Ингэхэд та хаана амьдарч явна?

Twitter Print
2020 оны 11-р сар 11-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Оросын нэгэн алдарт жүжигчин од болоод удаагүй байхдаа аялан тоглолтоор явсан тухайгаа бидэнд ярьж өгсөн юм:

Гадаадын нэгэн улсад. Зочид буудалд. Хаалгач өрөөний түлхүүр хүлээлгэн өгч гэнэ. Тэгээд өрөөг нь зааж өгөөд хаалгыг нь нээж үзүүлэв. Жижигхэн өрөөнд ганц ор, хувцасны шүүгээ, ариун цэврийн өрөөнөөс өөр юм байсангүй. Гэсэн ч жүжигчин залууд давгүй санагдаж гэнэ... өчигдөрхөн л оюутан явсан тэрээр од болсноо гүйцэд ухамсарлаагүй явж л дээ. Ачаа гэх юм бараг байгаагүй тул жижэгхэн өрөөнд байрлах нь түүнд асуудалгүй байж. Ганц л зүйл сэтгэлийг гонсойлгож гэнэ. Юу вэ гэвэл өрөөнд нь цонх байсангүй. За яахав... ямар олон хоног байрлах биш. Мань залуу буудалд долоо хонохдоо үүрээр шахуу гарч яваад шөнө дунд орж ирдэг байж. Гаднаас ирэх тоолонд нь буудлын ажилчид түүнийг нэг л сонин хараад байдаг байж. Сонин гэхээсээ илүү гайхаж алмайрсан харцаар гэх нь илүү оновчтой юм байна (жүжигчний хэлснээр).

Нэг өдөр буудлаас гарч явах замдаа тэрээр өрөөний үйлчлэгч эмэгтэйтэй таарч гэнэ. Цаадах нь хоёр гараа алдалж ирээд “Биг! Биг!” гээд л байж. Жүжигчин залуу маань хариуд нь “Сенкью” гэж шивнээд бушуухан гараад явж. Тэр үед тэрээр англи хэл огт мэддэггүй байж. Буудлаас гарах өдөр болж мань залуу өрөөгөө хүлээлгэж өгөхөөр хаалгач, өрөөний үйлчлэгч хоёрыг дуудуулжээ. Цаадуул нь ч эелдэгээр инэмсэглэсээр өрөөнд нь ороод ирж гэнэ. Тэгээд нэгэн гайхалтай зүйл болж... хаалгач хувцасны шүүгээний хаалгыг нээгээд... дотор нь яваад орчихов гэнэ. Жүжигчин залуу маань буудалд долоо хонохдоо том цонхтой саруулхан люкс өрөөний үүдэн хэсэгт амьдраад байсан байж... өөрөө ч мэдэлгүй.

Үүдний жижиг өрөөнөөс илүү саруулхан, илүү тохилог өрөөнд байрлах учиртай гэх бодол толгойд нь даанч орж ирээгүй аж. Тэрээр дээр нь сууж гутал солих зориулалттай урт вандан дээр унтаж, гар тээшэндээ хийж ирсэн хоёр ноосон цамцаа ч хувцасны шүүгээнд өлгөөгүй байж. Яах юм... ямар үрчийх биш. Хувцасны шүгээний цаана юу байсныг үзээд жүжигчин залуу тэсэлгүй инээж байснаа төдөлгүй уйлж гэнэ. Тэрээр тав тухтай өрөөнд амьдрах сайхан боломжоо алдсандаа харамсаж, сэтгэл нь ямар өчүүхэн зүйлд “цадсаныг” бодохоос хөх инээд нь хүрсэн нь тэр байж. Амьдралаас ямагт илүү ихийг, илүү сайхныг хүсэж мөрөөдөх ёстойгоо тэрээр мэдээгүй явж.

Энэ түүхийг сонсоод би өөрийн эрхгүй “Хичнээн олон хүн яг хажууд нь, хаалганы ард бүхэл бүтэн ертөнц оршиж буйг таамаглах ч үгүй өдөр хоногийг үүдний өрөөнд өнгөрүүлж яваа бол?” гэж бодлоо. Бид байгаадаа ханаж илүүг эрж хайж, энэ тэр үүд хаалгыг татахаа больж. Бид амьдралаас юу хүсээд байгаагаа ч мэдэхээ байж. Ямар ч эрэл хайгуул, ямар ч тэмцэлгүй... нэгэн хэмнэлээр урсаад л... Гэтэл бид мөрөөдлийнхөө өөд байдаг чадлаараа сэлж ч болно, сэлүүрдэж ч болно. Байгаадаа баярлаж явах нь зөв... гэхдээ энэ нь илүү ихийг, илүү сайхныг бүү хүс гэсэн үг огт биш. Амьдрал гэдэг бол тэр чигээрээ оньсого. Хариултыг олохын тулд өмнөө байгаа бүх хаалга үүдийг татаж үзэх л хэрэгтэй. Нэгнийх нь цаана түлхүүр байж л таараа... дараачийн хаалгыг нээх түлхүүр.

- Ольга Савельева

СП сайтаас орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.