Хятадын шүүх Канадын иргэнд оноосон цаазын ялыг хэвээр үлдээлээ

Twitter Print
2021 оны 08-р сар 11-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн мягмар гарагт Хятадын Ляонин мужийн Дээд шүүх мансууруулах бодис хууль бусаар зөөвөрлөсөн хэргээр Канад улсын иргэнд оноосон цаазын ялыг хэвээр үлдээжээ.

Түүнээс гадна энэ лхагва гарагт Хятадын шүүх тагнуул хийсэн хэргээр Канад улсын бас нэг иргэнийг шүүх юм. БНХАУ-д Канад улсын иргэдийг шүүх хурал болж байгаатай зэрэгцэн Канадад саатуулагдаад байгаа Хятадын харилцаа холбооны Huawei компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ванжоугийн өмгөөлөгчид шүүхээс түүнийг АНУ-ын шүүхэд шилжүүлэхгүй байхыг хүсэхээр бэлтгэж байна. Канадын иргэн Роберт Шелленберг 2014 онд БНХАУ-д явж байхдаа баривчлагдсан ба 2018 онд түүнд мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр анх 15 жил хорих ял оноосон ч Huawei компанийн захирал Мэн Ванжоуг АНУ-ын хүсэлтээр Ванкуверийн олон улсын нисэх буудлаас баривчилсны дараахан буюу 2019 оны 1-р сард Роберт Шелленбергд Далянь хотын шүүхээс цаазын ял оноосон билээ. Роберт Шелленберг өнгөрсөн оны 5-р сард шүүхийн шийдвэрийг давж заалдсан ч энэ мягмар гарагт шүүх түүний ялыг хэвээр үлдээхээр болжээ.

Канадын Гадаад хэргийн сайд Марк Гарно, "Канад улс БНХАУ-ын шүүхээс Канадын иргэнд цаазар авах ял оноосон явдлыг хатуу буруушааж байна. Бид уг харгис хэрцгий, хүмүүнлэг бус шийтгэлийн эсрэг байр сууриа БНХАУ-д удаа дараа илэрхийлсэн." хэмээн онцолжээ. Huawei компанийн Санхүш хариуцсан захирал Вэн Манжоуг Вашингтон АНУ-ын хоригийг зөрчин, Ирантай бизнесийн гэрээ хийсэн хэмээн буруутгаж байгаа юм. Мэн Ванжоугийн хувьд өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж байгаа ба тэрээр шүүх хурлаа хүлээн Ванкуверт гэрийн хорионд байгаа юм.

БНХАУ-д суугаа Канадын элчин сайд Доминик Бартон БНХАУ-д Канад улсын иргэдийг шүүх хурал болж байгаа нь зүгээр нэг тохиолдол биш гэдгийг онцолжээ. Канадын бизнес эрхлэгч Майкл Спавор, Канадын дипломат асан Майкл Ковриг нарыг Ванкуверт Мэг Ванжоуг баривчилсны дараахан БНХАУ-д байхад нь саатуулж, тагнуул хийсэн хэрэгт буруутгасан билээ. Канад улсын дээрх хоёр иргэнийг шүүх хурал өнгөрсөн 3-р сард болсон ба дээрх хоёр иргэнд шүүхээс оноосон ял одоогоор тодорхойгүй байна.

Канадын сөрөг хүчний Консерватив намын тэргүүн Эрин О'Тул эрх баригчдыг Хятадын эсрэг хатуу байр суурь илэрхийлэхгүй байна хэмээн буруушааж, Бээжин Канадын иргэний амийг улс төрийн зорилгоор хөнөөхөөр зорьж байна гэжээ. Мөн тэрээр ирэх жил Бээжин хотод болох Өвлийн Олимпын наадмыг эсэргүүцэж, оролцохгүй байхыг санал болгожээ.

Канадын эрх баригчид Бээжинг Мэн Ванжоуг суллуулахын тулд "дайсагнаж" байна хэмээн буруутгаж байгаа бол Бээжин дээрх хэргүүд нь хоорондоо холбоотой гэж үзэж байгаа хүмүүс цаанаа далд санаа агуулж байна хэмээн онцлохын зэрэгцээ Мэн Ванжоуг суллахыг шаарджээ. Мэн Ванжоуг саатуулснаас хойш Хятадын шүүхээс Хятад гаралтай Канадын 3 иргэнд хар тамхины хэргээр ял оноосон аж.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/china/china-court-rejects-death-sentence

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.