
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн лхагва гарагт Европын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Швед болон Финлянд улстай шинээр аюулгүй байдлын гэрээ байгуулжээ.
Ерөнхий сайд Борис Жонсон Финляндын нийслэл Хельсинки хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр уг гэрээ нь "Батлан хамгаалахын болон аюулгүй байдлын хамтын ажиллагаанд хийгдэж буй үе шаттай өөрчлөлтийн нэг хэсэг бөгөөд гэрээ байгуулсан талуудын аль нэг нь гамшигт эсвэл гадны халдлагад өртсөн тохиолдолд талууд бие биедээ тусламж дэмжлэг үзүүлэх ба үүнд цэрэг, зэр зэвсгийн тусламж багтана." гэдгийг онцолжээ.
ОХУ Украин руу довтолсноос хойш ОХУ-ын хөрш Финлянд мөн Шведэд үндэсний аюулгүй байдлаа хамгаалах тухай асуудал яригдах болсон билээ. Үүнтэй холбоотойгоор дээрх хоёр улс хоёулаа НАТО-д элсэх хүсэлт тавьсан ба хүсэлтийг нь НАТО түргэн хугацаанд шийднэ гэж найдаж байна.
Финлянд улс НАТО-д элссэнээрээ ОХУ-ыг өдөөн хатгаж байгаа эсэх асуултанд Финляндын Ерөнхийлөгч Саули Нийнисто болж буй үйл явдалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрөө буруутай хэмээн мэдэгджээ.
Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг АНУ болон ХБНГУ дэмжиж буйгаа илэрхийлсэн ба Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон Украинд болж буй дайн улс орнуудыг хүнд хэцүү шийдвэр гаргахад хүргэж байна хэмээн тусгаар тогтносон орнууд ямар нэг гадны нөлөөнд авталгүйгээр, сүрдүүлэг заналхийлэллээс үл айн шийдвэр гаргах эрхтэй болохыг онцолжээ.
Их Британи Финлянд, Шведтэй аюулгүй байдлын гэрээ хийснээр талуудын хоорондоо тагнуулын мэдээллээ солилцох явдал идэвхжиж, цэргийн хамтарсан хээрийн сургуулилтын тоо нь нэмэгдэнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.