
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн мэдэгдсэнээр Украины зүүн хязгаарт нөхцөл байдал хүнд хэвээрээ байгаа ба ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Донбассын бүс нутаг, Харьков хот руу цохилт өгөхөөр бэлдэж байгаа аж. Түүний хэлж байгаагаар Украины хойд хэсгээр байрлаж байсан Оросын цэргүүд бага багаар ухарч байгаа ба Оросын эрх баригчид Крымийн хойгоос шинээр цэрэг татахаар төлөвлөж байгаа тухай дурдаж, "хөвгүүдээ үхэл рүү илгээхгүй байх"-ыг эцэг эхчүүдэд анхааруулжээ.
ОХУ-ын зүгээс мэдээлснээр Украины байлдааны нисдэг тэрэг Украины хилээс 25 км зайд байрлах Оросын Белгород хотод байрлах түлшний агуулахыг устгажээ. Тэгвэл Украины тал болсон явдалд ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Их Британийн Батлан хамгаалахын яам Белгород дахь түлшний агуулах дэлбэрсэн нь Украины Харьков хотыг бүслээд буй ОХУ-ын зэвсэгт хүчнийхний хувьд сул тал болж, тээврийн асуудалд нь ачаалал үүсгэнэ гэж үзэж байна.
АНУ-ын Батлан хамгаалахын яам Украинд 300 сая ам. долларын үнэ бүхий зэр зэвсэг илгээхээ мэдэгдсэн ба Вашингтон Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэх болно гэдгээ онцолжээ.
Түүнчлэн АНУ нөхцөл байдал хурцдахаас сэргийлж тив хоорондын баллистик пуужингийн туршилтаа цуцалжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдсэнээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэнд бүслэгдсэн Мариуполь боомт хотоос 3000 гаруй иргэдийг гаргаж чаджээ.
Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг Мариуполь хот руу орж чадахгүй байгаа ч энэ бямба гарагт хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг оролдоно гэжээ.
Кремль гадаадын улс орнуудаас байгалийн хий экспортлосныхоо төлбөрийг рублиэр авна гэж мэдэгдсэн ч нийлүүлтээ шууд зогсоохгүй гэдгээ онцолсон байна.
Европын холбооны улс орнууд ОХУ-ын шаардлагын хариуд ямар арга хэмжээ авах тухай тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр байна.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.