
"АМЬДРАЛ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА. 30 жил, 40 жил долоо хоногийн 40 цаг ажилласан бол амьдраагүйд тооц" гэж Жо Байдений хэлсэн үг далавч ургуулах шиг болов. Та өөртөө, хайртай хүмүүстээ хангалттай цаг гаргаад мөнгө олох тийм ажлыг олсон цагтаа амьдарна. Үнэнтэй нүүр тулаад үз л дээ. Амьдралаа өөрчил л дөө. Юу дутаад байгаа юм.
Жо гэдэг жирийсэн цагаан шүдтэй, зөв төрхтэй, 78 настай жэнтлмэн залуу Америкийн ерөнхийлөгч болов. Жогийн зураг хөрөг, хөдлөх аяглах зэргийг хараад 82 настайдаа дахиад ерөнхийлөгчид нэр дэвших нь баараггүй юм байна гэж бодож суугаад манайханд ийм залуу энэргитэй хүн хэр олон билээ гэхэд тэр гэх юм санаанд буусангүй.
Манайхыг хүн амын 70 хувь нь залуус, залуучуудын орон гэх боловч үнэндээ монголчууд тийм залуулаг улс биш. Бидний ихэнх нь, ялангуяа хөдөөнийхэн, 20 хүрэв үү үгүй юу яаран сандран эх эцэг болцгоон, юу яасан эрдэм боловсрол, амьдралын аар саархан асуудлууддаа дарагдаж эхлэн, 30 хүрмэгц хөдөлгөөн нь удаашран, шинэ юм сурах гэсэн ямар ч эрмэлзэлгүй болж, өөрийгөө хөгжүүлэхийн оронд алтан бөгж, цааны арьсан гутал, хөл амар зорчих гэхээсээ илүүтэй ямбаа бодон машин худалдан авч, 40 хүрээд эхний өвчний шинж тэмдэг мэдэгдэж, юм ойлгох чадвар нь эрс багасч, 50 хүрмэгц тархины тураалд орж, авсны таг, хойд энгэр нь өөрийн эрхгүй бодогдсоор 60 гарав уу үгүй юу чадардаг.
60-аас цааш наслах хоншоортойнууд нь янз бүрийн хов жив, тэтгэвэр бага байгаа тухай гомдол, үр хүүхдүүдийн элдэв асуудал зэрэгтээ дарагдан үлгэн салган амьдарна. Үр хүүхдүүд нь мөддөө том болж өгөхгүй ээ, 30 гарсан охин нь элдэв эм тан ярина, 40 гарсан тэнэг хүү нь жаал хүүхэд шиг ээждээ эрхлэн тэжээлгэх гэнэ. Манайд байгаа зохиолын дууны олонх нь хаа нэгтээ ядуу зүдүү амьдарч байгаа ээждээ очиж цай чануулж хоол хийлгэж идэх тухай дуу байдаг, тэр дуугаа хамгийн гоё дуу гэчихнэ. Өртэй ширтэйгээ, ажил амьдрал нь хэцүү байгаагаа ээж аавдаа нуршин ярина. Ахмадын зээлийн 80 орчим хувь нь хүүхдүүддээ авч өгсөн зээл байдгаар энэ батлагддаг. Тэгсээр нэг өдөр өнхрөөд өгнө дөө.
Монголчуудын ихэнхид хийж бүтээх, өөрийгээ болон эргэн тойрноо хөгжүүлэх, нийгэмдээ үйлчлэх идэр нас гэж байхгүй, хүүхэд нас, залуу нас, тэгснээ гэнэт капитализмыг алгасч байгаа юм шиг өтөл нас нь эхэлнэ. Хөдөөгүүр 30-тай эмээ, 40-тэй өвөө зөндөө, тэд нь яаж ийж байгаад тэтгэвэрт орох, болж өгвөл ямар нэг групп тогтоолгон авах арга чаргаа л эрэлхийлнэ. Манайхан гэр бүл болсныхоо маргаашаас тэтгэврээ хэзээ авч эхлэх, ер нь тэтгэвэр авах боломж бий эсэх тухайдаа л санаа зовно. Сурах хөгжих, нийгэмших, ямар нэг зүйл хийж бүтээх цаг зав гарахгүй, хүсэл сонирхол төрөхгүй, тийм зүйлсийн оронд зээл лизинг,өр, солонгос явах, түгжрэл, ган зуд, өндөр цалинтай л бол юу ч хамаагүй хийх, нөгөө хэнээс ялихгүй ч гэсэн дээгүүр гарахыг л бодно. Чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн дээд арга нь хошин шог, караоке, эрчүүд нь архи ууж улстөржих, хүүхнүүд нь дарс шимж хүн муулах, худлаа чалчих...тэгээд л болоо.
Хүний тооноос аль эрт хасагдсан хөгшид нь хоймортоо залсан ТВ ээрээ солонгосын хэзээ ч дуусашгүй хэрүүл хараалын цуврал, хэн нэг мудак хүүхэд хүчирхийлсэн тухай мэдээгээ үзэж өдрийг өнгөрөөнө, өөр зүйлгүй. Үр хүүхдүүд нь яг тийм замаар явна.
Барууны 16-тай хүүхдийн дэргэд манай 45-тай сумын засаг дарга, төлөвшил,боловсрол, биеэ авч явах байдал, аль аль талаараа жулдана. Спортын пүүз жийж, гоё шилээр гангарсан 65-тай герман эмээгийн хажууд манай 35-тай хүүхнүүд бөөрний өөхөө дааж ядан аахилж, баахан зовлон ярина.
Жо шиг хөгширцгөөе гэж би ойр тойрныхондоо уриалмаар байна.
Жо шиг 78 хүрсэн ч 88-тайдаа юу хийж суухаа бодоцгооё. 78-тай тэр залуу, тэтгэврийн хэмжээ, үнэгүй эм тан биш дэлхийн экологид санаа зовж байна. Тэр удахгүй манай ухаж зарж хэдэн төгрөг олдог бохир нүүрсний зах зээлийг боомилох болно, тэр цагт бидний тэтгэврийн хэмжээ, бидний ямбаны машины шатахуун, манай 38-тай, 48,-тай 58-тай монголчуудын байдал хэцүүдэж эхлэх байх. Чадаж байгаа юмыг яах билээ.
Жо шиг л хөгшин болмоор байна. Яах вэ?
Жамбалдоржийн Бурмаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Иргэн
(66.181.161.75) 2020-02-18 17:57Мааш зөв шийдвэр
Хариулах