Америкт арай ондоо Элчин сайд очоосой билээ...

Twitter Print
2021 оны 04-р сар 21-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

АМЕРИКТ АРАЙ ОНДОО ЭЛЧИН САЙД ОЧООСОЙ БИЛЭЭ

01. Хятадууд явдал дундаа царигийн өргөн нарийныг тохируулдаг ачааны галт тэрэгтэй болсон тухай мэдээллийг би саяхан оруулсан. Хэрвээ тэр шинэ технологийн шийдэл амьдралд өргөн нэвтэрвэл манай улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах нь тодорхой. Угаас аливаад хэрсүү Хятадууд энэ технологийн шийдлийг нэлээд дээхнэ нээсэн байж ч болох. Бүр тодорхой хэлбэл батлан хамгаалах зориулалтаар ашиглахаар нөөж байгаад орчин үеийн олон улсын нөхцөл байдлыг харгалзан үзээд иргэний зорилгоор ашиглахаар шийдсэн байж ч мэдэх л дээ.

02. Өнөөдөр санамсаргүй өглөө сэрүүт олж уншсан өөр нэгэн сонирхолтой мэдээлэл гэвэл Хятадууд бага оврын цөмийн реакторыг олноор үйлдвэрлээд цэргийн зориулалтаар түлхүү ашиглаж байгаа аж. Америк, Орос, Герман, Япон, Израйльчууд юу боллоо гээд энэ сонирхолтой салбарт Хятадаас хоцров гэж. Тэд ч бас аль хэдийн нээгээд хэрэглэж байгаа нь дамжиггүй. Иргэний салбарт хэзээ нэвтрэх бол гэж та сонирхож байна уу? Тийм цаг мөч бас л холгүй болсон бололтой. Японы нутаг дэвсгэрт ажиллаж байгаа 43 цөмийн цахилгаан станцуудын дийлэнхийн үйл ажиллагааны насжилт хамгийн холдоо 2040 он хүрээд дуусах ажээ. Тэр болтол эрчим хүчний салбарт жижиг оврын цөмийн цахилгаан станцуудыг түлхүү байгуулж ашиглах хөгжлийн бодлого төлөвлөлт Японы нарийн мэргэжлийн хүрээнийхний дунд ид яригдаж байгаа юм байна. Үйлдвэрээс нь шууд зөөвөрлөн авчраад ажиллуулж эхлэнэ гэхээр их л авсаархан эд байж таарах нь. Фукушимагийн цөмийн цахилгаан станцын ноцтой ослын хор уршгийг өнөө хэр амссаар байгаа Япончууд илүү аюул осол багатай ийм сонголтыг хийсэн нь тодорхой.

03. Овор хэмжээ жижиг, хямд төсөр, осол аваар гарах магадлал бага, байгаль орчинд ээлтэй ийм шинэлэг технологийг манай улсын холбогдох салбарынхан анхаарч л байх учиртай юм. Даанч салбарын удирдлага нь гээд нарийн мэргэжлийн мэдлэгийн хувьд маниасаа дээрдэхээргүй нөхөд намын томилгоогоор оччихсон мэлийгээд сууж байдаг нь ч хэцүү шүү дээ. 20-оод жилийн өмнө Японд цахилгаан эрчим хүчийг дамжуулагч утасгүй дамжуулах туршилт амжилттай болсон тухай зарлагдаж байсан. Одоо ч бүр нарийсаад өгөө байлгүй. Тун ойрын хугацаанд үйлдвэрлэлд нэвтэрч мэдэх тэр шинэ нээлт өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улсын хувьд бүр ч ашигтай байж мэднэ.

04. Ер нь чихэнд чимэгтэй сонсогдох энэ мэт технологийн шинэ нээлтүүд манай орны зам тээвэр, эрчим хүч зэрэг голлох салбарын бүтэц, эдийн засгийн үр ашиг зэрэгт шийдвэрлэх том нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Гол нь тэр бүхнийг урьдаас угтан харж хэрхин хэрэгжүүлэх хялбар арга замыг бодлого боловсруулагч нар маань бодож төлөвлөж байвал сайнсан.

05. Би газрын ховор элементийн олзворлолт, боловсруулалтын хэтийн төлөв Монголд маань ашигтайгаар эргэж байна шүү гэдэг мэдээллийг Бирмийн цэргийн эргэлттэй холбон бичсэн. Талархан дэмжсэн сэтгэгдэл дийлэнх нь байсны зэрэгцээ "Америкийн судалгаа буруу байна.", "Шальтай нөөц байдаггүй юм аа.", "Дарга нарын хүрээний нууцыг нийтэд дэлгэж болж байгаа юм уу?" гэх мэт сөрөг өнгө аястай сэтгэгдэл мэр сэр байсныг та бүхэн харсан байх аа. Уг нь асар их үнэ цэнэтэй байгалийн баялаг миний ард түмний өмч юм байх гэж бодож явдаг юмсан. Түүнийг дарга нар хувьдаа өмчлөөд авчихсан сууж байдаг бол ямар ёсонд нийцэх вэ?

Ямартай боловч энэ салбарын ирээдүй бидэнд ашигтай байгаа нөхцөлд бид олзворлолт боловсруулалтын салбарт дэлхийд тэргүүлж байгаа Хятад улстай хамтрахад болохгүй зүйл юу байхсан билээ. Орост боловсруулах технологи нь байдаг бол Эрдэнэтийн жишгээр ашиг хуваах болзолтойгоор тэдэнтэй хамтарч болно. Харин Австрали, Канадчуудыг энэ салбар руу оруулах нь дэмий болохыг Оюутолгойн жишээ харуулсан. Гадны том хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгоод манай улсаас олборлосон бүтээгдхүүний ашгаас түүнийгээ нөхдөг энэ жишиг Монголд төдийлөн ашиггүй болох нь ойлгогдож байгаа. Харин Орос Хятадын төрийн мэдлийн том компаниудтай энэ салбарт хамтран ажиллаж олсон ашгийг 51:49 хувийн харьцаатай хувааж үр шимийг нь ард түмэнд тэгш хүртээмжтэй хуваарилж чадах эсэхэд л асуудлын зангилаа байж таарна.

06. Ер нь заавал газрын хөрсийг сэндийлж мөнгө олох албагүй юм л даа. Нэг удаагийн хөрөнгө оруулалтын арга хэмжээн дээр орчуулга хийж байтал өрнөдийн нэг газрын тосны хөлтэй наймаа үсэргэдэг бизнесмэн "Би өдий олон жил олон улсын зах зээл дээр газрын тосны наймаа эрхлэхдээ ганц торх газрын тос харж байгаагүй." хэмээн ярьж байж билээ. Сонин байгаа биз? Монголчууд бид ийм төрлийн том хөлтэй арилжаа хийх өөр нэгэн боломж байгаа тухай одоо өгүүлсү.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ингийн нам сая Парламентын сонгуулиар айхтар том ялагдал хүлээж өөрийнх нь нэр хүнд навс унаад зогсохгүй, долоо хоног тутам доошилсоор байгаа тухай та бүхэн уншсан байх аа. Үүний шалтгаан нь сүүлийн үед Хятадууд Өмнөд Солонгост орон сууцнуудыг олноор худалдан авч үнийг нь хөөргөдсөөр байгаад ард иргэд дургүйцэж сонгуулийн саналыг түүний намын эсрэг өгсөн хэмээн зарим ажиглагчид дүгнэж байгаа нь үнэний ортой байж болох талтай. Гэхдээ илүү өргөн цар хүрээтэй ажиглан шинжвээс асуудлын учиг арай том зүйлд байгаа болов уу?

07. 80-аад оны дундуур 90-ээд оны эхээр японы хагас дамжуулагчийн үйлдвэрлэл маш хүчтэй хөгжиж байсныг дийлэнх хүмүүс мэдэх байх. Гэтэл Америкчууд Японы хагас дамжуулагчид 100 хувийн худалдааны татвар оноож Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн бол ёс төдий 0,75 хувийн татвар авах "харгис" гэмээр шийдвэр гаргаснаар үндсэндээ Японы хагас дамжуулагчийн салбарыг амь тавихаас арай наахнуур болгоод орхижээ. Тэр тааламжтай бодлогын үр дүнд Өмнөд Солонгост Самсунг, SK хайнекс зэрэг хагас дамжуулагчийн акулууд төрөн гарч улс орныхоо эдийн засагт маш том жин дарах болсон юм.

Дээрхи хоёр компани Америк Хятадын харилцааны дулаарлын үед аль аль талд нь бүтээгдхүүнээ чөлөөтэй нийлүүлж байсны зэрэгцээ Хятадад хагас дамжуулагч чипний үйлдвэрийн салбаруудаа шилжүүлэн байршуулах болсон юм. Хэдэн арван тэрбумаар тоологдох аварга хөрөнгө оруулалт л даа.

08. Харин сүүлийн үед Америк Хятадын харилцаа хүйтэн дайны нөхцөл байдалд шилжсэнээр Америкийн тал голлох холбоотнууддаа аль талыг баримтлахаа тодорхой болго гэдэг байр сууриа хатуу зөөлөн, ил далд байдлаар ойлгуулах болсон нь нууц биш. Ийм эгзэгтэй цаг үед өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин тодорхойгүй буюу аль алинд нь тал алдахгүйг хичээсэн байр суурь баримтлаж байсныг ойлгож болно. Хэрвээ шууд Америкийн талыг баримтлаж байгаагаа Япон улс шиг эрс шулуун, ил тод үйлдлээрээ харуулах бөгөөс үндэсний компаниудынх нь Хятадад оруулсан асар их хөрөнгө царцаж мэдэх талтай. Нөгөө талаар Хятадын асар том зах зээлээс маш их ашиг олж байгаа үндэсний олон том компаниуд тийм байр суурь баримтлахыг зөвшөөрөхгүй. Америктай бүр ч олон сэжмээр нягт холбогдсон тус орны хувьд Хятадын талыг баримтлахаа зарлах боломжгүй. Үнэндээ "Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага" болчихоод байсан л даа.

09. Байдены засгийн газар Хятадад сүүлийн үеийн шинэ техник, технологийг бүү нэвтрүүл гэдэг хатуу шаардлагыг дотоодын компаниуд болон холбоотон гүрнүүддээ тавих болов. Энэ байдал даамжирвал Самсунг, СК хайнекс компаниудын Хятад дахь үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн хагас дамжуулагчид 100 хувийн татвар оноох нь цаг хугацааны асуудал төдийхөн хэрэг болчих гээд байдаг. Ийм төвөгтэй нөхцөл байдалд Өмнөд Солонгосын үндэсний аварга компаниудын хувьд дундын маш боломжийн нэг хувилбар байгаа нь Монгол улсын хөшигтийн хөндийд салбар үйлдвэрүүдээ нүүлгэн авч ирэх явдал юм. Хөшигтийн хөндий хэмээн онцлосны учрыг энэ зүгийн мэдээлэл сонирхдог уншигчид төвөггүй гадарлаж байгаа байх аа. Ердөө тоосго хэрийн хэмжээтэй хагас дамжуулагчид зуун мянга хол давсан долларын өртөг шингэсэн байдаг болохоор онгоцоор тээвэрлэх нь маш үр ашигтай байж таарна. Цар тахлын үед Тайваний иргэний нисэхийн салбар дэлхийд хамгийн ашигтай ажилласан тухай дуулсан биз дээ? Гол нь өөрийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн чипээ зөөвөрлөсөөр тийм их ашиг олсон хэрэг.

10. Тайваний хагас дамжуулагч үйлдвэрлэдэг өөр нэгэн том акул болох TSMC компани Америкийн Аризона мужид салбар үйлдвэрээ байгуулах гэтэл бас л чамгүй хүндрэл бэрхшээл тулгарч байгаа гэнэ лээ. Гол бэрхшээл нь Америкт үйлдвэрлэлээ явуулахад Тайваниаас 6 дахин их өртөг зардал шаардлагатай болчихоод байгаа ажээ. Тийм нөхцөлд үйлдвэрлэл явуулсан ч ашиг олно гэхээр туйлын ашигтай салбар болох нь харагдаж байгаа биз? Тэгвэл Америкт байгуулах гээд байгаа тэр үйлдвэрээ Монголын хөшигтийн хөндийд байгуулчихвал Тайваниас ч хавьгүй бага өртгөөр үйлдвэрлэл явуулж болох төдийгүй нисэх онгоцоор Америк, Европ, Хятадын зах зээл дээр бүтээгдхүүнээ төвөггүй тээвэрлэн хүргээд байх газарзүйн байршлын маш том давуу тал Монголд маань байгаа. Энэ утгаар авч үзвэл Хятадын хагас дамжуулагч үйллдвэрүүд тэднийг дагаад ороод ирж болох талтай. Учир нь хятад хагас дамжуулагчид үнэ өртөг хямд, чанарын хувьд боломжийн байдаг тул Америкийн компаниуд авах боломжтой.

11. Дээр өгүүлснийг дүгнэн үзвэл Тайвань, Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн хагас дамжуулагчийг Хятадад зарахад Америк дурамжхан. Хятадад үйлдвэрлэсэн бол бүр ч нэг нүдээр үзэхгүй шахам болчихоод байна. Яагаад гэвэл ирээдүйн хөгжлийг тодорхойлогч энэ амин чухал стратегийн бүтээгдхүүний гол үйлдвэрлэл өрсөлдөгч талд нь байж болохгүй гэдэг байр суурийг баримтлаад байгаа хэрэг л дээ. Ялангуяа хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шийдвэрлэх үүрэгтэй Голландын ASML компаний төхөөрөмжийг Хятад улсад худалдаж болохгүй гэдэг хоригийг Америкийн тал тавьчихсан. Харин Монголд дээрхи үйлдвэрүүд байгуулагдчихвал Америк, Хятад, Европ, Япон гээд дурын газар оронд бүтээгдхүүнээ чөлөөтэй борлуулах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Хамгийн чухал нь Хөшигтийн хөндийн нисэх буудал гэгч тээвэр ложистикийн маш том бэлэн цогцолбор байгуулагдсан нь үйлдвэрлэгчдийн хувьд туйлын ашигтай нөхцөл юм. Одоо өөрт байгаа газар зүй, дэд бүтэц, гадаад бодлогын тааламжтай нөхцөл байдлыг холбогдох талд ойлгуулан сэнхрүүлэх тал дээр дээр дурьдагдсан орнуудын элчин сайдын яамд, хамгийн гол нь манай улсын ГХЯ идэвхи санаачлагатай ажиллавал сайнсан.

12. Энэ тухай нарийн ширийн зүйлсийг яриад байвал маш урт үлгэр болж мэднэ. Угтаа бол үлгэр биш хэрэгжүүлэх бүрэн боломжтой аварга төсөл л дөө. Хэрвээ бид энэ бодлогыг хэрэгжүүлж чадвал Оюу-Толгой, Таван-Толгой ч эдийн засгийн хувьд утгаа алдаж Азидаа толгой цохих Ай Ти парк хөшигтийн хөндийд цэцэглүүлэх боломж бүрдэх юм. Үүнийг шүүрэн авч хэрэгжүүлэх тэнгэрийн цаг, газрын зүй хоёр нь бүрдчихээд байна. Одоо түүн дээр хүмүүний тохиол хэмээх чухал хүчин зүйл хавсарчихвал болох хэрэг. Манай улсын хувьд хүмүүний тохиол гээч нь хамгийн хэцүү бэрхшээл байж мэдэх юм. Түүнийг шийдэхийн тулд хамгийн гол нь эхний ээлжинд тухайн улс орны хэл соёлыг нэвтэрхий сайн мэддэг эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй залуусыг олон арваар нь Америк, Солонгос, Тайваньд байгаа элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчдийн газарт томилон ажиллуулдаг болохсон. Ер нь Орос Хятад, Герман, Япон зэрэг томоохон улс гүрнүүдэд суугаа элчин сайд нар ч мөн ялгаагүй салбар салбартаа цолгорч, хүлээн зөвшөөрөгдсөн сайн мэргэжилтэн, бодлоготонгууд байдаг байгаасай. Тэд хамтран ажиллаж байгаа залуусаар энэ чиглэлийн судалгаа хийлгэж Монгол улсад ашигтай энэ мэт бизнесийн салбарын төлөөлүүдтэй уулзалт хэлэлцээр хийхэд чиглүүлдэг байж яагаад болдоггүй юм бол? Ерөөсөө дипломат байгууллагуудын ажлын чиг үүрэг зорилго энэ л баймаарсан.

Доржсүрэнгийн Болдбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.