"Орчлон" сургууль олон улсад нийцсэн цогцолбортой боллоо

Twitter Print
2014 оны 09-р сар 01-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

-Энэхүү цогцолбор нь М Си Эс группын 20 жилийн ойн хүрээнд нийгмийн салбарт хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг юм-

Кембрижийн хөтөлбөрийг Монголд анх нэвтрүүлсэн “Орчлон” олон улсын сургууль 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг угтан, 1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн цогцолбороо өчигдөр нээлээ. Тус цогцолбор нь цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нас, биеийн онцлог, физиологи, эрүүл ахуйн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, тусгай зориулалтын анги танхим, иж бүрэн тоноглосон лаборатори, 50 метр урттай гурван зам бүхий усан сан, спорт заал, хоолны танхимтай. Мөн хүүхдүүдэд урлаг, гоо зүйн боловсрол олгохоор 250 хүүхдийн суудалтай “Урлаг” театр байгуулсан нь сонирхол татлаа. 

Кембрижийн хөтөлбөрийг илүү олон хүүхдэд хүргэх, олон улсын стандартад нийцсэн сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор байгуулсан энэхүү цогцолборын нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож, “Орчлон” цогцолбор сургуулийн хамт олонд хүүхэд бүрийг хөгжүүлдэг, сурагч шавь нараа дэлхийн хүн болгон төлөвшүүлж буй их үйлст нь амжилт хүсэн, тус сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн багачуудад арвин их эрдэм өвөртлөхийг захилаа.

“Орчлон” цогцолбор сургуулийн ерөнхий захирал Т.Батмөнх сургуулийнхаа шинэ байрыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү цогцолбор нь “М Си Эс” группын 20 жилийн ойн хүрээнд нийгмийн салбарт хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг юм. 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан энэхүү цогцолборыг “М Си Эс Проперти” компанийн захилгаар “Суруга” компани богино хугацаанд нь барьж хүлээлгэн өглөө. Бие даан амьдрах арга ухаантай, хүмүүнлэг сэтгэлтэй, багаар хамтран ажиллах чадвартай, өв тэгш иргэдийг хүмүүжүүлэхээр бид хичээн ажиллаж байна. Манай сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөрийг бага боловсролоос нь эхлэн ахлах сургууль хүртэл нь босоо тогтолцоонд амжилттай хэрэгжүүлээд долоо дахь жилтэйгээ золгож байна. “Орчлон” сургууль маань хос хэлтэй сургуулийн загвар болж, үндэсний боловсролын суурийг олон улсын боловсролын шилдэг технологи, арга зүйгээр баяжуулан олгож, сурагчид маань боловсролын түвшингээ олон улсын хэмжээнд баталгаажуулж ирлээ” хэмээн онцлов.

Тус цогцолбор нь бас “Монтессори” цэцэрлэгтэй. 3-5 насны багачуудыг хөгжүүлэхдээ Италийн алдарт сурган хүмүүжүүлэгч Мария Монтессорийн онолыг баримтлан ажилладаг ажээ. Бага насны хүүхдийг шинжлэх ухааны аргаар хүмүүжүүлэхэд амьдралынхаа 54 жилийг зориулсан Мария Монтессори хүүхдийн далд нуугдмал чадвар, авьяасыг нээн хөгжүүлэх цогц арга боловсруулж, түүнийгээ байгалийн хууль гэж тодотгосон байдаг. Энэ онцлог, давуу талынх нь талаар “Орчлон” цогцолборын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан захирал Д.Банзрагчмаагаас тодруулахад “Хүүхэд өөрөө бүхнийг сурч, алдаагаа өөрөө засаж, бие дааж сурдаг. Сурах, өөрийгөө хөгжүүлэх арга барилыг багаасаа эзэмшинэ гэсэн үг. Ийм чадвартай хүүхэд хаа ч алзахгүй. Шинэ цогцолбортой болсноор цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох анги танхим, агаар гээд бүх зүйл улам сайхан болсон. Манайх нэг бүлэгт 25 хүүхэд авдаг. Бусад цэцэрлэгтэй харьцуулахад манай цэцэрлэгийн хүүхдүүд уншиж, бичиж, тоо бодож, англиар ярьж сурдаг учраас эцэг эхчүүд нь ч дуртай байдаг. Цэцэрлэг гэхээсээ илүү сургуулийн өмнөх боловсролын байгууллага гэдэг талаа манайх илүү баримтлан ажилладаг. Малайз, Сингапур гэх мэт гадаадын өндөр хөгжилтэй орны цэцэрлэгийн хүүхдүүдтэй адил түвшний боловсрол, мэдлэг, чадвартай болгодог” гэж танилцууллаа.

Энэ цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн багачууд “Орчлон” сургуульд шалгалтгүйгээр шууд ордог. Тавдугаар ангиа төгсөөд хөндлөнгийн сорилтод орж, мэдлэг чадвараа шалгуулаад олон улсын бага боловсролын, наймдугаар анги төгсөөд суурь боловсролын гэрчилгээ авна. 9-10 дугаар ангидаа олон улсын бүрэн дунд боловсролын хөтөлбөр, 11-12 дугаар ангидаа Кембрижийн олон улсын А левелийн хөтөлбөрөөр хичээллэж, Монголын болон дэлхийн шилдэг их сургуулиудад шууд элсэн суралцах бэлтгэлтэй болдог давуу талтай. 

Энэ талаар “Орчлон” сургуулийн бага боловсрол хариуцсан захирал, Монгол Улсын гавьяат багш Б.Сурмаажаваас тодрууллаа. 

-Шинэ цогцолбортой болсноор танай сургуулийн хүчин чадал хэр нэмэгдэж байгаа вэ?

-2010 оны гуравдугаар сард Кембрижийн олон улсын төвөөс манай сургуулийг шалгалтын үр дүнд үндэслэж, олон улсын сургууль болгосон. Ийм учраас бид олон улсын сургалтын стандартад нийцсэн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаад энэ хичээлийн жилд 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ийм сайхан орчин бүрдүүллээ. Энэ нь манай сургуульд сурахыг хүсэж байгаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн. Шинэ байртай болсноор сургуулийн хүчин чадал 30 хувиар, цэцэрлэгийн хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ. 

-Ажлын байр ч бас нэмэгдсэн байх, тийм үү?

-50 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа.

-Гадаадын ямар ямар орны багш нар танай сургуульд багшилдаг вэ?

-Манай сургуулийн нийт багш нарын 20 гаруй хувь нь гадаад. Англи, Америк, Малайз, Тайвань, Хятад, Австрали, Филиппин, Канад, Энэтхэг, Серб зэрэг орны мэргэжилтэн багш нар ажилладаг.

-Танай сургуульд сурсан сурагч ямар чадвартай болоод төгсдөг вэ?

-Манай сургуулийн уриа бол Дэлхийн монгол иргэнийг бэлтгэх. Өөрөөр хэлбэл, хавтгайрч байгаа нийгэмд дэлхийн аль ч өнцөг буланд очоод амжилттай суралцах, хүссэн мэргэжлээ эзэмших чадвартай дэлхийн хэмжээний иргэнийг бэлтгэдэг. Манай төгсөгчдийн 65-75 хувь нь АНУ, Англи, Япон, Тайвань, Хонконг, ОХУ, Сингапур, Хятад, БНСУ, Герман зэрэг дэлхийн олон улсын нэр хүндтэй их сургуульд суралцаж байна. Оюуны өндөр чадвартай, авьяаслаг, хөдөлмөрч сурагчдадаа тэтгэлэгт хөтөлбөр олгодог.

 

Х.БОЛОР

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.