ЦЕГ-ын дарга С.Баатаржавд тэргүүн комиссар цол олголоо

Twitter Print
2014 оны 08-р сар 29-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр ЦЕГ-ын дарга С. Баатаржавт тэргүүн комиссар цол олгох ёслол ЦЕГ-ын төв байранд болж өндөрлөлөө. Энэ үеэр С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилох тухай Засгийн газрын тогтоол, Тэргүүн комиссар цол олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг уншиж танилцуулсан юм. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин түүнд тэргүүн комиссар цолыг нь гардуулан өглөө.

Монгол улсын засгийн газрын тогтоол

2014.08.28-ны өдөр                                     Дугаар 269.                                               Улаанбаатар хот.

Ажилд томилох тухай

Цагдаагийн албаны тухай хуулийн 18-р зүйлийн 18.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын засгийн газраас тогтоох нь:

1. Сайннямбуугийн Баатаржавыг Засгийн газрын тохируулагч агентлаг ЦЕГ-ын даргаар томилсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан засгийн газрын 2014.08.14-ний өдрийн 258-р тогтоолын хоёр дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамж                                                                                            2014.08.28

Цол олгох тухай

Засгийн газрын тухайн хуулийн 30-р зүйлийн 30.1 дэх хэсэг,  Цагдаагийн албаны тухай хуулийн 35-р зүлийн 35.1, 34.1 дэхзаалтыг үндэслэн тус тус захирамжлах нь: Засгийн газрын тохируулагч агентлаг ЦЕГ-ын дарга С.Баатаржавд албан тушаалын Тэргүүн комиссар цол олгосугай.

  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ

ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар С.Баатаржав: Соёлтой харьцаа сахилга ёс зүйг эрхэмлэн ажиллахаа илтгэж байна

-"Юуны өмнө өндөр итгэл найдвар хүлээлгэж, хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Төрийн хүлээлгэсэн энэ хариуцлагатай үүргийг гүйцэтгэхдээ иргэдийнхээ өмнө тангарагтаа үнэнч байж, төрийн хуулийг дээдлэн сахиж, эрх зүйн болон цагдаагийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хуулийн засаглал, ухаалаг төрийн зарчим, төрийн болон албан тушаалтаны хариуцлага хүлээлгэх тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэн бэхжүүлэхэд цагдаагийн алба хаагчид идэвхи, санаачлагатай оролцож ажиллана.

Цагдаагийн байгууллага нь иргэндээ үйлчилсэн, хууль ёсыг дээдлэн хүндэтгэсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байж, соёлтой харьцаа сахилга ёс зүйг эрхэмлэн ажиллахаа иргэд, олон нийтдээ илтгэж байна. Монгол төрийн мэлмий бат орших болтугай."

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.