Түрээсийн гэрээнд анхаарах зүйлс

Twitter Print
2020 оны 06-р сар 24-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

• Орон сууц, оффис, ажлын байр гээд бүх төрлийн түрээсийн гэрээнд Монгол Улсын Иргэний хуулийн Түрээсийн гэрээний зохицуулалтаас гадна Эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт давхар үйлчилнэ.

• Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

• Аливаа нөхцөл байдлаас шалтгаалан гэрээгээ цуцлах гэж байгаа бол нөгөө талдаа заавал мэдэгдэнэ. Энэ мэдэгдэх хугацааг гэрээнд зааж болно, гэрээнд заагаагүй бол гэрээг цуцлах хугацаа 3 сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно. Өөрөөр хэлбэл гэрээнд цуцлах хугацаа заагаагүй, мөн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол гэрээг цуцлахаасаа өмнө 3 сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэнэ.

• Гэрээг цуцлах тухай мэдэгдсэнээс хойш, нөгөө тал нэмэлт хугацаа тогтоогоогүй, үүргээ биелүүлээгүй хэвээрээ байвал гэрээг цуцалж, цуцлагдсанаас үүссэн хохирлоо нэхэмжилж, шүүхэд хандаж болно. Ингэхдээ дээр дурдсан хугацааг баримтлах бөгөөд түрээслэгчийг түрээсээ төлж чадахгүй, санхүүгийн хүнд нөхцөл байдалд байгааг нь мэдсээр байж, олон сарын дараа гэрээгээ цуцалж, удаан хугацааны түрээсийн төлбөр нэхэмжлэх нь зохисгүй, шүүх ч мөн ийм нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхгүй.

• Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно.

• Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал үүсвэл урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал тохиолдсоныг МҮХАҮТ-аас авсан гэрчилгээ болон бусад үйл баримтаар нотлох ёстой.

• Аливаа гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх 6 сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно.

Хуульч, өмгөөлөгч П.Анударь

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.