Алжирт ой хээрийн түймрийн улмаас 42 хүн амиа алджээ

Twitter Print
2021 оны 08-р сар 11-нд 15:08 цагт
Мэдээний зураг,

Алжирын хойд бүс нутагт асч буй ой хээрийн түймрийн улмаас өнгөрсөн мягмар гарагт 42 хүн амиа алджээ. Түймрийн улмаас амиа алдсан иргэдийн дотор ой хээрийн түймрийг унтраахаар дайчлагдсан цэргийн 25 албан хаагч байжээ.

Нийслэл Алжирээс зүүн зүгт орших уулархаг Кабилия бүс нутгийг ой хээрийн түймрийн утаа бүрхжээ. Өнгөрсөн даваа гарагаас хойш тус бүс нутагт 10 гаруй түймэр ассан ба Алжирын Дотоод хэргийн сайд Камел Белжуд ой хээрийн түймрийг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Европын холбооны Цаг уурын агентлаг Турк, Грек зэрэг улс ой хээрийн түймэрт өртсөнөөр Газар дундын тэнгисийн бүс нутаг ой хээрийн түймрийн голомт болоод байна хэмээн мэдэгдсэн билээ.

Амиа алдсан цэргүүдийн зарим нь гал унтраах явцад зарим нь галд бүслэгдэн амиа алдсан ба Алжирын Батлан хамгаалахын яамнаас ой хээрийн түймрийн бүсэд ажиллаж байсан олон тооны цэргүүд түлэгдсэн талаар мэдэгджээ.

Түймрийн бүсийн ойролцоо амьдарч буй иргэд гэрээсээ дайжин, зочид буудал, оюутны байруудад байрлаж байгаа ба түймрийн утаа маш өтгөн байгаа нь гал унтраах ажилд саад учруулж байгаа талаар эрх баригчид онцолжээ. Алжирын Ерөнхий сайд Айман Бенабдеррахман Алжирын засгийн газар ой хээрийн түймрийг унтраах ажлыг түргэсгэх зорилгоох гадаадын улс орнуудаас онгоц түрээслэх асуудлыг хэлэлцэж байгаа хэмээн мэдэгджээ.

Гал сөнөөгчид болон цэргүүд ой хээрийн түймэртэй тэмцсээр байгаа ба Ерөнхий сайд К. Белжуд нэн тэргүүнд иргэдийг түймрийн аюулаас хамгаалахыг зорьж байгаагаа онцолж, амиа алдсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгохоо мэдэгдсэн байна.

Өнгөрсөн даваа гарагийн шөнөөс хойш Алжирын 16 мужид ой хээрийн түймэр гарчээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/africa/algeria

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.