
Жорлонгийн түүх (Дэлхийн жорлонгийн өдөрт зориулав)
Хүн төрөлхтөн үүссэн цагаас бүр тодруулбал нэг газар олон хүн суурин байдлаар амьдрах болсон цагаас л хүний бодисын солилцооны сүүлийн шат буюу бидний ярьж заншсанаар бие засах хэрэгцээ шаардлага үүсэж, хаана, хэзээ, хэрхэн хэмээх асуудал үүсэж эхэлжээ.
Европ тивийн суурин амьдралын гол эх сурвалж болсон Библийн сударт "амьдарч буй газраасаа гадна талд очдог нэг газартай бол. Зэр зэвсгийн чинь дэргэд газар ухах багаж бас байг, түүгээр нүх ухаж чамаас гарсан зүйлсийн дараа босоод нүхээ тагладаг бай" гэж бичсэн байдаг тухай унгар эх сурвалжид дурджээ. Библи хэзээ бичигдсэн билээ гээд та бүхэн бодоод үзээрэй.
Хүн төрөлхтөний түүхийн хамгийн өндөр хөгжил бүхий суурин амьдралтай байсан үе нь эртний Ромын гүрэн байсан гэж бодвол МЭӨ 315 онд Ромд 144 нийтийн жорлон байсан гэдэг. Амфитеатрууд, усанд орох газрууд нийтийн жорлонтой, тэр байтугай одооны 00-ийн цаасны үүргийг гүйцэтгэгч үзүүртээ алчуур бүхий саваа мод ч байсан гэдэг.
Энэ савааны дэргэд давстай усаар дүүргэсэн тусгай сав байдаг үүнд саваагаа дүрж цэвэрлээд дараагийн хүн ашигладаг байсан гэнэ лээ. Хотоос гадна амьдардаг хүмүүс тусгай грошок хэрэглэж, зүгээр л цонхоороо асгадаг байжээ. Нийтийн жорлонгийн дундуур ус урсгаж тэр ус дахин ашиглах замаар Ромд жорлонгийн усны асуудлыг шийдвэрлэдэг байжээ. Харамсалтай нь нийтийн жорлонгоос бусад газруудад ялгадасаа зүгээр л гудамж, гол руу асгадаг байснаас маш их бохирдол үүсдэг байсан ба хүн амын тоо ихсэж хэт их ялгадас Тиберус гол руу орсоноос Ромын эзэнт гүрэн мөхсөн гэдэг яриа хүртэл бий.
Суурин амьдралтай хүмүүсийн түүхийн харанхуй үе гэгддэг дундад зууны Европт жорлонгийн тухай ярихад ичмээр бас үнэмшмээргүй санагддаг юм. Хүмүүс ялгадасаа гэрээсээ зайлуулах 3 төрлийн арга байсан.
1. Цайзанд амьдардаг хүмүсс жорлонгоо ханандаа доошоо нүхтэй хийж, тэр нүхээр ялгадас зүгээр л газар луу унадаг байсан. Зарим газар цайзны хана нь ялгадасаар дүүрч, эсвэл цайзаа тойрсон усан суваг руу ялгадас шууд унадаг байжээ. Хаад ноёдууд бие засах тусгай сав хэрэглэж түүнийгээ зүгээр л гадагшаа нүхээр асгадаг байж.
2. Олон хүн амьдардаг газруудад борооны ус урсах суваг, жижиг гол горхинууд нь ялгадас, муу усаа хаях арга зам нь болдог байсан. Гүүрнүүд дээр суултуур маягийн юм хийж шууд л гол руу ялгадасаа унагаадаг байсан байна. Зарим Европын улсуудад "нэг нүхээр бие засдаг найзууд, сувгийн дээрээс тонгойх жорлон адил" гэх зэрэг хэлц үг ч байдаг.
3. Хотын байшингуудын хооронд хэний ч биш жижигхэн зурвас газар байдаг байсан ба тэр газар дээр байшингийн эзэд ялгадасаа асгадаг эсвэл тэр газар луу тагт хэлбэрээр жорлонгоо хийж бие засдаг байжээ. Ингээд бодоод үзэхээр Европ тивийн улсууд хөгжил дэвшил хот байшин ярихаас өмнө жорлонгийн асуудлаа шийдэх зайлшгүй шаардлагатай байсан ч бараг 800 жилийн турш энэ асуудлыг шийдэж чадаагүйтэй холбогдоод халдварт өвчин ихтэй, дундаж наслалт багатай байсан нь хөгжил дэвшлийн үндэс суурь нь юу вэ гэдгийг бидэнд тодхон харуулж буй юм. Сонирхуулж хэлэхэд дундад зууны үеийн гоё сайхан даашинзтай язгууртан эмэгтэйчүүд өндөр модон өсгийн өлмийтэй гутал өмсдөг байсан нь гудамжаар дүүрэн ялгадасанд хувцсаа хүргэхгүй гэсэн арга байсан гэдэг.
Өмнө нь хэрэглэгддэггүй байсан нэг үг хэллэг англи хэлэнд гарч ирсэн нь WC буюу water closet гэдэг үг юм. Европ тивд энэ хэллэгийг англи жорлон гэж хэлдэг байлаа. 1600-аад оны үед сэр Жон Харингтон гэдэг хүн анх удаа усаар ялгадас зайлуулдаг WC-г хийж, өөртөө болон хатан хаан 1-р Элизабетэд өгсөн боловч үнэр үнэртдэг, дуу чимээ ихтэй, нэг удаа 22 литр ус хэрэглэдэг, усаа зөөдөг, шугам хоолой байхгүй байсан зэргээс болоод 19-р зууныг хүртэл олны хүртээл болоогүй юм. Бүүр 1880 оноос л WC олноор үйлдвэрлэгдэж эхэлсэн байдаг. Энэ нь бохир цэвэр усны хоолой баригдсантай бас холбоотой бөгөөд дээр дурдсан хөгжил дэвшлийн суурь гэдэг нь ус, шугам хоолой буюу нийлүүлээд хэлбэл усны дэд бүтэц юм.
Ингэж л 800 гаруй жил ялгадасны үнэр, халдвар, дээрээс цацах ялгадасанд дайрагдаж, ялгадасан дундуур туучиж явсан Лондон тэргүүтэй Европын хотууд орчин үеийн хот болох замаа зассан юм. Парис хотод цонхоороо ялгадасаа асгахын өмнө чанга дуугаар орилж чимээ өгөхийг үүрэг болгож байсан гэхээр ямар шүү хот байсныг төсөөлж болох байх. Англид 1854 онд анхны газар доорх нийтийн бие засах газар нээгдэж 1971 оныг хүртэл 1 пенни-ийн үнэтэй ажиллаж байжээ. 1850-аад оны үед дэлхийн анхны метро Лондон хотод байгуулагдаж байсан гээд харьцуулаад хараарай.
Энэ цаг үеэс дэлхий дахинд WC water closet дэлгэрч бүх хотуудад бохир цэвэр усны шугам хоолой баригдаж, усан хангамж бүхий ариун цэвэрийн байгууламж нийтийг хамарч эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл орчин үеийн WC буюу УБ-ынханы хар хэллэгээр паалантай жорлон гэж нэрлэгддэг байсан боловсон 00-ийн түүх дөнгөж 150 гаруйхан жилийн түүхтэй байна. Одоо жорлон болон ариун цэврийн байгууламжийн хөгжил ямар түвшинд хүрээд буйг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж буй бизээ...
Гэвч харамсалтай нь одоо Монгол улсын нийт хүн амын бараг 75 хувь нь нүхэн жорлон ашигласан хэвээрээ л байна. Зөвхөн Улаанбаатараар жишээ авахад хүн амынх нь багаар бодоход тал хувь нь 750000 хүн нүхэн жорлон ашигласаар л, аймгийн төвүүдийн хүн амын талаас илүү хувь нь нүхэн жорлондоо бие засаж, зөөврийн усаар гоожуураасаа гар нүүрээ угаасаар, сумын төвүүдйин хүн амын бараг 90 хувь нь, малчид 100 хувь нүхэн жорлонгоо ашигласаар л байна. Усан хангамж бүхий ариун цэврийн байгууламж ашиглаж эхлээд буюу цэвэр бохир усны шугам хоолой барьж эхлээд 70-аадхан жил болж буй бидэнд хийх ажил их байна. Усаар хангагдсан паалантай жорлон ашиглаж буй бид бүхэн ардаа ямар жорлон үлдээж байна вэ? гэдгээ хардаг, санаа тавьдаг болох нь суурин амьдралын хамгийн анхны соёл юм.
Бид хөгжил дэвшил сайн сайхан ирээдүйг ярихын тулд усны нөөцөө хуримтлуулах, цэвэр бохир усны шугам сүлжээгээ өргөтгөх, нүхэн жорлонгийн байгаль орчин, хөрс ус, хүн амд үзүүлж буй сөрөг нөлөөллийг таслан зогсоох зайлшгүй хэрэгтэй байна. Улаанбаатар хотод 600000 гаруй нүхэн жорлон байхад 12000 худаг байна. Харьцуулбал 1 худгийг тойроод 50 шахам нүхэн жорлон байна гэж хэлж болохоор байхад хөрс ус, үр хүүхэд маань яаж эрүүл байх билээ. Ийм байхад бид яаж ирээдүй хөгжил дэвшил ярих билээ. Монголчууд бид Европын суурин амьдралын 800 жилийн алдааг давталгүй сургамж авч хотын хөгжлийн сууриа зөв тавих хэрэгтэй болов уу. Энэ бүхнийг жил бүрийн 11 сарын 19-нд тэмдэглэдэг "дэлхийн жорлонгийн өдөр"-т зориулан хүн бүрийн анхааралд хүргэж, ганц хоёрч болтугай зүйл бодуулахын тулд эдгээр мөрүүдийг тэрлэв.
Амьдрал эрүүл саруул сайхан байхын үндэс нь ариун цэвэрийн байгууламжийн хүртээмж, цэвэр ариун байдал, усан хангамж мөн.
Зэнээмядарын Батбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.