Нийтийн тээврийн шинэ үйлчилгээг цаашид үргэлжлүүлэх үү?

Twitter Print
2014 оны 08-р сар 30-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобусаар хэдэн удаа ч сэлгэлт хийж зорчихоор болжмаршрутын богино зохион байгуулалтад ороод багагүй хугацааг үдсэн бөгөөд маргааш буюу энэ сарын 31-ныг хүртэл үргэлжлэх юм.

Туршилтын 10 хоногийн хугацаанд судалгаагаар хэрэглэгчийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь өдрийн турш 500 төгрөгөөр явж байгаа нь маш их таалагдаж байгаа хэмээн хариулжээ. Харин чиглэл маршрутын асуудал маш хүнд, олон дамжиж чиглэлийн мэдээлэл маш муу байсан зэрэг нь хэрэглэгчдийн уур бухимдлыг төрүүлж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн иргэдийг чирэгдүүлсэн шийдвэр гаргасан хүмүүст ёс суртахууны хариуцлага тооцох ёстой гэдэг дээр дийлэнх иргэд нэгджээ. 

  Б.Очирбат  /иргэн/ 

Автобусны шинэ чиглэлийн талаар миний хувьд маш их дэмжиж байгаа. Хүн өдөрт 500 төгрөгөөр явахгүй шүү дээ. Дор хаяж холын хүмүүс өдөрт 3000-4000 төгрөг зарцуулдаг. Тэгэхээр нийтийн тээвэрт шинэчлэлт хийсэн энэхүү ажил их зөв гэж бодож байна. Яахав нөгөө талаас чиглэлийн маршрут ойлгомжгүй учраас иргэд бас их бухимдаж автобус удаан хугацаагаар хүлээж байна. Энэ асуудлыг шийдээд өгвөл иргэдтэй ч тэр чирэгдэл учрахгүй амар байх. Миний бодлоор жолооч кондукторуудын хуучин өөрсөддөө авдаг байсан орлого хаагдаад мөнгө идэж чадахаа болиод бухимдахдаа иргэдэд буруу ойлголт өгөхөөс гадна, хүнээ ч авахгүй шууд яваад өгчихөж байна. Урьд нь мөнгөө төлөөд явдаг байхад буудалд удаан хүлээж хүмүүсээ авах гэж улайрдаг байсан. Одоо харин хүмүүс автобусны араас гүйж, хөөцөлдөж байж арай гэж сууж байна. Түүнээс биш автобусны шинэ үйлчилгээг цаашид энэ хэвээр байлгахыг ах нь хувьдаа их дэмжиж байна.

Ж.Үржинханд /иргэн/

Нийтийн тээврийн шинэ үйлчилгээг би хувьдаа дэмжихгүй. Яагаад гэхээр автобусууд буудал дээрээ зогсож хүнээ авахгүй хоосон шахуу холхиж байна. Автобусны жолооч нарын ажилд хяналт тавих шаардлагатай. Миний хувьд хичнээн автобус дамжиж суув. Хүнээс асуух гэхээр надтайгаа таарсан мэдэхгүй хүмүүс л дүүрэн байна. Ганц зах орох гэж 40 минут буудалд хүлээж зогслоо. Ядаж байхад автобусанд кондуктор байхгүй болохоор нүдэн сохор, чих дүлий л явж байна. Эгчийнх нь хувьд өндөр настны билетээр явдаг болохоор үнийн хувьд ойлголтгүй л байна. Ажилтай залуу хүүхдүүдэд энэ асуудал уг нь их хэрэгтэй юм шиг. Над шиг яарч сандарсан хүнд бол чиглэлээ мэдэхгүй хэцүүхэн байна. 

Оюутан 

Нийтийн тээврийн шинэ үйлчилгээнд сэтгэл дундуур байна. Цаашид хэрэгжүүлвэл өдөр бүр автоусаар зорчдог иргэдэд их хэрэгтэй. Миний хувьд оюутан болохоор оюутны визагаа үзүүлээд л үнэгүй зорчино. Гэхдээ нэг эмзэглүүлж байгаа зүйл билетгүй хулгайчид өдөрт хэдэн ч удаа автобусаар зорчиж байгаа нь харамсалтай л юм. Саяхан манай найз шинээр авсан гар утсаа алдчихсан. Тэгээд утсаа алдчихлаа гээд нэг ч хүн буулгахгүйгээр шалгах гэхээр кондуктор байхгүй ёстой хохь нь болоод хоцорсон. Нийтийн тээврийн шинэчлэл хулгайчдыг нэмэгдүүлж, халаасны хулгайчдыг гаршуулж байна гэж бодож байна.

н.Цэцгээ /иргэн/

Уг нь их зөв шийдвэр. Чиглэл маршрутын асуудал болоод олон дамжиж гэртээ харьж байгаа нь иргэдэд их нервитэй байна. Энэ асуудлыг зохицуулаад өмнөх шиг чиглэлтэй явбал их л сайхан байна. Өдөрт 500 төгрөгөөр хэдэн ч удаа гадуур явж ажлаа зохицуулах боломж бүрдэж байгаад баяртай байгаа. Гол нь туршилтын хугацаа гэсэн болохоор ирэх сараас хуучин журмаар явна гэсэн. Тэгэхээр иргэдэд ачаа улам л нэмэгдэх байх даа. 

 

Г.Ганчимэг

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.