл саруул, эрхтэн бүрэн төрдөггүй! Хөгжлийн бэрхшээлтэй, ээрдэг, түгдэрдэг, хөл муу, хараа тааруу, намхан, махлаг, хөхтэй, хөхгүй ямар ч байж болно!

Хүн сайхан, муухай, хөгшин, залуу хэн ч байлаа гэсэн хайрлуулах эрхтэй! Хэн ч төгс төгөлдөр байх албагүй! Төгс төгөлдөр төрөх ч боломжгүй! Харин хүн бүхэн Бурханы хайртай бүтээл билээ.

Б.Шүүдэрцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (107.72.176.80) 2020-01-06 13:15
      • 0
      • 0

      Gadniin zeal tuslamjiig avaad idvhihsen bas ard tymnii horongiig ezemshchiheed hyn all hyree Taldag Nomtoibayr Sy Bat bold Chojilsyren gej met mash olon ideechingyydees garguulaach Ydsrsan tumen ohson mongomoosoo giants udaa avahad yu n bhgyi gej

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.80) 2020-01-06 13:15
      • 0
      • 0

      Gadniin zeal tuslamjiig avaad idvhihsen bas ard tymnii horongiig ezemshchiheed hyn all hyree Taldag Nomtoibayr Sy Bat bold Chojilsyren gej met mash olon ideechingyydees garguulaach Ydsrsan tumen ohson mongomoosoo giants udaa avahad yu n bhgyi gej

      Хариулах