НҮБ: Дэлхийн уур амьсгалд гарсан зарим өөрчлөлтүүдийг буцаах боломжгүй

Twitter Print
2021 оны 08-р сар 10-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

 НҮБ-ын олон улсын мэргэжилтнүүдийн баг өнгөрсөн даваа гарагт гаргасан тайландаа дэлхийн уур амьсгалд гарсан зарим өөрчлөлтүүдийг буцаах боломжгүй болсон гэдгийг анхааруулжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш энэ талаар, "Хүлэмжийн хий манай дэлхийн амьсгалыг боож, сая сая иргэдэд аюул заналхийлж байна.

Дэлхийн дулаарал дэлхийн бүх бүс нутгуудад нөлөөлж, уур амьсгалд гарсан өөрчлөлтүүдийн дийлэнхийг нь буцаах боломжгүй болоод байна. Уур амьсгалын сүйрлээс урьдчилан сэргийлэхийн тулд бид шийдэмгий алхам хийх хэрэгтэй байна" хэмээн твиттер хуудаснаа бичжээ.

НҮБ-ын олон улсын мэргэжилтнүүдийн багийн гаргасан тайланд "Дэлхийн уур амьсгалд өнөөдөр гараад буй өөрчлөлтүүдийн дийлэнх нь сүүлийн мянга эсвэл хэдэн зуун мянган жилд тохиож байгаагүй ба зарим өөрчлөлтүүд тэр дундаа далайн усны түвшин нэмэгдэж буй явдлыг зогсоож, буцаах боломжгүй болсон" гэж бичсэн байна.

Түүнчлэн агаарт ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг яаралтай бууруулахгүй бол дэлхийн агаарын дундаж хэм Цельсийн 1.5-2 хэмээр нэмэгдэнэ гэжээ.

Дэлхийн агаарын дундаж хэм Цельсийн 1. 5 хэмээр нэмэгдэхэд цаг агаарын хэт халалтын үзэгдлийн давтамж нэмэгдэж, дулааны улирал уртасч, хүйтний улирал богиносох бол агаарын хэм Цельсийн 2 хэмээр нэмэгдэхэд цаг агаарын хэт халалт хүмүүсийн эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт ноцтой аюул учруулах хэмжээнд хүрэх аж.

Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн бүх газар нутагт нөлөөлж байгааг онцолж, ирэх 10 жилүүдэд энэ нь бүр илүү мэдрэгдэх болно гэдгийг анхааруулжээ.

Түүнээс гадна дэлхийн агаарын дундаж хэм нэмэгдсэнээр үерийн гамшгийн давтамж нэмэгдэж, дэлхийн мөсөн бүрхүүл хайлж, тэнгис далайн орчин өөрчлөгдөх аж.

Эрдэмтэд хүний үйл ажиллагаа нь маргаангүй дэлхийн дулаарлын гол шалтгаан гэдгийг онцолж, агаарт ялгарах хүлэмжийн хийнүүдийн хэмжээг яаралтай бууруулж чадвал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хүчтэй илрэхээс сэргийлж чадна гэжээ.

Эх сурвалж: https://www.interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.