Бухимдал бухимдлыг улам дэврээдэг

Twitter Print
2021 оны 04-р сар 08-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Ээж болох хүртлээ нэг л дүрэмтэй амьдарч байлаа. "Би угийн ааштай Чи надтай зохицож амьдар, үгүй бол надаас холд". Омголон ч байж дээ. Гэтэл нэг бяцхан дураараа нөхөр гарч ирсэнээс хойш омголон занг минь амгалан болтол нь өөрчилчих юм гэж хэн санах билээ.

Анх дассан сурсанаараа шууд л уурлачихдаг байлаа. Хэрвээ би ээждээ загнуулбал буруу үйлдлээ ахиж давтахгүйг хичээх байсан биз. Гэхдээ би чинь насанд хүрчихсэн, харин хүү минь ердөө 3-тай шүү дээ. Хүүхэд загнуулсан мөртлөө яг тэр үйлдлээ ахиад л давтдаг. Тэд зүгээр л загнуулсандаа гоморхож уйлдаг ч юу хийснээ ч ойлгож бодохгүй шүү. Харин бид хашраасай гэсэндээ ширүүн ханддаг байх.

Гэхдээ тэд "хашрах" гэсэн үгийн утгыг ч мэдэхгүй гээд бод доо. Өөрийнхөөрөө зүтгэдэг "угийн ааштай" гэсэн хандлага маань хэдийнээ хэрэгжихгүй болсоныг мэдээд би чинь "уур омгоо хэрхэн дарах" арга ухаанд бага багаар суралцаж эхлэв ээ. Надад хамгийн сайн зөвлөгөө өгсөн ном бол Daniel Goleman-ы бичсэн "Emotional Intelligence" юм. Энэ номонд сэтгэл хөдлөлийн үүсэл, мөн чанараас эхлээд амьдрал дээр бидний гаргадаг нийтлэг алдаа, хэрхэн сэтгэл хөдлөлөө жолоодож сурах талаар маш сонирхолтой бичсэн байна билээ.

Эндээс миний амьдралдаа хэрэгжүүлж чадсан нэгэн аргаас хуваалцъя. Тэгэхээр бухимдал бухимдлаа хурцалж байдаг. Өдөр бүр хүүхдээ хараад гэртээ сууна гэдэг өглөөнөөс эхлээд л жижиг жижиг бухимдалтай нүүр тулна. Гэр цэвэрлэж байтал хүүхдүүд чинь нэмж бохирлоод л байдаг. Эхлээд тоглоомоо шидэхэд нь дотроо "за яахав" гээд тэсэж болох юм. Гэхдээ тэвчсэн ч доторх бухимдал хэвээр үлдэнэ. Дараа нь хоолоо идэхгүй гэхэд нь бас л аргадах гэх боловч доторх уур бухимдал өмнөхөөсөө түвшин ахина. Дөнгөж өмсгөөд удаагүй байтал хамаг хувцсаа хоол болгосныг нь хараад бас л бухимдана. Ингэсээр орой болтол энэ бүх бухимдлууд хуралдсаар яг тэсрэх бөмбөг шиг болж байтал нөхөр гэртээ орж ирээд маш жижигхээн алдаа гаргахад шууд л тэсэрч байна уу?

Уг нь яг хөндлөнгөөс өөрийгөө харвал нэг их уурлахаар зүйл биш байдаг. Гэхдээ эхний жижигхэн бухимдал дараагийн бухимдалыг улам дэвэргэж хүндээр тусгана. Уур бухимдал нэмэгдэх бүрт жолоодож барихад хэцүү болсоор эцэстээ өөрийгөө хянах чадвараа алддаг. Энэ үед шууд л амьтан шиг авирлаж оюун ухаанаар биш хүчээр бүхнийг шийдэх гэж оролдоно. Хүчирхийлэл ч үйлдэж мэдэх юм. Тэгэхээр жижиг жижиг бухимдлуудыг тэр дор нь арилгах хэрэгтэй юм байна. Хүн уурлах үед тархи хүчилтөрөгчөөр дутагддаг. Энэ үед маш урт амьсгаа авч тархинд хамгийн түрүүнд хүчилтөрөгчийг нь өгөх хэрэгтэй. Ингэснээр тархи ажиллаж нөхцөл байдлыг "бүрэн ойлгох" түвшинд бодож эхэлнэ.

Хоол хийж байхад хажуунаас чинь жижигхэн гар орж ирээд сүйтгээд байгаа юм шиг санагдав ч сайн бодоод хүүхдээ ойлгох гээд үзвэл тэр танд туслах гээд байгааг мэднэ. Танд туслах гэсэн сэтгэл рүү нь уурлах муухай тийм үү? Ид ажлаа хийж байх үед эхнэр чинь залгавал уурлах гэхээсээ илүү тэр далдыг хардаггүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Ер нь бол энгийн байгаа биз. Жижиг зүйлийг тэсээд зүгээр өнгөрөх биш түүнээс үүдэн гарсан жижиг бухимдлыг үгүй хийх хэрэгтэй. Эхлээд гүнзгий амьсгаа аваад үз. Дараа нь нөхцөл байдлыг "бүрэн ойлгож" эхэлнэ. Тэгээд уурлах гээд үз. Нэгэнтээ ойлгочихсон байхад уурлах нь бараг л боломжгүй юм билээ. Цаашдаа ч сөрөг сэтгэгдэл үлдэж таныг зовоохгүй.

Daniel Goleman "Emotional Intelligence" номын тэмдэглэлээс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.