Болдоггүй Бор өвгөн

Twitter Print
2018 оны 06-р сар 07-нд 18:28 цагт
Мэдээний зураг,

Эрт урьд цагт Болдоггүй Бор өвгөн гэж нэг өвгөн байж гэнэ. Энэ өвгөн долооон бор хоньтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой юм гэнэ. Болдоггүй Бор өвгөн Болзоотын бор толгойн тэнд овоохой бариад суудаг байжээ. Болзоотын бор толгойд долоон бор хонио хариулдаг байжээ. Нисдэг бор морио гэрийнхээ баруун талд уядаг, нисдэггүй бор морио зүүн талдаа аргамждаг байжээ.

Болдоггүй Бор өвгөн: “Хув бор хониноос минь хундан цагаан хурга гараасай, Хурмаст тэнгэрээ тахих юмсан” гэж бодож явдаг байжээ. Тэгж байтал хув бор хониноос нь хундан цагаан хурга гарсанд Хурмаст тэнгэрээ тахина гэж баярлаад хурганы уутанд хийж хээр тавиад хонио буцаагаад ирсэн чинь Хурмастын хон хэрээ нисч ирээд хурганых нь нүдийг ухчихсан байж гэнэ. Болдоггүй Бор өвгөн уурлаж, нисдэг бор морио унаж, нисч очоод хон хэрээний эвэр хошуугий нь аваад модон хошуу хийгээд тавьчихаж гэнэ.

Гэтэл Хурмаст тэнгэр “Хон хэрээний минь хошууг солилоо” гэж уурлаад хоёр чонороо нисдэг бор морийг идүүлэхээр явуулж гэнэ. Үүнийг Болдоггүй Бор өвгөн мэдээд нисдэг бор морио зүүн талдаа, нисдэггүй бор морио баруун талдаа солиод аргамжиж гэнэ. Хурмаст хааны хоёр чоно ирээд нисдэггүй бор морийг нь идчихээд явчихаж гэнэ. Болдоггүй Бор өвгөн нисдэг бор морио унаж хөөж очоод хоёр чонын арьсыг өвчөөд хоншоорт нь унжуулаад тавьчихаж гэнэ. Тэгэхлээр Хан Хурмастаас Болдоггүй Бор өвгөнийг даруулахаар Мичид толгойт, Марал толгойт хоёр чөтгөрөө явуулж гэнэ.

Болдоггүй Бор өвгөн хоёр чөтгөрийг ирэхэд тогоо дүүрэн адууны сэвс буцалгаж байжээ. Хоёр чөтгөр ирээд ханын нүдээр шагайхад нь халуун сэвс цацаад нүүр амыг нь шалзлаад явуулж гэнэ. Хан хурмаст уурлаж, Болдоггүй Бор өвгөнийг хоёр луугаараа ниргүүлэхээр явуулжээ. Болдоггүй Бор өвгөн үүнийг мэдэж Болзоотын бор толгойд хонио хариулж явснаа бор хурган дах, боролж шарилжаар мануухай босгочихоод гэнэт холдоод өөр газар яваад өгчээ.

Хоёр луу Болзоотын бор толгойг бор нүүрс болтол нь ниргээд явчихжээ. Болдоггүй Бор өвгөн нисдэг бор морио унаж нисч хөөж очоод хоёр лууны сүүлийг тас цавчаад явуулчихжээ.

Хан Хурмаст уурлаж, “Болдоггүй Бор өвгөнийг цаазаар авна” гэж элчээр дуудуулсанд өвгөн Хурмаст хааныд очжээ. Хан Хурмаст:
-Чи яагаад хэрээний минь эвэр хошууг модон хошуугаар сольсон? гэж асууж гэнэ.
-Хув бор хониноос минь хундан цагаан хурга гарвал Хурмаст тэнгэрээ тахих юмсан гэж бодож явтал хув бор хониноос минь хундан цагаан хурга гарахаар нь Хурмаст тэнгэрээ тахина гэж баярлаж байтал хон хэрээ нисч ирээд хоёр нүдийг нь ухчихаад явчихлаа. Тэгэхлээр нь би уурлаж хэрээний хошууг авсан гэж хэлжээ.

-Тэгвэл тэр чиний зөв. Харин яах гэж хоёр чонын минь арьсыг хоншоорт нь унжуулж тавив? гэж Хурмаст асууж гэнэ.
-Та нисдэг бор морийг минь идээр ир гэсэн үү? Нисдэггүй бор морийг минь идээд ир гэсэн үү? гэж Хурмастаас өвгөн асууж гэнэ.
-Нисдэг бор морийг ид гэж явуулсан юм!
-Тэгвэл тэр хоёр чоно чинь нисдэггүй бор морийг минь идчихээр нь би уурлаад арьсыг хоншоорт нь чиргүүлээд тавьсан гэж гэнэ.

-Тэгвэл тэр чиний зөв. Харин яагаад хоёр чөтгөрийн минь нүүрийг шалз булз түлэв? Гэхлээр нь өвгөн:
-Та Болдоггүй Бор өвгөнийг хорлоод ир гэсэн үү? Бор овоохойгий минь цоолоод ир гэсэн үү? гэж асуув.
-Болдоггүй Бор өвгөнийг хорлоод ир гэсэн! гэв.
-Болдоггүй Бор өвгөнийг хорлохын оронд бор овоохойгий минь цоолоод ураад байхаар нь би нүүрийг нь түлсэн гэжээ.
-Харин өвгөн чи миний хоёр лууны сүүлийг яагаад тас цавчсан билээ? гэж Хан Хурмаст асуув.
-Болдоггүй Бор өвгөнийг хорлоод ир гэсэн үү? Болзоотын бор толгойг ниргээд ир гэсэн үү? гэж өвгөн асуув.
-Болдоггүй Бор өвгөнийг ниргээд ир гэсэн! гэж.

-Тэгвэл Болдоггүй Бор өвгөнийг ниргэхийн оронд Болзоотын бор толгойг бор нүүрс болтол ниргэхээр нь би хоёр лууны сүүлийг тас цавчсан гэв.
Хурмаст хаан:
-Тэгвэл тэр чиний зөв гэжээ.
Ингээд Болдоггүй Бор өвгөн долоон бор хоньтойгоо, нисдэг бор морьтойгоо амар сайхан жаргажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.