V БОГДЫН намтар дахь ИХ ХҮРЭЭ

Twitter Print
2020 оны 09-р сар 17-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Саяхан, 1846-1847 онд бичигдсэн V Богдын намтар хэмээх сонирхолтой номыг уншиж дуусав. Энэхүү номоос Их хүрээ (одоогийн Улаанбаатар хот)-тэй холбогдох зарим мэдээ, сэлтийг танилцуулюу гэж бодлоо.

V Богд Лувсанчүлтимжигмэддамбийжалцан 1815 онд Төвдөд төрж, 1820 онд Их хүрээнд залагдан иржээ. Тэрээр 1835-1836 онд Их хүрээнээс Төвдөд заларч Далай лам, Банчин богдтой, 1839-1840 онд Бээжинд очиж, Манжийн Төр гэрэлт хаантай уулзжээ. Түүнийг Бээжин рүү Манжийн хаантай уулзахаар явахад Хүрээний амбан сайд, Эрдэнэ шанзав, авга цорж хамба, Халхын дөрвөн аймгийн төлөөлөл болсон гүн, бэйл, түшмэл тэргүүтэй 389 хүн бараа бологч, дагалтаар явжээ.

V Богд Их хүрээнд цөөнгүй сүм, дуган, ордон байгуулсан ажээ. Тодруулбал, 1830 онд Жалцандонбо хэмээх цанид дуган, 1838 онд Гандантэгчинлэн хийд, 1840 онд Туул голын урд Нархажодын сүм, 1841 онд Туул голын хойд биед Гунгаадэжидлэн хэмээх Цагаан ордон, мөн онд Гандантэгчинлэнд Бадам ёга-ийн шинэ дуган байгуулжээ. ХХ зууны эхэнд Их хүрээнд Шар, Цагаан, Ногоон, Хүрэн гэсэн Богдын дөрвөн ордон байсан бөгөөд Шар ордон Өндөр гэгээн Занабазарын үед, Цагаан ордон V Богдын үед, Ногоон, Хүрэн ордон VIII Богдын үед баригдсан байна. Үүнээс V Богдын байгуулсан Цагаан ордон нь одоогийн 1 дүгээр цахилгаан станцаас баруун урагш 300 метр зайд байжээ. Уг газарт өдгөө Пирамид Индастри ХХК байдаг.

Энэхүү Богдын үед Их хүрээний нэгэн сонирхолтой нүүдэл тохиосон юм. Дэлгэрүүлбэл, 1836 онд Их хүрээний лам нарын хэсэг Сэлбээс Толгойтын ам руу ойрхон нүүсэн ажээ. V Богдын намтарт Их хүрээний нүүдлийн тухай дурдаагүй ч зарим сүм хийдийг зөөсөн, мөн Баруун хүрээ, Зүүн хүрээ, Гандантэгчинлэн хийдэд залран очсон тухай цөөнгүй удаа давтагдан гарч байгаа нь үүнийг гэрчилнэ. Намтарт бичсэнээр Толгойтод шинэ нүүж очсон Хүрээг Баруун хүрээ, хуучин газартаа үлдсэн зарим сүм хийдийг Зүүн хүрээ гэж тэмдэглэжээ. Зүүн хүрээнд Майдарын дуган, Ригсүмгомбо, Дара эхийн сүм, Цогчин зэрэг сүм дуганууд нүүгээгүй үлдсэн ч хожим Майдарын дуганаас бусдыг Толгойт руу нүүлгэсэн гэлцдэг.

Хуучин Хүрээний төв нь одоогийн 4 дүгээр дэлгүүрийн урдах дөрвөн замын уулзвар газарт байсан Богдын Шар ордноор төвлөж байв. Хүрээний Толгойтын аманд байсан газрыг одоогийн Ханын материалын эцэс буюу Толгойтын тоосгон завод байсан газар гэж үздэг. Уг дэнжээс Туул голын урд, хойно байгуулсан Цагаан ордон, Нархажодын сүм харагддаг байсан гэдэг. V Богдын үед Их хүрээ нь 10 мянга гаруй лам, 26 аймаг, 6 дацантай, мөн Хүрээний орчимд Дамбадаржаа, Шаддивлин, Дашчойнхорлин, Манзушир зэрэг сүм хийдүүд байжээ.

Г.Очбаяр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.